horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Б.Амарсанаа: Монголд сайн зохиолтой кино маш бага байдаг

Кино шүүмжлэгч, кино судлаач Б.Амарсанаатай ярилцлаа.

—————————————————————-

-Кино шүүмжлэгч гэж ямар хүнийг хэлэх вэ. Энгийн иргэд ч гэсэн кино үзээд шүүмжилдэг. Тэгвэл энгийн иргэдээс мэргэжлийн шүүмжлэгчид юугаараа ялгардаг вэ?

-Мэдээж кино үзсэн ямар ч үзэгч тухайн киног шүүмжилж болно. Энгийн иргэд кино шүүмжлэхдээ хэт нэг талыг барьсан, эсвэл кино бүтээхэд оролцсон хувь хүн рүү дайрах гэх мэтээр маш өнгөцхөнөөр шүүмжилдэг. Мэргэжлийн кино шүүмжлэгчид кино шүүмжлэхдээ маш этиктэй ханддаг. Нийгэм цаг үе, улс төр, тухайн кино найруулагчийн өнгөрсөнд хийгдсэн кино гэх мэт зүйлсийг кинотойгоо холбогдуулан харьцуулан ярьж, хэлж, бичдэг. Кино бол зөвхөн зохиол биш, үйл явдал биш, харин бусад бүх урлагийг өөртөө шингээсэн хамгийн нийлэг урлаг. Тэр нийлэг зүйлийг бүх талаас нь харж шүүмж хийж чадаж байвал мэргэжлийн кино шүүмжлэгч юм.

-Сүүлийн жилүүдэд гарсан монгол кинонуудаас таны сэтгэлд хамгийн их нийцсэн ямар кино байна вэ. Яагаад таалагдсан бэ?

-Би Монголд амьдраагүй бараг 10 жил болж байна. Энэ хугацаанд үзсэн монгол кино гэвэл ихэвчлэн гадаадын кино наадмууд руу явсан кинонууд байсан. Сүүлийн жилүүдэд гарсан кинонуудаас П.Золжаргал найруулагчийн найруулсан Монгол, Франц зэрэг дөрвөн улсын хамтран бүтээсэн “Баавгай болохсон” кино сэтгэлд маш их хүрсэн. Таалагдсан шалтгаан нь нийгмийн реалист байдлыг харуулсан ба нэг хэсэг монголчуудын амьдарч байгаа байдлыг нөгөө хэсэг монголчуудад харуулж өгсөн юм шиг санагддаг.

-Таны сэтгэлд нийцээгүй ямар кино байна вэ?

-Яг сэтгэлд нийцээгүй кино гэхээр толгойд буухгүй байна. Харин сэтгэлд нийцээгүй киноны хэсгүүд бол байгаа. Ихэнх монгол кинонуудад ажиглагддаг зүйл бол театржсан харилцан яриаг кинондоо тусгах явдал. Сонирхолтой жишээ татвал “Худалдагч охин” киноны хувьд жүжиглэлт сайн ч харилцан яриа, үгээ хэлж байгаа байдлын хувьд “модон” тайзны маягийн театрчилсан хэв маягтай учир монгол хэл мэддэг үзэгчид үзэхэд ойлгомжгүй санагдахаар. Гадаад үзэгчдийн хувьд хэлийг нь ойлгохгүй тул энэ тал нь анзаарагдахгүй. Тиймдээ ч гадаадын үзэгчдэд илүү сайн хүрсэн бүтээл болсон.

-Монголын кино салбарт тулгарч буй гол бэрхшээл, сорилтууд юу байна вэ. Тэдгээрийг даван туулах арга юу вэ?

-Кино салбарыг бүхэлд нь зохиогчийн болон арилжааны гэж ангилбал Монголд арилжааны салбар нь асуудал багатай хөгжиж байна гэж бодож байна. Монголын кино үзэгчдийн ялгарах онцлог нь Монголын кино уран бүтээлчдэд найдлага тасраад буугаад өгчихөөгүй, шинэ кино гарах бүрд л тодорхой хэмжээнд сонирхон үздэг. Энэ итгэл найдварыг кино уран бүтээлчид маань хөсөр хаячихгүйхэн шиг байгаасай гэж боддог. Монголд адал явдалт, аймшгийн гэх мэт кинонууд үнэхээр сайн хийгддэг болчихсон байгаа нь харагдсан. Монголын кино салбарт бизнесийн талын янз бүрийн зөрчилдөөнүүд ажиглагддаг. Жишээ нь, саяхан Б.Баатар найруулагч “Гажуудал” нэртэй шинэ бүтээл гаргасан. Найруулагч маань тус бүтээлийнхээ талаар ярилцлага өгөхдөө киноныхоо нээлтийг театрт хийхгүй шууд IPTV (Интернэт протоколд суурилсан телевиз)-д оруулна хэмээсэн. Үүний учир нь кино театруудын авдаг ашгийн хэмжээ их. Монголын кино театрууд дэлхийн кино театруудын жишигтэй дүйцэх ашиг 50 хувийг авдаг ч үзэгчид театрыг зорьж очоод кино үзэх тухтай орчныг нь бүрдүүлж чаддаггүй. Жишээ нь, Өргөө кино театрын чанга яригч царгидаг гэсэн асуудлыг үзэгчид гомдоллосоор ирсэн. Нөгөө талаас IPTV-ийн ашиг орлого үзэлтийн хэмжээ нь шилэн бус байдагт уран бүтээлчид шүүмжлэлттэй ханддаг.

-Сүүлийн үед шинээр гарч байгаа болон үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа кинонууд байх ёстой хэм хэмжээнээсээ хэтэрсэн ёс бус үйлдүүд (хараалын үг, зодоон, цус) их харуулж байгаа нь ажиглагдах болсон. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхийн аль ч улсад ямар ч цаг үед аймшгийн, тулаант, адал явдалт, инээдмийн гэх мэт арилжааны кинонууд хамгийн их хандалттай байдаг, байсаар ч байх болно. Кино бол тал нь урлаг, тал нь бизнес тул энэ хоёр ойлголт салшгүй холбоотой. Кино продакшнууд нэг арилжааны кино бүтээгээд о лсон орлогоороо өөрсдийгөө санхүүжүүлж, дараагийн уран бүтээлээ хийх хөрөнгөө босгодог. Арилжааны кинонууд амжилттай байлаа гээд тухайн улсад, кино салбарт муу нөлөөтэй, эсвэл буруу зүйл байхгүй. Үзэгчид юу сонирхож байна тэрийг кино салбарынхан хийдэг. Тэглээ гээд үзэгчдийг буруутгах боломжгүй. Үзэгчдэд ямар кино үзүүлэх боломжийг олгох вэ гэдгийг кино театрууд болон телевизүүд хийдэг. Монголын зах зээл жижиг, гурван сая гаруй хүнээс хэдхэн хувь нь кино үздэг. Тэгэхээр тэр хүмүүст таалагдахаар кино бүтээдэг. Сүүлийн үеийн бүтээлүүдээс хамгийн том амжилт гаргасан кино бол “Баавгай болохсон”. Гэтэл тэр киноны үзэлтийн тоо маш бага байдаг. Гэтэл “Баян боол”, “Зура” гэх мэт кинонуудыг хэдэн зуун мянган хүн үзсэн байдаг. Нөхцөл байдал ийм байгаа болохоор үүнийг өөрчлөх хэцүү.

-Монголд гарч байгаа кинонууд үзэгчдээ татаж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Зарим кинонуудыг үзэгчид сайн кино байна гэж сайшаалтай ханддаг ч кино театрууд долоо хоног ч бололгүй тухайн киног буулгадаг тохиолдол гарч байсан. Кино театруудаар гарахаа болино гэхээр энэ киног үзэх үзэгчид байхгүй гэж дүгнэж болохоор. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Кино театруудаар г арахаа болих олон шалтгаан байж болно. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь үзэгчид тэр киног үзэхгүй байх. Кино театрууд ч ашгаа бодож “Хүн үзэхгүй кино байвал энэ киног буулгаад өөр үзвэр оруулъя” гэдэг. Кино театруудаар гаргахаа болилоо гэхэд IPTV-ээр тухайн кино гарна. Тэнд хоёр дахь шатны үзэгчид байдаг. Кино театруудаас IPTV-ийн үзэгчид арай олон байдаг. Шинээр гарч байгаа кинонууд үзэгчдээ татаж чаддаггүй гэдэг үнэн. Дийлэнх киноны маркетинг маш муу явагддаг. Анх кино хийх төсвөө буруу баталдаг шиг байгаа юм. Кино хийгдэж дууслаа бол төсөв нь дуусчихдаг. Киногоо дараа нь яаж хүмүүст хүргэх, сурталчлах, маркетинг хийх төсөв үлддэггүй. Хамгийн харамсмаар нь яагаад гадаадын кино фестивальд киногоо явуулдаггүй юм бэ гэхэд англи хэл дээр хадмал орчуулах төсөв байхгүй гээд киногоо явуулж чадалгүй үлдэх тохиолдлууд олон байдаг.

-Монголын кино зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн төлөвийг та хэрхэн тодорхойлж байна вэ?

-Миний хувьд Монголын кино салбарын ирээдүйг эерэгээр харж байгаа. Маш олон кино бүтээлүүд том, том кино фестивалиуд руу явж байна. Монголын кино салбарыг “Монгол киног дэлхийн тавцанд гаргая” гэсэн зорилготой нэг үеийнхэн төлөөлөөд эхэллээ. Энэ давлагаа тасрахгүй байгаасай гэж найдаж байна. Дотооддоо арилжааны кинонуудыг хийж байсан нь дээр. Цаашдаа ч хийгээд явах байх. Үсрэнгүй хөгжил авчирсан кино гарахгүй байх, гараад байх ч шаардлагагүй. Харин удаанаар ч хамаагүй тогтвортой хөгжөөд яваасай гэж хүсдэг.

-Монгол кино агуулга сэдвийн хувьд танд ямар санагддаг вэ. Нийгэмд хандах хандлага, илэрхийлэмж нь хэр байна вэ?

-Монголын дийлэнх кинонууд нийгэм рүү чиглэсэн илэрхийлэмж маш дутмаг санагддаг. Хийгдэж байгаа кинонууд нь хэдхэн хүмүүсийн хоорондох үйл явдлаас гарч, давж чаддаггүй. Инээдмийн кино байлаа гэхэд инээлгээд л өнгөрдөг. Гэтэл инээдмийн кино бол зөвхөн инээлгэх гэхээсээ илүү чухал сэдэв хөндсөн байж болно. Миний үзээгүй ганц нэг кино байж магадгүй ч Монгол Улс сүүлийн 30 жил ардчиллаар овоглож байгаа хэрнээ улс төрийг шүүмжилсэн кинонууд огт байдаггүй шахуу.

-Монголын кино үйлдвэрлэлийн чанар, технологийн түвшин хэр сайжирч байна вэ. Цаашид анхаарах зүйлс юу байна вэ?

-Би хувьдаа ямар ч технологи байсан тэрийг заавал ашиглах бус киноныхоо хэв маягт тааруулж технологио сонгох хэрэгтэй гэж боддог. Кино үйлдвэрлэлийн чанар, технологийн түвшин маш хурдтай сайжирч байгаа. Жишээ нь, хэдхэн жилийн өмнө дроноор зураг авахад, камерын гэрэл тохируулж чаддаггүй байсан бол одоо бүх зүйлийг гар утсаараа удирдчихдаг болсон байна.

-Гадаадын алдар тай кинонуудтай харьцуулахад монгол киноны давуу болон сул тал нь юу вэ?

-Монгол киноны давуу тал гэвэл Монголын өнөөгийн нөхцөл байдал, өөрчлөлтийг тусгаж харуулах боломжтой байдаг. Хуучин монгол кинонуудыг үзэхээр нэг зүйл, утга санааг давтчихсан (жишээ нь, тэмээ, морь унаж байгаа хүүхэд, хөдөө тал гэх мэт) юм шиг санагддаг. Харин сүүлийн үед гарч байгаа кинонууд тэр үзэл санааг эвдэж гарч ирсэн. Монголын өвөрмөц онцлогийг хотын амьдралтай уялдуулан гаргаж өгдөг юм шиг санагддаг. “Худалдагч охин” дээр ч монгол кинонуудад гардаг онцлогийг тусгасан ч гол агуулга нь маш нээлттэй, модерн төрлийн кино болсон. Энийг ч гадаадын кино урлагийнхан үнэлсэн.

Сул тал гэвэл сайн зохиолтой кинонууд маш бага байдаг. Зохиол хөгжүүлэлтийн хувьд маш түүхий. Зохиол муу болохоор чанаргүй кинонууд гараад байгаа байх аа гэж боддог.

-Монголын кино салбарынхан зохиолгүй кино хийдэг гэсэн цуу яриа байдаг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Би ч гэсэн тиймэрхүү зүйл сонсож байсан. Энэ мэдээж болохгүй зүйл. Уран бүтээл талаасаа ярьдаггүй юм аа гэхэд практик бизнес гэдэг өнцгөөс авч үзвэл маш харалган үйлдэл. Зураг авалт дээр маш олон хүмүүс ажилладаг. Тэр хүмүүсийн байрлах газар, хоол унд гэх мэт тэр бүрд зардал нь явсаар зарлага их гарч төсөв хүрэлцээгүй болох эрсдэлтэй. Монголд бага төсөвтэй, хэдэн од хүмүүс тоглосон, зохиолгүй хийгдэж байгаа кинонууд олон. Хэн тоглосон, маркетинг хэр хийснээс шалтгаалан үзэгчдийг татаж ашигтай ажиллаад дахиад зохиолгүй кино давтаж хийх тохиолдлууд гарч байна. Энэ үед кино шүүмжлэгч тухайн киноны юу нь болж бүтэхгүй байна вэ гэдгийг шударгаар шүүмжилж гаргаж ирдэг. Кино шүүмжлэгчийн бичсэн шүүмжийг үзэгчид уншаад ирээдүйд ийм төрлийн киног үзэхгүй гэж шийдвэл кино бүтээгчид дахиад тиймэрхүү төрлийн кино хийх нь багасна.

-Сүүлийн үед гарч байгаа монгол кинонуудад ямар нэгэн философи, гүн гүнзгий агуулга багатай болчихсон юм шиг санагдаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Киноны хэлэх гэсэн санаа үзэж байгаа үзэгчдээс нь шалтгаалаад өөр, өөр байж болно. Надад ямар ч утга учиргүй санагдсан кино байхад өөр нэгэн арай өөрөөр хүлээж авч болно.

Б.Баярмаа

61
0/1000