horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Б.Нарантулга: Хүүхдүүд томчуудаас өөрийг нь ойлгохыг л хүсдэг

post-img

Дэлхий нийтэд 11 дүгээр сарыг “Уй гашууг даван туулж байгаа хүүхдүүдийг ойлгуулах сар” гэж тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан урлагийн сэтгэл засалч, сэтгэл судлалын магистр Б.Нарантулгатай ярилцлаа.

-Та сэтгэл зүйн ямар чиглэлээр түлхүү ажилладаг вэ?

-Би 2015 оноос хойш сэтгэл зүйчээр ажиллаж байна. Голчлон сэтгэцийн эмнэлгүүдээр ажиллаж байсан. Одоо урлагийн сэтгэл заслын чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Урлагийн сэтгэл засал гэдэг бол уй гашуу тохиох үед хайртай дотны хүндээ хэлж амжаагүй үгээ бүтээлээр дамжуулан гаргах, сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх, тайтгарах боломжийг өгч, хөндий хоосон, дутуугийн мэдрэмжийг бууруулдаг. Тийм ч учраас тархийг амрааж, бие махбодыг сэргээдэг онцлогтой.

Уй гашуу гэдэг зөвхөн хайртай дотны хүнээ алдах мэдрэмжээр хязгаарлагддаггүй гэдэг. Ямар ямар хэлбэртэй байдаг вэ?

-“Greaf and loss” гэсэн үг байдаг. Энэ нь монгол хэлнээ уй гашуу, хагацал гэсэн утга илэрхийлдэг. Бид уй гашуу гэдгийг хайртай дотны хүнээ алдсан үед тохиолддог зүйл гэж ойлгодог. Гэвч энэ нь ямар нэгэн байдлаар маш үнэтэй зүйлээсээ хагацах, үнэтэй зүйлээ алдах үеийн мэдрэмж юм. Хүн дуртай ажлаасаа гарах, хайртай тэжээвэр амьтнаа алдах, хайртай хүнээсээ салах, дурсамжтай зураг, бичлэгээр дүүрэн гар утсаа алдах зэрэг үед уй гашууг мэдэрдэг.

Ямар нэгэн байдлаар хагацал үзээд, “Loss” буюу алдагдал мэдэрсэн хүнд хүмүүс “Чи ямар сүртэй юм бэ” гэж хэлэх тохиолдол түгээмэл байдаг. Гэтэл тухайн хүний сэтгэл зүйн асуудлыг бусад хүн гаднаас нь хараад тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, тэр хүний юу мэдэрч байгааг өөрийнхөө мэдэрч байгаатай жишиж, тэнцүүлэх ямар ч боломжгүй. Уй гашууг даван туулах үедээ хүн хоосон мэдрэмжийг маш ихээр авдаг бөгөөд уур бухимдал, гомдол, сэтгэл гутралыг мэдэрдэг.

-Уй гашуу бага насны хүүхдэд илүү хүнд тусдаг байх. Хүүхдүүд уй гашууг хэрхэн даван туулах талаар танд хандаж, зөвлөгөө авдаг уу. Тэдэнд ямар төрлийн уй гашуу хамгийн түгээмэл тохиолддог вэ?

-Монголчууд “Уй гашуу бол амьдралын нэг хэсэг” гэж өөртөө маш хатуу хандах замаар энэ үеийг давдаг болох нь ажиглагддаг. Ойр дотны хүнээ алдсан хүүхдүүд ихэвчлэн сэтгэл зүйчид ханддаг. Жишээ нь, хамгаас хайртай ээж нь нас барчихаад байхад хүүхдэд үнэнийг хэлэхгүй байх тохиолдол түгээмэл байна. Томчууд тэдэнд ээжийг нь “Хол явчихсан, бурхан болсон” гэж хэлдэг. Бурхан болох гэдэг ямар утгатай үг болохыг хүүхдүүддээ тайлбарлаж хэлдэггүй. Нас барсан хайртай хүнээ гэнэт хүчтэй санадаг нь хүүхдийн онцлог. Насанд хүрэгчид уй гашууг далайд живж байгаа мэтээр мэдэрдэг бол хүүхдүүд мартах үедээ мартаж, санах үедээ санадаг. Бага насны хүүхэд уй гашууг зөв даван туулаагүй нь 3-4 жилийн дараа сэтгэл гутралын өвчнөөр өвдөх, сэтгэл зүйн асуудалтай болох, зан үйлд нь өөрчлөлт орох, хорт бодис хэрэглэх зэргээр илэрдэг.

Хүний тархи аливаа асуудлыг урт хугацаанд ухамсаргүйгээр төлөвлөдөг. Жишээ нь, бага насны хүүхдүүд “Миний аав намайг насан эцэс болтол, эсхүл хөгшин болтол надтай хамт байна, аав минь хөгшин болоогүй учраас үхэхгүй” гэж боддог. Өөрөөр хэлбэл, хүүхдэд аав нь хөгшин харагддаггүй бол нас барсан гэдгийг тархи нь хүлээж авдаггүй.

-Хүүхдийн амсаж, мэдэрч болох хамгийн хүнд хэцүү уй гашуу юу вэ. Өвдөх, өнчрөх хоёр л зовлон бий. Бусад нь түр хугацааны сорилт байдаг гэдэг…

-Хамгийн хэцүү хагацал бол ээжээсээ хагацах. Хүүхдийн аав нь нас барвал ээж гэдэг маш том итгэл найдвар үлддэг. Гэтэл ээж нь байхгүй болчихвол хүүхэд хорвоо ертөнц дээр ямар ч асран хамгаалагчгүй үлдэж байгаа мэт мэдрэмж авдаг. Өөрөөр хэлбэл, хамгаалагдсан мэдрэмж нь үгүй болдог. Би нэг уй гашууг даван туулж байгаа 10-15 хүүхэдтэй сарын хугацаанд ажилладаг. Тэдний 70 хувьд нь хайртай дотны хүн нь нас барсан тухай хэлддэггүй болох нь ажиглагдсан. Энэ нь хүүхдэд хайртай дотны хүн нь хэзээ ирэх бол гэсэн байнгын хүлээлтийг үүсгэдэг. Хамтдаа хийж байсан үйлдлээ хийх үедээ тэр хүнээ илүү ихээр санадаг. Жишээлбэл, хүүхэд орой бүр ээжтэйгээ хамт шүдээ угаадаг байсан бол шүдээ угаах бүрдээ “Ээж хаачсан юм бол” гэдэг асуултыг өөрөөсөө асууж, “Ээж минь ороод ирэх болов уу” гэсэн хүлээлттэй байдаг. Энэ нь урт хугацааны турш үргэлжилбэл хүүхдийг энергийн хувьд маш их ядралд оруулдаг.

-“Нэг л өдөр ирнэ дээ” гэсэн хүлээлтийг нь зогсоохын тулд үнэнийг хэлэх хэрэгтэй гэсэн үг үү?

-Тийм. Хүүхэд учраас мэдэхгүй, ойлгохгүй гээд хайртай дотны хүн нь нас барсан гэдгийг хэлж өгдөггүй. Дээрээс нь хүүхэд айна гэж бодоод оршуулгад нь явахыг хориглодог. Хүүхэд юунаас, яагаад айна гэж. Аав, ээжээсээ айх юм уу, үгүй. Харин тэр хүүхдийг авч яваад, ээжийгээ тэвэрмээр байвал тэврүүлэх хэрэгтэй, үнсмээр байвал үнсүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс бид тэр бяцхан хүүхдийн хүслийг харгисаар хорьж байна шүү дээ. Хүүхэд хэчнээн бага балчир байсан ч оршуулгын ёслолд оролцохоор тархины бор гадаргад нь “Амьд байсан хүний бие ямар нэгэн хөдөлгөөн хийж чадахгүй болохоор ийм болдог юм байна. Тэгээд тэр хүнийг маань шатаасан, эсвэл газарт булсан” гэсэн танин мэдэхүйн үйл явц явагддаг. Ингэснээр тархи нь “Ээж минь ороод ирнэ” гэсэн итгэл найдвар, хүлээлтийг зогсоодог. Тиймээс тухайн хүүхдэд хайртай хүн нь байхгүй болсон гэдгийг ойлгуулаад, хүлээлтэд нь цэг тавьж өгөх нь чухал.

-Өөд болсон хүний араас уйлах муу гэж хориглодог. Томчууд хүүхдэд сэтгэлээ онгойлгох боломж олгох ёстой юу?

-Хүүхдүүд томчуудаас өөрийг нь ойлгохыг л хүсдэг. Хүүхдэд нь уй гашуу тохиоход зарим эцэг эхчүүд тэдэнд хэтрүүлэн анхаарал тавиад байдаг. Энэ нь тухайн хүүхдэд өмнө нь ийм байгаагүй хэрнээ одоо яагаад ингээд байгаа юм бол гэсэн асуулт үүсгэдэг. Эсвэл “Би сул дорой юм байна” гэсэн мэдрэмж төрүүлдэг. Эсрэгээр нь, огт тоохгүй байх нь хүүхдийн орхигдсон, хоосон мэдрэмжийг тэлдэг. Томчууд “Энэ хүүхдэд миний тусламж хэрэгтэй байна даа” гэж анзаарсан үедээ тэдэнтэй ярилцаж, дотрыг нь ухаад байхаас илүүтэйгээр гарыг нь бариад, нурууг нь илээд, хажууд нь суух хэрэгтэй. Энэ үед хүүхдэд “Энэ хүн миний хэцүү мэдрэмжийг хуваалцаж байна” гэсэн ойлголт төрдөг. Боломжтой бол хүүхдээр нас барсан хүнийх нь тухай бага багаар яриулах хэрэгтэй. Эсвэл “Аав” гэдэг үгийг өөрийнх нь амаар хэлүүлэх, аавдаа юу хэлмээр байсныг нь яриулах зэрэг нь энгийн юм шиг хэрнээ маш чухал байдаг.

Нас барсан хүний хойноос уйлвал тэр хүн нь их зовдог гэх мэтчилэнгээр томчууд хүүхдийн уйлахыг хориглодог. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдэд өөрийнхөөрөө гашуудах боломж олгодоггүй. Мөн эхнэр, нөхөр хоёрын нэг нь нас барчихвал үлдсэн нь “Би хүчтэй байх ёстой” гэж бодоод хүүхдийнхээ хажууд уйлдаггүй, шаналж буйгаа харуулдаггүй, хамтдаа шаналдаггүй. Энэ нь тухайн хүүхдэд “Аав уйлахгүй байгаа юм чинь би ч бас уйлж болохгүй. Хэрэв уйлвал би их сул дорой харагдах юм байна” гэсэн ойлголт, мэдрэмж төрүүлдэг. Нас барсан хүний тухай яриа маш хаалттай, хүнд хэцүү сэдэв мэтээр хүлээн авч, тэр хүний тухай харилцан ярилцдаггүй. Мэдээж нээлттэй ярьдаг гэр бүл олон бий.

-Уй гашууг даван туулах үе шат, цаг хугацаа гэж бий юу?

-Кюблер-Росс гэдэг эрдэмтэн үхэхээ хүлээгээд хэвтэж байгаа хүмүүстэй 20 жил ажилласан байдаг. Ажиллаж байхдаа хүмүүст сэтгэл зүйн түгээмэл өөрчлөлт гардаг болохыг анзаарч, уй гашууг даван туулах үе шатыг тогтоосон. Би удахгүй үхнэ гэдгээ мэдсэн хүн болон хайртай дотны хүмүүсээ алдсан хүн дараах үе шатыг даван туулдаг. Эхнийх нь шокын үе. Энэ үед хүмүүс өөрийгөө хүнд өвчтэй гэдгийг сонсоод цочролд ордог. Гэхдээ уй гашуу тохиолдож байгаа хүн бүр шоконд ордоггүй. Хоёр дахь нь харууслын үе, гурав дахь нь уур бухимдлын үе, дөрөв дэх нь тухайн хүнийг хэсэг амраадаг. Энэ үед “Би ингэсэн ч болоосой, тэгсэн ч болоосой” гэж боддог. Тав дахь үе нь сэтгэл гутралын үе. Энэ үе маш урт хугацаанд үргэлжилнэ. Хамгийн сүүлийн үе шатанд хүлээн зөвшөөрөх үйл явц явагддаг. Энэ үед хүн “Энэ хүн хэзээ ч ирэхгүй юм байна. Энэ хүнийг санах мэдрэмж хэзээ ч дуусахгүй юм байна” гэдгийг ойлгосны дараа эдгэрэлт явагдаж, тэр хүнийг бага багаар тавьж явуулдаг.

-“Үхэж байгаа нь биш, үлдэж байгаа нь үхдэг” гэж хүмүүс ярьдаг шүү дээ?

-Тийм. Үхэж байгаа хүний зовлон ямар нэгэн байдлаар дуусч байдаг бол үлдэж байгаа хүмүүсийн зовлон эхэлж байдаг. Монголчууд бэлгэдэлт сэтгэлгээтэй ард түмэн учраас үхэл хагацал, уй гашуу гэдэг үгээс маш их дөлдөг. Ингэлээ гээд таны амьдралд энэ зүйл тохиолдохгүй гэсэн баталгаа байхгүй. Аав нь нас барчихаад байхад юу ч болоогүй юм шиг ажил явдлыг нь хийгээд, бүх зүйлийг нь зохицуулж гүйгээд, ерөөсөө уйлдаггүй хүмүүс байдаг. Ийм хүнийг хүмүүс хараад “Энэ ямар хатуу сэтгэлтэй хүүхэд вэ” гэж боддог. Яг үнэндээ энэ хүн хатуу сэтгэлтэйдээ биш, тэр хүнд мэдээг сонсоод шоконд орсон байхыг үгүйсгэхгүй. Шокын үе явагдаж байна гэдэг бол тархины хамгаалах механизм ажиллаж байна гэсэн үг. Тархи бол хүнийг хамгаалах үүрэгтэй эрхтэн. Хайртай хүн нь нас барсан гэдгийг сонсоод тухайн хүн “Энэ мэдрэмжийг яг одоо даван туулах боломжгүй” гээд шокын байдалд ордог. Тэр хүн ямар ч мэдрэмжийг мэдрэхгүй. “Хайртай хүн чинь нас барчихлаа” гэдэг үг яг л сандал, аяга, цонх гэж хэлж байгаа мэт нөлөөлдөг. Энэ тохиолдолд тэр хүн ухамсартайгаар уйлах гэж оролдсон ч уйлж чаддаггүй.

-Та ямарваа нэгэн уй гашууг туулаад явж буй, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч чадахгүй байгаа бага насны хүүхдүүдэд хандан сэтгэлийн үгээ хэлж болох уу?

-Дэлхий нийтэд 11 дүгээр сарыг уй гашууг даван туулж байгаа хүүхдүүдийг ойлгох сар гэж тэмдэглэдэг. Энэ сарыг манай улс ноднин жилээс тэмдэглэж эхэлсэн. Энэхүү сарын нэр “Итгэл найдварын цэнхэр эрвээхий”. Эрвээхийн өсөлт хөгжлийн хамгийн хэцүү үе нь авгалдайн үе байдаг. Энэ үеийг давсны дараа эрвээхий ямар үзэсгэлэнтэй болдгийг бид мэднэ. Уй гашууг давж буй хүн үүнтэй яг адилхан.

Таны судсаар ээж, аавын тань цус гүйж, булчин шөрмөсөнд тань аав, ээжийн тань эд эс байгаа. Тиймээс хайртай дотны хүний тань бие нь байхгүй болсон ч таны дотор амьд байгаа гэдэгт итгээрэй. Хүний итгэл найдвар хэзээ ч мөхдөггүй. Хүн үхэх үед л итгэл найдвар нь тасардаг шүү дээ. Цэнхэр өнгө уй гашуу, нулимсыг бэлгэддэг. Чи дотроо хэчнээн гунигтай байсан ч өөрийнхөө дотор байгаа хайртай хүнтэйгээ эрх дураараа эрвээхий мэт нисч болно гэдгийг хэлмээр байна. Чамд одоо хэцүү байгаа ч бүх зүйл алсран холдоно. Мөн хайртай хүмүүстэйгээ холбоотой бүтээл хийж байгаарай гэж зөвлөмөөр байна.

Ө.Анхзаяа

18
0/1000