-1945-1960-аад оны үед дэлхийн улс төрийн байдал ямар байсан бэ. Дэлхийн социалист системийн улс орнуудын улс төрийн байдал?
-1945-1950 оны үед дэлхийн улс орнууд социалист, капиталист гэсэн үзэл суртлын хоёр нийгэмд хуваагдаж байв. Дарийн утаа холдож, улс орнууд сэргээн босголт, бүтээн байгуулалт, улс орныхоо эдийн засгийн чадавхад анхаарч эхэлсэн үе.
Харин Монгол Улсын хувьд Орос, Хятад хоёр их гүрэнтэй сайн хөршийн харилцаатай, төвийг сахисан төрийн бодлого баримтлах цорын ганц зам байв. Гэтэл МАХН-ын Төв хороо “Хятадын аюул” гэсэн сүржин нэртэй үзэл баримтлал зохиож улс орны хөгжлийн хурдцыг гацааж, саармагжуулж, улмаар Монгол Улсын бие даасан байдлаа алдаж, Орос Улсын утсан хүүхэлдэй болох замыг эргэлтгүй сонгосон байдаг.
-Сэхээтний төөрөгдлийг энэ цаг үед холбож ярьдаг. Тухайн үед юу болсон юм бэ?
-“Эсэргүү, тэрс үзэлтэн” гэгдэх Монголын зарим сэхээтнүүд дэлхийн улс орнуудтай тэгш хамтын ажиллагаатай байж хөгжинө гэдгийг олж харж, мэдэрч чадсан байдаг.
1950-1960-аад онд Монголын сэхээтнүүд өсөж бойжиж байсан цаг үе. Тухайн үеийн сэхээтнүүд гадаад дотоодод сурчихсан. Ертөнцийг харах үзэл бодол нь өөрчлөгдсөн үе. Улс орны нийгэм эдийн засгийн байдал, тухайн үеийн намын үйл ажиллагааг удирдаж байгаа хүмүүсийн арга барил, хүний нөөцийн бодлого дээр сэхээтнүүд шүүмжлэлтэй хандаж байсан байдаг. 1952 оноос эхэлж сэхээтний төөрөгдөл гэдэг зүйл яригдаж эхэлсэн. Сэхээтэн хүмүүс үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн. Орос Улсын коммунист намын 20 дугаар их хурлаар нэг хүнийг тахин шүтэх, нэг хүний дарангуйллыг хурцаар шүүмжилсэн үе. Энэ үеийг Орост дулаарлын үе гэж нэрлэдэг. Монголчууд Оросыг дуурайж, улмаар нэг хүнийг тахин шүтэх нь буруутай юм байна гэж дээр дооргүй ярьдаг болсон байна. 1956 оны МАХН-ын Төв хорооны IV бүгд хурлаар Ц.Лоохууз гуай улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, намын дотоод ардчиллын асуудал, намын боловсон хүчний асуудал, Ю.Цэдэнбал даргын ажлын арга барилын дутагдалтай талыг илэн далангүй шүүмжилсэн байдаг. “Чадварлаг чадамжтай, өөрийн бодолтой сэхээтнээ дэмждэггүй, харин хэн нэгэн даргад долигонож, үйлчилсэн хүнийг албан тушаалд томилдог. Гадаадын олон улс орнуудтай олон талын хамтын үйл ажиллагааг тухайн үеийн шаардлагын хэмжээнд явуулахгүй байна” зэргээр маш хурцаар шүүмжилсэн байдаг.
Гэвч нэг сонин үйл явдал болсон. Тухайн үеийн төрийн санаачилгаар Монгол Улсын их сургууль, Намын шинэ хүчний дээд сургууль дээр Монголын нөхцөл байдлын талаар илэн далангүй ярилцах саналыг эрх баригч нөхдүүдээс дэвшүүлсэн байдаг. Энэ нь сэхээтнүүдээс хэн нь юу ярихыг тандах гэсэн улс төрийн башир арга байсан . Маш олон хүн нам шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгаа юм байна гээд тухайн төр засагтаа итгэж нээлттэй ярилцлага өрнүүлсэн байна. Ингэж улс орны болон намын үйл ажиллагаанд оршиж байгаа дутагдлыг яриулчихаад сэхээтний төөрөгдөл болгож, зохиомол хэрэг үүсгэсэн байна лээ.
-Сэхээтний төөрөгдөл хэдэн оноос эхэлсэн вэ?
-Сэхээтний төөрөгдөл 1950-1960-аад он хүртэл үргэлжилсэн. 19621963 онд нам, төрийн удирдлага өөрсдийгөө шүүмжилсэн хүмүүсийг удаа дараа ажлаас халж, чөлөөлж эхэлсэн. Намын удирдлагад нь хагарал гарсан. Сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн гол хүмүүс бол тухайн үеийн нам, төрийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс.
-Яагаад сэхээтэн хүмүүсийг хэлмэгдүүлэх болов?
-Яагаад гэвэл тэд, өөрийн бодолтой, Монголоо гэсэн сэтгэлгээтэй Монголын сэхээтнүүдээ хэлмэгдүүлсэн гэхээр нэгдүгээрт, Оросын талыг баримтлагчид болон Монголын талыг баримтлагчид гэж хоёр хуваагдсан явдал, мөн эрх баригчдын гадаад, дотоод улс төрийн алдаатай бодлогыг тэд сайн мэддэг байсан. Хоёрдугаарт, 1957-1958 оны хилийн хэлэлцээрээр Монголын газар нутгаа алдсан асуудал. Гуравдугаарт, намын удирдлагын алдаатай бодлого. Дөрөвдүгээрт, “нэгдэл”, “коммун” нэрээр малчдын хувийн өмч болох малыг хоморголон хоршоолсон, нийгэмчилсэн байдал, олон мянган мянгат малчдыг хоморголон шоронд хийсэн. Тавдугаарт, Орос улстай найрамдалт ах дүүгийн барилдлага нэрээр газрын баялаг, малаа гадаад худалгаагаар дэлхийн хишиг үнээс хэд дахин бага үнээр худалдах болсон явдал юм.
-“Намын эсрэг бүлэг” гэгчид ямар хүмүүсийг хамруулав. Тэдгээр сэхээтнүүдийг хэлмэгдүүлэгчид нь хэн байв?
-Тухайн үеийн Монголын төр. Хэлмэгдүүлэгчид нь, тухайн үеийн нам, төрийн удирдагчид болох МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбал, МАХНын Төв хорооны Намын хянан шалгах хорооны дарга С.Батаа, МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн Н.Лувсанравдан нар байв.
“Намын эсрэг бүлэг”гэгч улс төрийн хилс хэргийн толгойлогчид гэх 1.МАХН-ын Төв хорооны гишүүн, Сангийн аж ахуйнуудын Удирдах газрын дарга Ц.Лоохууз, 2.МАХН-ын Төв хорооны гишүүн, Өмнөговь аймгийн Намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Б.Нямбуу, 3.Үндэсний статистикийн хорооны дарга Б.Сурмаажав, 4.МАХН-ын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн зааварлагч А.Дашнамжил, 5.Намын дээд сургуулийн орлогч дарга Н.Гунгаажав нар байв. Нийт 100-гаад хүн нутаг заан цөлөгдөж, 10-аад хүн шоронд тарчлан зовсон байна.
-Тэдгээр хүмүүсийн ямар эрх нь зөрчигдсөн бэ?
-Амьд явах, улс төрийн болон эдийн засгийн эрхгүй, үгээ чөлөөтэй хэлэх, газар нутаг, мэргэжил, ажлаа сонгох эрхгүй,эмнэлгийн т усламж авах, сурч боловсрох, эрдмийн зэрэг, цол хамгаалах, ажлын бүтээлээ үнэлүүлэх, гавьяа шагнал хүртэх, сонгох, сонгогдох эрхгүй болгосон.
Тухайн үеийн цалин хөлс 300 төгрөгөөс дээш ажил хийлгэхгүй байх, сум орон нутаг дэвсгэрийн хязгаараас гарах эрхгүй, төвлөрсөн хот, суурин газар эмчлүүлэх, зарим тохиолдолд нарийн мэргэжлийн эмч нараар эмчлүүлэх эрхгүй байв. Тухайн үеийн төр засгийн удирдлагад тэд хэрхэн яаж үхэх нь падгүй байлаа.
-МАХН-ын Төв хорооны VI бүгд хурал хаана хэзээ ямар зорилготой болсон вэ?
-Улаанбаатар хотод хуралдсан. 1964 оны аравдугаар сарын 17-нд ЗХУ-д Н.С.Хрущевыг нам, төрийн тэргүүнээс гэнэт халж өөрчилсөн явдал Монголдоо Хрущев болоод байсан Ю.Цэдэнбалын байр суурийг ганхуулж мэдэх нэмэлт осолтой байдал бий болсон үе байв.
Улс орны гадаад, дотоод нөхцөл байдал ээдрээ төвөгтэй болсон эгзэгтэй үед буюу 1964 оны арванхоёрдугаар сарын 22-26-нд МАХН-ын Төв хорооны дуулиант VI бүгд хурал хаалттай хуралдсан байдаг. Хуралд “Намын эсрэг бүлэглэсэн явуулга” хийгдсэн гэдэг хувилбарыг ашиглахаар сонгосон бөгөөд энэ тоглолтоо гарамгай гүйцэтгэснийг тэр үеийн улс төрийн түүх харуулдаг.
VI бүгд хуралд нам, улсын хяналт шалгалтыг с а йжруулах тухай Ю.Цэдэнбалын илтгэл, Улсын төлөвлөгөөний т о дотголын тухай Т.Рагчаагийн илтгэл тавигдаж бүгд хурлын гишүүд санал, шүүмжлэл хэлсэн байдаг. Өнөөгийн хэлээр төсөвт тодотгол хийсэн гэсэн үг. Түүнд нэг ноцтой байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө нь биелэхгүй болохоор хасаж биелсэн болгож, ард иргэдээсээ нуусан явдал.
-Ц.Лоохууз, Б.Нямбуу нар гадаадад аспирантурт суралцаж байсан гэсэн. Хуралдаа оролцохгүй байж болоогүй юм уу?
-Тухайн үеийн намын дүрмээр Төв хорооны гишүүн заавал хуралдаа суух дүрэмтэй байсан юм билээ. Тэгээд ирсэн. Түүнээс гадна өөрсдөд нь эрсдэл гарна гэдгийг тэд тооцоолж мэдэж байсан байна. Үндэсний эрх ашиг тэдэнд хамгаас чухал байсан тул эрсдэл гаргасан байна. Өөрсдийгөө золиослох эр зориг тэдэнд байсан байна.
-Хурал нэлээн ширүүн байдалтай болсон уу?
-Тийм ээ. Үг хэлсэн 7 дахь хүн Бандийн Сурмаажав гуай байв. Түүний дараа үг хэлсэн Д.Лхагвасүрэн, Б.Банзрагч, Д.Балжинням нар Сурмаажав руу хошууран довтолж бүгд хурлаар тусгайлан хэлэлцэх санал гаргасан байна. Ш.Дамбаренчин үг хэлсний дараа 12-т Балдандоржийн Нямбуу хурц шүүмжлэл тавьсан бөгөөд түүнд гол цохилтыг С.Батаа, Б.Дэжид, Ж.Гомбосүрэн нар өгч мөн л бүгд хурлаар тусгайлан хэлэлцэхийг шаарджээ. Г.Туваан, Цэрэннадмид, Ч.Пүрэвжав нарын занал, зүхлийн дараа үг хэлсэн 19 дэх нь Цогт-Очирын. Лоохууз гуай байсан. Түүнд Д.Ядамсүрэн, Бүдсүрэн, Д.Ёндондүйчир, Д.Чимэдцэрэн, Д.Бямба нар цохилт, няцаалт өгч “эсэргүүн” болгосноор хуралдаан үргэлжилсэн байдаг.
Монголын сор болсон удирдах ажилтнууд, нэлээн боловсролтой хүмүүс хуралдсан гэж бодохоор байсан ч харин их бүдүүлэг хараалын үг /“чамайг ална, чи муу юу юм бэ, зайлцгаа, намын удирдлагыг элдвээр хэлдэг чи хэн бэ…гэх мэтчилэн хөлөө шал дэвсэж, шүгэлдэн танхай загнасан байдаг…/ урсгаж хэлсэн хурал болсон байдаг.
-Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар чухам ямар илтгэл тавьсан хүмүүс вэ?
-Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар ер нь юу хэлээд намын эсрэг бүлэг болчихсон бэ гэдэг асуудал гардаг. Тэдний илтгэлийн ач холбогдол өнөө ч буураагүй байна. Хамгийн хачирхалтай нь бүгд хурал дээр тэдний хэлсэн үгийг 1990 он хүртэл 25 жилийн турш олон нийтэд огт танилцуулаагүй, хэвлэлд нийтлээгүй мөртөө намын эсрэг бүлэглэсэн явуулга хийсэн тухай бүгд хурлын дараа өдөр шөнөгүй хэвлэл мэдээллээр сурталчилж байсан.
-Хурлын дараа юу болов?
-Бүгд хурлын дараа өдрөөс эхлэн Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын хань хамсаатнуудыг илрүүлэх кампанит ажил эхэлсэн. Энэ ажлыг Б.Лувсан равдан даргатай НХШХороо, НАХЯ-ны туслалцаатай улс орон даяар өрнүүлсэн байдаг.
Намын эсрэг бүлгийнхэн гэгчид болон хамсаатнууд нь тухайн үеийн нам, улсын ажилд оршиж байгаа дутагдлыг ил тод шүүмжилсэн байдаг. Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын тухайн үед хэлсэн байсан үг одоо ч ач холбогдлоо алдаагүй. Өнөө цагт гадныхантай хуйвалдаж байгаа байдал, газар нутгаа лицензээр өгсөн, улс төрийн өрсөлдөгчөө намнах, хэн нэгнээ гүтгэж шоронд хийх, эрх мэдэлтэй нь хэн нэгний бизнесийг булаах, хэн нэгэнтэй хуйвалдаж улс төрийн намын эрх мэдлийг булаах зэрэг үйлдлүүд өнөөдөр ч харагдаж байна шүү дээ.
-Энэ хэлмэгдүүлэлтэд хичнээн хүн хамрагдсан вэ?
-Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нартай уулзаж, эсвэл хамт ажиллаж, суралцаж байсан хүмүүс, мөн тэдний хамаатан, садан төрөл зэрэг нийтдээ 200 гаруй хүн хамрагдсан ба мөн гэр бүлийн гишүүдийн хамт бол 1500 гаруй хүн хамрагдсан болох тооцоо бий.
-Сэхээтнүүд олноор хэлмэгдсэн байна. Харин тэдгээрийн ар гэр, гэр бүл, хүүхдүүдэд нь хэлмэгдүүлэлтийн хар шуурга хэрхэн туссан вэ?
-Сэхээтний хэлмэг дүүлэлт аймшигтай. Тухайлбал, ….үүрийн 04:00-05:00 цагт НАХЯ-ны харгалзагчтайгаар хоморголон баривчилна, . . . у л с орон даяар сурталчилж, тэдгээр хүмүүсийг хамгийн адгийн хүмүүс болгоно, …өвлийн тэсгим хүйтэнд /1964 оны 1 дүгээр сард/ гэрийнх нь мебель, эд хогшлыг гудамжинд гаргаж хаяна, зориуд хятад жолоочтой, НАХЯ-ны харгалзагчтайгаар цөлөгдсөн газар нь хүргэж өгнө, …ар гэр, гэр бүл, үр хүүхдийг дайсан гэж үзэн ядна, …гэр бүлийн хүмүүсийг ажлаас нь шууд чөлөөлж, хамгийн бага цалинтай ажил хийлгэнэ, …алс хол хязгаар нутагт ажил олдохгүй, ажилгүй байлгаж даапаална, …сумын нутаг дэвсгэрээс холдох эрхгүй, аймаг, Улаанбаатар хот орох бол Төв хорооноос заавал зөвшөөрөл авна, …ар гэрийнхнээс эцэг, эх, ах, эгч дүү, садан төрлөөс хүн нас барвал мөн зөвшөөрөл авна, … хүүхдүүдийг сургуулиас хөөнө, тэдэнтэй нөхөрлөж болохгүй гэж зааварлана, эсэргүүний хүүхэд гэж 7-8 настай хүүхдийг үзэн ядалтын улмаас дарамтална, дээрэлхэнэ, хутгална, …их, дээд сургуульд суралцах боломжгүй, зарим нь овог нэрээ өөрчилж байгаад сургуульд явсан тохиолдол олон байна, ажил амьдрал дээр гараад олон нөхцөлөөс дээд газрын заавраар татгалзана, эрүүл мэндээ эмчлүүлэх эрхгүй… эсэргүүний гэр бүл, эхнэр гээд эмчлэхгүйгээр 3 дугаар эмнэлгээс хөөж гаргана. Онгоцноос дээд газрын шийдвэртэй гээд хөөж буулгаж, удалгүй амь насаа алдсан тохиолдол гарсан байдаг, … автобусны орос жолооч олон жирийн иргэдийн амь насанд хүрснийг үнэн бодитоор бичсэний төлөө Монгол Зөвлөлтийн найрамдалд сэв суулгалаа гэж ажилгүй болгож, насаар нь тамласан байдаг, дамын наймаа панз хийлээ гэж улс төрийн хэлмэгдүүлэлт дээр дахиж ахуйн талаас хэлмэгдүүлж шоронд хорьсон, дарга нартайгаа ам мурийсан гэж элдвээр дарамталж, доромжилж ажил албагүй болгодог… гээд яривал эцэс төгсгөлгүй юм болно…
-Улс орны хөгжилд хэлмэгдүүлэлт саад болдог уу?
-1930-1940-өөд онд оюунлаг сэхээтэн хүмүүсийг шоронд хийж, устгаж эсэргүү болгож байсан. Харин 1950-1960 онд албан тушаалаас буулгаж, Монголын хамгийн хязгаар нутагт хамгийн хүнд хүчир ажилд томилж, цөлж байсан. Цөлөхдөө ямар ч хугацаагүй, гэр бүл, үр хүүхэдтэй хамт явуулж байсан. Одоо 1960 онд ийм хэлмэгдүүлэлт байсан гэдэгт олон нийт итгэхгүй. Бид бодитоор биеэр туулсан учраас гэрчилж байна. Ар гэрт нь том аюул учирсан. Нийгэмд ч аюул учирсан. Сэхээтнүүдээ хэлмэгдүүлсэн улс орон хөгждөггүй. Тийм ч учраас Монголын хөгжлийг олон жилээр хойшоо ухраасан байдаг. Ардчилсан хөгжилтэй улсуудтай харьцуулбал хөгжил нь 100 жилээр хоцрогдсон. 1960-аад онд Монголын төр ийм харгис байсан гэхэд хүмүүс итгэхгүй. Шөнө үүрээр бүгдийг нэгэн зэрэг баривчилсан. Төрийг шүүмжилсэн хүнийг янз бүрийн аргаар дарамталдаг. Шударга хүмүүсээ иргэд нь хамгаалж чадах чадамжгүй байсан.
-Эдгээр хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгасан уу?
-1950-1960-аад оны “Сэхээтний төөрөгдөл”, “ Намын эсрэг бүлэг” гэгчид холбогдуулсан хүмүүсийг цагаатгасан. Гэхдээ ар гэрийн хүмүүсийг цагаатгаагүй, орхигдуулсан. Зөвхөн хэлмэгдсэн хүнийг цагаатгахаар болчихно гэж үздэг өнөөгийн төрийн бодлогын алдаа. Энэ нь маш буруу зүйл. Хэлмэгдэгсэд, тэдгээрийн ар тал, гэр бүл, үр хүүхдүүдийг бүгдийг цагаатгах ёстой.
Н.Алтанцэцэг