horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Та хүүхдэдээ банкны карт ашиглуулдаг бол Анхаар!

post-img

Гадуур явж буй сурагчдаас аав, ээжээсээ өдөрт хэрэглээний мөнгө авдаг эсэх, мөн юунд зарцуулдаг талаар асуулаа.  

“4-10 мянган төгрөгийг сургууль дээрээ идэх зүйл авахад зарцуулдаг. Магадгүй илүү гарвал маргааш нь хэрэглэнэ. Мөнгөө юунд зарцуулсан талаар аав, ээж асуудаггүй учир тайлагнаагүй”.

“Банкны карт ашигладаг. Өдөрт 6000 төгрөг зарцуулдаг. Аав ээж маань 7 хоногийн хэрэглээний мөнгө өгдөг. Түүнээс өмнө үрж дуусгавал мөнгө өгөхгүй учраас зөвхөн хоол авч иддэг. Өөр зүйл авдаггүй”.

“Өдөрт 10 мянган төгрөгтэй сургуульдаа явдаг. Үүнээс 2000 төгрөгийг унаандаа зарцуулдаг. Харин үлдсэнээр нь 1-2 пирошки авч иднэ. Илүү гарсныг нь маргааш нь хэрэглэнэ” хэмээн хариулаа.

Дөрвөн сурагчийн 3 нь банкны карт ашигладаг гэж хариулсан юм. Ингэхдээ нэг сурагч өдөрт 4000-10.000 төгрөгийг идэх, уух зүйлд зарцуулдаг байна. 40 сурагчтай ангиас 2-3 хүүхэд бэлэн мөнгө, харин үлдсэн нь банкны карт ашигладаг гэж сурагчид хэллээ. Харин эцэг, эхчүүд хүүхдээсээ мөнгөө юунд зарцуулсан талаар төдийлөн асуудаггүй гэнэ. Тэгвэл хүүхдээ мөнгөө юунд зарцуулсныг асууж, тэмдэглэл хөтлөх, мөн бэлэн мөнгөнөөс илүүтэй банкны карт ашиглуулж байх нь ямар давуу талтай вэ?

 -Мөнгөө лимиттэй үрэх

-Гэр бүлээрээ мөнгөө хэмнэж, үр ашигтай зардал гаргаж байгаа эсэхийг хянах

-Эрсдэлээс сэргийлэх

-Тогтмол  гүйлгээг хянах боломж

-Банкны карт ашиглах нь бэлэн мөнгөний эдэлгээг уртасгадаг гэх мэт олон давуу тал байдаг аж.

Сурагчдын дийлэнх нь банкны карт ашигладаг болсон энэ цагт хаанаас, юу худалдаж авсан гэх мэт мэдээллийг нь хянах арга барилд эцэг эхчүүд төдийлөн суралцаагүй байгаа юм. Тэгвэл яагаад хянах шаардлагатай вэ гэдэгт мэргэжлийн хүмүүс дараах зөвлөгөөг өгч буй.

Н.БАТЖИН: Эцэг, эхчүүд хүүхдийн байтугай өөрсдийнхөө ч зарлагын гүйлгээг хянадаггүй

Н.Батжин Монгол банкны ОСБТ-ийн ахлах эдийн засагч

Эцэг, эхчүүд хүүхдийн байтугай өөрсдийнхөө ч зарлагын гүйлгээг хянадаггүй. Энэ нь өрхийн санхүүд сөрөг нөлөөтэй буюу үргүй зардал гаргах суурь болдог. Иймд хүүхдэдээ санхүүгийн боловсрол олгохын тулд өрх гэртээ өдөр тутмынхаа орлого, зарлагыг хөтөлдөг, тэмдэглэдэг байх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өдөр тутамдаа гаазтай ундаа, чихэр гэх мэт зүйлд мөнгөө зарцуулдаг байсан бол больж, саванд цэвэр ус хийж явах гэх мэт дадалд суралцдаг. Мөн хүүхдэдээ банкны карт ашиглуулж байгаа бол юу авч байгааг нь хянах хэрэгтэй. Ингэснээр гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж чадна.

Таны хүүхэд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл худалдан авдаг юм биш биз. Тэгвэл хүүхдийнхээ дансны орлого, зарлагын мэдээллийг гар утсандаа хүлээж авах, цаашлаад интернэт банкаар хүүхдийнхээ гүйлгээг шалгаж байх нь элдэв гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлдэг байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 58 хүүхэд холбогдон шалгуулсан гэдэг статистикийг цагдаагийн байгууллага гаргажээ. Карт ашиглуулж байгаа тохиолдол гүйлгээг нь шалгаж хэвшвэл хүүхдээ элдэв гэмт хэргийн золиос болохоос сэргийлж чадах нь.

114
0/1000