Улсын Их хурлын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
———————————————————————
-Ирэх оны төсвийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд баталчихлаа. Гишүүд, сайд нарын дунд болон, нийгэмд төсөвтэй холбоотой зарим зүйл заалт дээр нэлээд маргаан өрнөлөө. Таны хувьд төсөв өргөн баригдсан цагаас хойш ямар байр суурьтай явж байсан бэ?
-Урсгал зардал, бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ гэж тавигдсан багц том зардлуудаасаа тана. Тоног төхөөрөмжийн зардал асар их өссөн байсан, үүнийг бас тана. Эсвэл зүйл заалт бүрээр нь тодорхой, ойлгомжтой гаргаж тавь. Тэгэхгүй бол зардал чинь хэтэрхий томорчихсон байна шүү гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн. Засгийн газар эдийн засгаа тэлье, орлогоо нэмэгдүүлье гэдэг зорилгоор том төслүүдээ явуулъя гэж байгаа. Тэр дундаа ирэх жил хэрэгжүүлэх Тавантолгойн төмөр замын төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг мөнгө орж ирэх том төслүүдийг нь дэмжсэн. Мөн том төслүүдийн хажуугаар орж ирсэн Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх том шийдлүүдийг нь дэмжиж байгаа. Гэхдээ эдгээр том төсөл, арга хэмжээнүүдийн хөрөнгө оруулалт гацвал эрсдэл үүснэ шүү гэж…
-Ямар эрсдэл үүснэ гэж…?
-Хамгийн түрүүнд бид ханшаа алдана. Ханшаа алдвал юанийн үнэ өснө. Энэ нь Монгол Улсын хувьд маш том асуудлыг үүсгэнэ. Асуудлаа шийдэхийн тулд төсвийг тодотгохоос өөр аргагүй байдалд хүрнэ шүү гэх мэт байр суурийг илэрхийлж ирсэн.
-Төсвийн хувьд зарим гишүүд орон нутагтаа төсөв тавиулах гэж зүтгэлээ. Таны хувьд орон нутгаас сонгогдсон гишүүн. Тэр утгаараа энэ асуудал дээр ямар байр суурьтай байсан бэ?
-Анхнаас нь хэлж л байсан. Юу гэхээр орон нутаг руу төсөв огт тавихгүй байна гэдгийг. Нийт төсөв маань үндсэндээ томоохон замын бүтээн байгуулалт руу орж байх шиг байна. Ирэх оны төсөвт орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдэд нэн шаардлагатай байгаа арга хэмжээн дээр төсөв суусан зүйл алга. Ер нь яагаад тойрогт төсөв тавьж болохгүй гэж. Зөвхөн Улаанбаатар хотод төсөв тавигдах ёстой юм уу. Үүний цаана маш том бодлогын асуудал хөндөгдөж байгаа юм. Юу гэхээр бид зөвхөн Улаанбаатар хот руу хөрөнгө оруулалт хийгээд байвал энэ хот улам л гоё болоод байна гэсэн үг, мөн үү. Гоё болж байгаа нь сайн ч гоё болох тусам Улаанбаатар хот руу татагдах хүсэл, сонирхол тэр чинээгээрээ нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төвлөрлөө дийлэхээ байчихсан хотын ачаалал улам л ихэснэ. Ихсэх тусам түгжрэл, утааны асуудал шийдэгдэхгүй. Дээр нь эрчим хүчний хүрэлцээ, хүртээмж асар хумигдана. Тиймээс л бид энэ төвлөрлийг тараая, бусад хотуудаа хөгжүүлье, орон нутгийг бодлогоор дэмжье гэж байгаа шүү дээ. Тэгэхийн тулд л бүсчилсэн хөгжлийн бодлого яригдсан, хэрэгжсэн.
-Тэгэхээр зөвхөн Улаанбаатар хотод л төсвөө тавих бус тойргуудад ч адилхан тараах ёстой гэсэн үг үү?
-Юу гэхээр Улаанбаатар хот шиг Дархан хотыг улам гоё болгох хэрэгтэй. Гоё болгохын тулд хөрөнгө оруулалтыг нь нэмэх шаардлагатай. Нийслэлийн түгжрэл, төвлөрлийг бууруулж, бодитой үр өгөөжөө өгч байгаа хот бол Дархан. Учир нь энэ хот руу улсын төсвийн хөрөнгө оруулалт багагүй хэмжээгээр төдийгөөс өдийг болтол орж явсан. Тиймээс дэд бүтэц, амьдрах орчин нөхцөл нь сайжирсан. Тиймээс л Дархан руу нүүх иргэдийн урсгал жил бүр нэмэгддэг. Жилдээ бараг нэг мянга гаруй өрх айл энэ хотод суурьшиж байна. Жилдээ 500 айлын орон сууц ашиглалтад орж байна. Үүгээрээ юуг хэлэх гээд байна гэхээр ерөөсөө Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулахад Дархан хот ингэж бодитой хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг ойлгомоор байгаа юм. Дархан руу зорих иргэдийн урсгал эрс нэмэгдсэн бас нэгэн шалтгаан бол миний араас нь хэрүүл хийж явдаг байсан алдарт Дарханы зам ашиглалтад орсонтой холбоотой. Хэрэв Дархан хот руу төсөв оруулдаггүй байсан бол энэ их хэмжээний урсгал Улаанбаатар хот руу чиглэх байсан гэж ойлгох хэрэгтэй. Тэгвэл өнөөгийн Улаанбаатар хот юу болох байсан бэ. Тэгвэл Дархан хот руу хүн амьдрах аятай, таатай орчинг бид бүрдүүлж чадаж байгаа учраас Улаанбаатар хотын ачаалал хуваагдаж байгаа хэрэг. Энэ утгаараа орон нутаг, тойргууд руу төсөв тавих хэрэгтэй.
-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд урьд өмнө ингэж төсөв батлагдаж байгаагүй талаар ярьсан. Төсвийг ер нь энэ парламент яаж баталчихав. Гишүүдийн санал, шүүмжлэлийг хүлээж авахгүйгээр хүчлээд баталчихав уу?
-Миний хувьд төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэг явж дуустал нь байсан. Тэр хүртэл бүх зүйл ном, журмынхаа дагуу л явагдсан. Хэлэлцүүлэг явдгаараа явж, гишүүдийн зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хороон дээр хураалгасан. Хэлэлцүүлэг угтаа дүрмийнхээ хүрээнд, дэгийнхээ дагуу л болсон.
Нэг зүйл хэлье. Манай зарим шинэ гишүүд маань дэгээ сайн мэдэх хэрэгтэй байна. Миний хувьд ч саяхан шинэ гишүүн явсан. Тэр утгаараа эхний жилийн төсөв ойлгоход жаахан төвөгтэй л байдаг. Наанадаж, төсвийн хэлэлцүүлгийн үеэр хэзээ нь ямар санал гаргах уу, саналаа юутай уялдуулж гаргадаг, яаж саналаа хураалгах вэ, аль хуулийн хугацаанд хийх ёстой, аль хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулалтаа тавиулах шаардлагатай вэ гээд олон зүйл бий. Энэ бүх зүйл хуулиар нарийн зохицуулагдсан дэгтэй. Тэгэхээр гишүүд маань дэгээ сайн судлах, унших хэрэгтэй.
-Тойрогт төсөв тавьж байх ёстой гэдгийг та түрүүн хэллээ. Ирэх оны төсөвт орон нутагт тавигдсан хөрөнгө оруулалт бол байхгүй биз дээ?
-Байхгүй. Ковидын үед УИХ Улаанбаатар хотын нийтийн тээврийг шийдэх гэж байна гээд 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэг ч аймагт шинэ бүтээн байгуулалт эхлүүлэхгүй байлгаж байгаад төсөвт суулгаж байсан. Үр дүн нь яаж гарсныг мэдэж байна уу…
-Яаж гарсан гэж?
-Үр дүнд ногоон автобус болоод дууссан. Тэгэхээр энэ удаагийн төсөв дээр орон нутагт мөн ялгаагүй нэг ч хөрөнгө оруулалт тусгаагүй хоёр дахь удаагийн төсөв боллоо гэж бодож байна. Нөгөөтэйгүүр том төслүүдийг нь дэмжиж байгаагаа би хэлсэн. Дэмжих ч болно. Гэхдээ орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж, хэрэгжүүлж, шийдэхийн төлөө л явах ёстой.- Тойрогтоо төсөв тавиулах гэж дуугарсан улстөрчийг “Төсвийн хулгайч” болгочих гээд хэцүү байдаг, тийм үү.
–Мэдээж улстөржилт явагдаж л байгаа байх даа…?
-Төсвийн хулгайч гэж ярьдаг. Нэг зүйлийг иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Тойрогт тавьж байгаа төсвийг тавиулсан нэртэй улстөрчид, УИХ-ын гишүүд хувьдаа халаасандаа хийдэг зүйл биш. Энэ бол тухайн тойргийн иргэдийн хүсэл, шаардлага байхгүй юу. Тухайлбал, Дархан-Уул аймагт “Залуус III” хорооллыг барих дэд бүтцийг бид сүүлийн дөрвөн жил явуулж байгаа. Энд 1000 айлын орон сууц баригдана. Ингээд бодохоор тэрхүү 1000 айлын орон сууцанд Улаанбаатар хотоос олон хүн очиж орно, тийм үү. Ялангуяа залуучууд маш их нүүнэ. Тэгэхээр төвлөрлийг сааруулж байгаа энэ том бодит арга хэмжээ рүү улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тавих хэрэгтэй. Ганцхан Улаанбаатар хотод хүн амьдардаг юм биш. Зөвхөн Улаанбаатарт л үер, бусад гамшиг болдог юм биш. Дарханд сая том үер болсон. Тэнд гэр орноо алдсан иргэд үерийн далан бариулахыг шаардсан. Аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ нэхсэн. Үүний төлөөлөл болж ажиллаж байгаа бид анхаарахаас өөр гарцгүй. Тиймээс ирэх оны төсөвт үерийн далан барих төсвийг суулгахыг хүссэн. Үүнээсээ болоод “төсвийн хулгайч” гэж хэлүүлэхээсээ би ичихгүй байна. Үнэхээр “Төсвийн хулгайч” гэж хэлүүлж байгаа бол нөгөө шударга ёс чинь хаана байна гэж асууна.
-Төсөв батлагдахтай зэрэгцээд төсвийн тодотгол оруулж ирэхийг Засгийн газарт анхааруулсан. Тодотгол орж ирэх нь тодорхой гэсэн үг үү?
-Тодорхой байлгүй яах вэ. Сая төсөв батлагдах үйл явцыг харахад манай зарим гишүүд асуудлыг мухардалтай байдал руу л чиглүүлээд байна. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр мухардлаас гарах гарцыг нь нээж өгөх хэрэгтэй болсон. Энэ дагуу Төсвийн байнгын хороон дээр саналаа хэлсэн. Санал маань ашгүй дэмжигдсэн. Юу гэхээр төсвийн гурав дахь хэлэлцүүлгээс бидэнд ухрах араа гэж байхгүй. Засгийн газар хуулиа татах боломжгүй. Төсвийн хуулийн төсөл бол тусгай дэгээр явдаг хугацаатай хууль. Тэгэхээр Засгийн газар төсвөө татвал хууль зөрчинө. Нөгөөтэйгүүр г урав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийн үеэр ямар ч өөрчлөлт орохгүй. Тэгэхээр эцсийн хэлэлцүүлгүүдийг цаг алдалгүй хурдхан дуусгаад батлаад явуулах нь зөв байсан. Ингээд Засгийн газарт оны өмнө төсвийн тодотголоо оруулж ирээрэй гэдэг чиглэлийг өгөөд байж байгаа. Ерөөсөө ийм л гарц байсан. Нөгөөтэйгүүр ийм кейс өмнө гарч байсан уу гэвэл, тийм. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед төсөв батлагдахтай зэрэгцээд тодотголоо оруулж ир гэдэг тохиолдол гарч л байсан. Ч.Сайханбилэгийн үед ч мөн адил тохиолдол байсан. Өмнө болж л байсан үйл явдал. Шинэ зүйл огт биш шүү.
-Засгийн газар төсвийн тодотголоо яагаад заавал оноос өмнө оруулж ирэх ёстой гэж…?
-Үүнд хоёр шалтгаан байгаа. Яах вэ, цэвэр ирэх жилийн ажлыг хойшлуулахгүй байх зорилготой. Гэхдээ юуны түрүүнд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бий. Уг хуулийг Г.Тэмүүлэн гишүүн бид хэд Боловсролын ерөнхий хуультай хамт батлуулж байсан. Уг хуулиар тухайн жилийн эхний гурван сар буюу нэгдүгээр улиралд төсөвт тодотгол хийхийг хориглосон байдаг. Энэ заал 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх ёстой. Тийм учраас Засгийн газар оноос өмнө төсвийн тодотголоо УИХ-д оруулж ирэх шаардлагатай. Үгүй бол уг хуулийн хориглолтод ороод ирэх оны хоёрдугаар улирал хүртэл тодотгол хийх боломжгүй болно. Хэрэв тодотгол хийж чадахгүй бол одоо батлагдчихсан энэхүү задгай төсөв задгай чигээрээ л явж байна гэсэн үг. Дээрээс нь төрийн бүтээн байгуулалтын ажлууд тодорхой бус байдалд орно. Худалдан авалт, сонгон шалгаруулалтын ажил явуулах гэхээр тодотгол орох гэж байгаа төсөв дээр итгэж орж ирдэггүй. Ажил төлөвлөх ямар ч боломжгүй болно. Том зургаараа улс орны амьдрал бүтэн нэг жилээр хойшоо тавигдана гэсэн үг. Тэгэхээр яаралтай оноос өмнө тодотголоо оруулж ирэх нь хэн хэндээ ашигтай.
-Төсөв өргөн барих, тодотгох асуудал Засгийн газрын бүрэн эрх. Тэгэхээр УИХ тогтоол гаргаад ч Засгийн газар оруулж ирэхгүй байх боломжтой биз дээ?
-УИХ-ын тогтоол хуультай ижил үйлчлэх зохицуулалттай. Нөгөөтэйгүүр Засгийн газраас бүгд л нэхнэ, шаардана. Тийм учраас хүндрэл учруулахгүйгээр удахгүй УИХ-д өргөн барих байх гэж бодож байна. Өөр нэг зүйл дээр бид анхаарах хэрэгтэй. Анхны том төсөв орж ирж байгаа учраас зарим гишүүд маань хуулиа анхаарч амжаагүй байх. Ер нь нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг дээр ажлын хэсэгт саналаа гаргаж тухайн хуулийн төсөл дээр өөрчлөлт оруулдаг. Энэ зарчмаараа зарим гишүүд идэвхтэй саналаа гаргаад явж байхад зарим нь гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр гэнэт гарч ирээд асуудлыг тавьдаг. Бүр хэлэлцэж байгаа хуулийн төслөө мухардал руу чиглүүлдэг. Энэ байдлаа хэдүүлээ нэг анхаарах цаг болсон. Яах вэ, улс төр хийж болно. Угаасаа энэ бол бидний ажлын нэг хэсэг. Гэхдээ бид хуулийн гарцтай л байх хэрэгтэй.
-Ирэх оны төсөв бол асар их тэлж орж ирсэн гэж шүүмжлүүлсэн. Тэлсэн төсөв тэр чигтээ явсаар байгаад л батлагдлаа. Тэгэхээр энэ нь нөгөө Төрийн хэмнэлтийн хуулиа зөрчиж байгаа хэрэг биш юм уу. Ер нь энэ хуулийн хэрэгжилт яаж явагдаж байна, зөрчиж байхаар нэг мөр зогсоочихож болох юм биш үү?
-Хэмнэлтийн хууль дээр нэг л гол агуулга байдаг. Тэр нь аль зардлаа гаргах вэ, алийг нь тэвчих үү гэж. Тэгэхээр энэ талаас нь сайн харах шаардлагатай. Эдийн засаг үнэхээр сайжраад явж байгаа бол Төрийн хэмнэлтийн хуулийг больчих ёстой шүү. Учир нь энэ хууль ковидын үед гарсан хууль. Тухайн үед бид бүх зүйлээ эрүүл мэндийн салбар луу оруулсан. Оруулахаас ч өөр аргагүй байдалтай байсан. Тиймээс одоо цар тахалгүй байна. Эдийн засаг өссөн гэж байгаа. Тэгвэл энэ хуулиа зогсоох шаардлагатай. Уул, уурхайн яам, эсвэл Гадаад харилцааны яам дээр гадаад томилолтын зардлыг Хэмнэлтийн хуулиар хорьчихдог. Тэгсэн атлаа гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ир гээд шаардаад сууж болохгүй. Энэ мэт олон салбарт, олон асуудлыг уг хууль хязгаарлачихаад байгаа юм. Салбар болгонд цаашлаад улс орны хөгжил, бүтээн байгуулалтад хүртэл чөдөр болсон хууль. Тиймээс үүнийг зогсоох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ парламент бид Төрийн хэмнэлтийн тухай хуульдаа гар хүрэх шаардлагатай гэж үзэж байна.
Э.Мөнхтүвшин