horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Bitcoin-ы ханш анх удаа 80 мянган ам.долларын босгыг давлаа

post-img

Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсны дараагаар Bitcoin-ы ханш өсөж, түүхэндээ байгаагүй өндөр үнэд хүрээд байна.

Bitcoin-ы ханш өсөж, түүхэндээ анх удаа 80,000 ам.долларын босгыг даваад байна. Bitcoin-ы ханш зөвхөн энэ жил гэхэд л 80 гаруй хувиар өсөөд байгаа юм. 

АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа Д.Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр АНУ-ыг “дэлхийн криптовалютын нийслэл” болгоно гэсэн амлалтыг өгч байсан юм.

Д.Трампын сонгуулийн ялалтаас гадна Бүгд найрамдах нам Сенатад ялалт байгуулан олонх болж, мөн тус нам хараахан сонгуулийн дүн нь гараагүй байгаа Төлөөлөгчдийн танхимд олонх болох магадлал өндөр байгаатай холбоотойгоор ийнхүү хамгийн том криптовалютын ханш шинэ түүхэн дээд хэмжээнд хүрч өсөөд байна.

Зөвхөн Bitcoin ч гэлтгүй dogecoin гэх зэрэг бусад криптовалютууд ч дагаад өсөж байна. Dogecoin бол энэ удаагийн сонгуульд Трампыг дэмжин оролцсон Элон Маскын сурталчилдаг криптовалют юм.

Дональд Трамп мөн ерөнхийлөгчийн албандаа орсны дараа хамгийн түрүүнд хийх ажлынхаа тоонд АНУ-ын санхүүгийн зохицуулах байгууллага болох Үнэт цаас, биржийн хорооны одоогийн тэргүүн Гари Генслерыг албан тушаалаас нь чөлөөлнө гэдгээ хэлж байсан удаатай. 2021 онд ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар тус хорооны даргаар томилогдож байсан Гари Генслер Үнэт цаас, биржийн хорооны зүгээс эхлүүлсэн криптовалютын эсрэг “дайн”-ыг удирдан явуулсан хүн билээ. 

16
0/1000