Хаа сайгүй ханиалгаж найтаасан, түгжрэлдээ гацсан, утаандаа угаартсан миний Улаанбаатарын иргэд. Намрын намарт хүүхэдтэйгээ шалаар зулах ээжүүд, эмийн сангаас ханиадны эм сураглах хүмүүс. Намар бий болж, хавар алга болдог мөнхийн үзэгдэл. Яг л нүүдлийн шувууд шиг. “Томууны улирал эхэллээ. Эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна” гэж сайд, дарга нар хуралдана. Ярихаас өөрийг хийдэггүй эрх баригчид аливаа асуудлыг мөнгө болгож л харахаас биш, гарц хайж, шийдэж гийгүүлсэнгүй. Хүүхэд сонгуулиар санал өгдөггүй болохоор тэр үү?
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 орчим хувь нь 1-15 насны хүүхдүүд байна. Түүний 50-60 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд аж. Уушгины хатгаа авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 90 орчим хувь нь 15 хүртэлх насныхан. Тэдний 60-70 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна гэж ХӨСҮТ мэдээллээ.
Хүйтний улирал дөнгөж л эхэлж байна. Гэтэл манай улсад томуу туссан хүн нэмэгдэж, эмнэлгийн ачаалал, ор хөнжлийн хүрэлцээ яригдаж эхэллээ. Өвөл болох нь ойлгомжтой. Ханиад томуу жил болгон л ихэсдэг. Гэтэл яагаад ор хөнжлийн хүрэлцээ, эмнэлгийн ачааллаа жил болгон ярьсаар байна вэ? Үнэхээр ямар ч шийдэл олохгүй байна уу. Эсвэл өвлийг аргацааж өнгөрөөсөөр сурчхав уу?
Эмнэлгийн ажилчид хамаг л аргаа барж, нөөцөд байсан хэдэн ороо нэмж дэлгэсэн ч ор, өрөө хүрэлцэхгүй байгаа аж. Тухайлбал: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг өвчиндөө шаналан уйлагнах багачууд, хүүхдээ тайтгаруулах гээд аргаа барсан ээжүүдээр дүүрч, шалаар ор дэлгэжээ. Үүнээс үзвэл энэ жил ч гэсэн эмнэлгүүд хүүхдүүдийг шалаар хөглөрүүлж, тасагт чихэлдүүлэн байж эмчлэх шинжтэй. Гурван сая гаруйхан хүн амтай, жилд 70 сая тонн нүүрс зардаг мөртлөө улсынхаа нийслэлийн агаар, хөрсийг дээд зэргээр бохирдуулж, хүүхдүүдээ ханиаданд бариулсан нь өрөвдөлтэй.
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ажлын өдрүүдэд 100-150, амралтын өдрүүдэд 200-300 хүүхэд үзүүлж байна. Гэтэл тус эмнэлэг 130 хүүхэд хүлээн авах бололцоотой. Томуугийн тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор 80 ор нэмж дэлгэжээ. Гэсэн хэдий ч хэвтүүлэн эмчлэх шаардлагатай хүүхдүүдэд хүрэлцэхгүй байгааг тус эмнэлгийнхэн учирлав. Ачааллаас болоод одоо 1 сувилагч 60 хүүхдэд эмчилгээ хийх шаардлага үүсжээ. Хүйтний улирал эхлэв үү, үгүй юү энэ эмнэлгийн ачаалал 80 хувиар нэмэгджээ. Хүүхэд ханиад хүрвэл эцэг, эхийнх нь, шалан дээр хэвтүүлбэл эмч, эмнэлгийн буруу мэт. Үнэндээ цэвэрхэн агаартай, цэмцгэр хотын хүүхдүүд ингэж ханиаданд дарлуулж, тарианд ордоггүй. Агаар нь бохир, хөрс нь заваан байгаа учраас л Улаанбаатарын хүүхдүүд ханиаднаас салахгүй, харшлаас ангижрахгүй байгаа билээ. Эрх баригчид нь унхиагүй, тэднийг сонгосон сонгогчид нь урагшгүй байгаа болохоор Улаанбаатарын хүүхдүүд ханиаданд дөрлүүлж, эмнэлгийн шалан дээр хэвтэж байгаа.
Сонгуулиар гэрт орж ирээд, хог шүүрдэж өгөх нь халаг байсан улстөрчид одоо алга. Шалан дээр хэвтэж байгаа ээжүүдийг, цагийн тариандаа чарлах багачуудыг харахаар өр өвдөнө. Дараа жил энэ үзэгдэл дахиад давтагдана. Тэгж л байдаг юм гээд тоохгүй явсаар байх гэж үү? Сонгуулиар санал өгдөггүй учир хүүхдүүд шалан дээр хэвтэж, хүйтэн хөнжилд халуурч хонох ёстой юу?