horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 118 жилийн ой тохиож байна

post-img

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдорж нь 1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд төрсөн билээ. Түүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан “Зууны мэдээ” сонин түүний намтар, уран бүтээл, судалгаатай холбоотой  гурван асуултад судлаачдын байр суурийг хүргэж байна.

1. Д.Нацагдоржийн уран бүтээлийн өв хэр сайн судлагдсан бэ?

2. Түүний амьдрал уран бүтээлийн талаар бидний бага мэдэх эсвэл тодорхой бус  мэдээлэл хэр байна вэ?

3. Та сүүлийн үед Д.Нацагдоржтой холбоотой ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Б.Мөнхбаяр: Д.Нацагдоржийг уламжлал шинэчлэлийн хүрээнд судалж байна

1. Ямар ч улс орон өөрийн улс үндэстнийхээ үндэсний сонгодог зохиолч, их зохиолчийн амьдрал уран бүтээлийг бүх талаас нь иж бүрэн цогцоор нь  судалдаг. “Д.Нацагдорж судлал” хэмээх энэ салбар ухааныг бий болоход манай ахмад үеийн нэрт эрдэмтэд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Б.Содном нар, эдгээр эрдэмтдийг  залгамжилсан  Л.Балдан, Х.Сампилдэндэв, Д.Цэдэв, С.Лочин, Ч.Жачин тэргүүт олон эрдэмтэд чухал хувь нэмэр оруулсан байна. Нөгөө талаар “Д.Нацагдорж судлал” нь зөвхөн дотоодод бус олон улсад хүрээгээ тэлсэн байна. Тухайлбал Япон, БНХАУ, ОХУ, Герман, Америк, Англи зэрэг оронд Д.Нацагдорж судлалаар дагнан ажилладаг, өндөр түвшний мэргэшсэн судлаач профессорууд ажиллаж байгаа нь нэг талаас монгол утга зохиол судлал, хэл бичгийн шинжлэх ухааны онол арга зүйн гүнзгийрэл, ахиц дэвшилд томоохон нөлөөгөө үзүүлж байна. Мөн судалгааны өрсөлдөөнийг бий болгож байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг юм. “Д.Нацагдорж судлал” хөгжлийн эхэн үедээ Д.Нацагдоржийн намтар судлал, Д.Нацагдоржийн уран бүтээлийн төрөл зүйл, харилцаа холбоо, туурвил зүйн сэтгэлгээний асуудлыг илүүтэй анхаарч ирсэн бол дунд үедээ ХХ зууны монголын уран зохиолд эзлэх байр суурийг тодорхойлох, Д.Нацагдоржийн хийсэн туурвил зүйн сэтгэлгээний шинэчлэлийг тодруулах, Д.Нацагдоржийн бичсэн Түүхийн шинжлэх ухааны, хэл шинжлэлийн ухааны бүтээлүүдийг судлах, Д.Нацагдоржийн орчуулгын зохиолын судлалын шинэ судалгаанууд гарсан байна. Өнөө болоход Д.Нацагдорж судлалын хүрээ улам тэлж, Монгол туургатны уран зохиолын туурвил зүйн сэтгэлгээнд үзүүлсэн нөлөө, олон улсад эзлэх байр суурь, Монголын сонгодог бичгийн уран зохиолыг төгөлдөршүүлэхэд Д.Нацагдоржийн бий болгосон шинэчлэлт чанар, Д.Нацагдоржийн зохиолын бичвэрийн судалгаа зэрэг улам баялаг агуулгаар хүрээгээ тэлсээр байна.  

2. Энэ талаар судлан тодруулах шаардлагатай цөөнгүй асуудлууд байдаг. Жишээ нь, Б.Содном, Д.Цэдэв, Ч.Жачин зэрэг эрдэмтдийн цуцалтгүй хөдөлмөр зүтгэл, чармайлтын үр дүнд Д.Нацагдоржийн уран бүтээлийн өв бидний үед хүрч ирсэн байна. Гэсэн ч эдгээр багш нар маань  Д.Нацагдоржийн уран бүтээлийн өв бүрэн бүрдэл болоогүй  байна гэдэг. Бидэнд одоогоор танил болоогүй байгаа зохиол бүтээлийнх нь сургийг гаргаж, хайсаар байна. Д.Нацагдоржийн Орост, Германд суралцаж байсан тэр үеийн ахуй байдал буюу тэр үедээ судалж, суралцаж мэдэрсэн онолын сэтгэлгээний асуудлуудыг нарийвчлан тодруулах шаардлага өдгөө бидэнд хэрэгцээ болон гарч байна. Учир нь их зохиолчийн  уран бүтээл туурвих арга  судалгааны тун сонирхолтой сэдэв, чиглэл болж байна.

3. Миний хувьд, сүүлийн их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг харьцуулсан судлалын үүднээс судалж байна. Энэ чиглэлээр “Учиртай гурван толгой” жүжиг дээр ажиллаж байна. Анх 1934 онд Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” хэмээх эмгэнэлт аялгуут жүжиг бичсэн бол уг жүжиг 1942 онд бадрангуй баатарлагийн аяс бүхий “Учиртай гурван толгой” дуурь болон шинэчлэгдсэн. Үүний дараа 1956 онд БНХАУ-ын ший жүжгийн нэрт зохиолч Фaн Жюньхунь “Гурван  уул” Бээжин ший болгон шинэчлэн зохиомжилж бичсэн байдаг. Хөгжлийн энэ мэт залгамж холбоо нь эл гурван бүтээлийг харьцуулсан уран зохиол судлалын үүднээс авч үзэх үндэс нь болж байна. Мөн Монголын орчин үеийн уран зохиол, ХХ зууны монголын бичгийн зохиолын өгүүлэмж, дүрслэлийн шинэчлэлд Д.Нацагдоржийн хийсэн шинэчлэл, эзлэх байр суурийг уламжлал шинэчлэлийн хүрээнд авч үзсэн судалгаа хийж байна.

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор (Ph.D) Б.Хишигсүх: Д.Нацагдоржийн богино өгүүллэгийг давж гарах бүтээл одоогоор гараагүй

1. Нацагдоржийн уран бүтээлийн өвийг харьцангуй сайн судалсан гэж болно. Хамгийн анх 1960 онд Д.Нацагдоржийн бүтээлийн түүвэр хэвлэгдсэн юм. Үүний дараагаас Д.Нацагдорж судлал, амьдрал, уран бүтээлийн судалгааг түүх, туурвил зүй, хэл шинжлэл, угсаатан зүй зэргээр шинжлэх ухааны хам сэдвийн хүрээнд гадаад дотоодын эрдэмтэд судалсан билээ. С.Лочин, Ч.Жачин, Л.Балдан зэрэг судлаачид Д.Нацагдорж судлалд тоймтой судалгаа хийсэн. Мөн 2016 хэл бичиг, утга зохиолын тэргүүлэх эрдэмтдийн нэг, шинжлэх ухааны доктор  Д.Цэдэв Д.Нацагдоржийн бүрэн түүврийг хоёр ботиор хэвлэж, гаргасан. Энэ нь их дээд сургуулийн багш, судлаачдын ажилд тулгуур болох бүтээл  болсон юм. Урьд өмнө нь Д.Нацагдоржийн гар бичмэлийг эндүү ташаа уншсан байдлыг нэг талд цэгцэлсэн гэхэд болно. Энэхүү хоёр ботийг Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан н.Төмөржин гурван боть болгон гаргасан бөгөөд гурван ботийг тулгаж үзэхэд алдаа эндэгдэл их харагдсан. Гадаад судлаачдаас “Д.Нацагдорж судлал”-д хамгийн их бүтээл туурвисан хүн бол ОХУ-ын монголч эрдэмтэн К. Н. Яцковская байна. Харин одоо Санкт-Петербургийн их сургуулийн Мария Петрова  зэрэг судлаачдыг дурдаж болно.

2. Д.Нацагдорж судлаачдын дунд түүний үхлийн шалтгаанаас эхлээд амьдрал замналтай холбоотой маргаантай зүйл нэлээд байдаг. Асар богино наслахдаа үгээр хэлэхэд багадам олон гайхалтай бүтээлийг туурвисан. Саяхан их зохиолчийн гэрний Д.Пагмадуламын тухай кино хийсэн киног үзээд харамсах сэтгэл их төрлөө. Ямар ч судалгаа шинжилгээгүй хийсэн харагдлаа. Тэрхүү бүтээлээс залуу хойч үе, хүүхэд залуус Д.Нацагдорж, Д.Пагмадуламын тухай тоймтой мэдээлэл авч чадахааргүй санагдсан. Энэ бүтээлээр уран сайхны шүүмж бичих бодолтой байна.

3. Миний хувьд Д.Нацагдорж судлаач биш. Гэхдээ их зохиолчийн зохиол бүтээлийг унших дуртай. Өөрийн хэмжээнд зарим бүтээлийнх нь туурвил зүйг нээж, задлан шинжилдэг уран зохиол судлаач юм. Хамгийн их анхаарч уншсан бүтээл нь “Учиртай гурван толгой”  эмгэнэлт дуулалт жүжиг байна. Мөн богино өгүүллэгүүдийг нь задлан шинжлэхээс гадна  лекц, хичээл, хурал илтгэл дээр тогтмол дурддаг. Өнөөдрийн байдлаар Д.Нацагдоржийн богино өгүүллэгийг давж гарах бүтээл гараагүй гэж хардаг.

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, дэд профессор, доктор (Ph.D) А.Мөнх-Оргил: Сайн зохиол маргаантай асуудал дагуулдаг гэдгийг Д.Нацагдоржийн бүтээлээс харж болно

1. Д.Нацагдоржийг амьд ахуй байх үеэс нь зохиол бүтээлийнх нь судалгаа эхэлсэн гэж болно. Төдийгөөс өдийг хүртэл гадаад дотоодын олон судлаачид дагнан судлахаас гадна Монголын уран зохиол судлаачдын ихэнх нь тодорхой хэмжээнд үгээ хэлж байсан. Гэвч түүний бүтээл туурвилаас олдоогүй эсвэл маргаантай байдлаар тайлж уншсан, тайлбарласан асуудлууд байсаар байгаа. Энэ нь залуу хойч үеийн судлаачид гүнзгийрүүлэн судлах, шинэ өв сан нээж баяжуулах боломжийг харуулж байна. Монголын уран зохиолд энэ зохиолчийн үлдээсэн өв ямар их байгааг түүний тухай судалгаа хэр өргөн хүрээнд үргэлжилж байгаагаас харж болно.

2. “Харанхуй хад” зохиолын тухай гэхэд тэр зохиол ямар утгатай, гол дүрийн нэр Ина, Нина юм уу, Ина, Нина нь юуг хэлж байгаа зэргээс эхлээд зургаа, долоон янзын санал гарсан байдаг. Гэвч аль ч саналыг нь бүрэн дэмжиж эсвэл  үгүйсгэсэн зүйл алга.  Хамгийн наад захын маргаантай асуудал гэхэд энэ байгаа юм. Нөгөө талаар “Ламбугайн нулимс” өгүүллэгийн маргаантай асуудал одоо хүртэл судлаачид байр сууриа илэрхийлсээр байна. Уг зохиол хэдий хэмжээний өндөр түвшинд бичигдэж, ярих судлах зүйл ихтэй байна төдий чинээ маргаантай асуудлыг дагуулдаг зүй тогтлыг харуулдаг. Үүнээс гадна нас барсан тухай болон Германд хаана, хэрхэн амьдарсан, оролцсон ажил, бичсэн зохиолоос эхлээд намтрын тухайд асуудалтай зүйл их байдаг. Бидний мэдэх зүйл их байгаагийн хэрээр мэдэхгүй зүйл их байна.

3. Орчин үеийн уран зохиол, онол, түүхийг судалдаг хүний хувьд Д.Нацагдоржийг яах аргагүй сонирхож, судалдаг. 2006 онд Д.Нацагдоржийн 100 жилийн ойгоор  яруу найргийнх нь тухай илтгэл хэлэлцүүлж байсан. 2016 онд үргэлжилсэн үгийн зохиолоор нь мөн илтгэл тавьж байлаа. Харин одоо 2026 онд болох 120 жилийн ойгоор нь тайзны бүтээл, жүжгийн зохиолоор нь судалгаа хийж, илтгэх хэлэлцүүлэх бодолтой байна.

П.Лхагважаргал

17
0/1000