Жагсаалтад багтаах 48 хүнээ сонгохдоо нам, эсвэл бүр олон талаас нь шинжиж, долоон удаа хэмжиж байна. Тэдэн дундаас МАН-ын жагсаалт нэлээд онцлог. Нэг ч улстөрч, даргыг энэ жагсаалтад оруулахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, малчин, багш, эмч, инженер, оюутан, ахмад настан гэх мэт нийгмийн олон янзын бүлгийн төлөөллийг тус нам жагсаалтдаа оруулахаар тогтжээ.
Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна.
Сонгуулийн сурталчилгаа 6 дугаар сарын 10-нд эхэлж 26-нд дуусна. Нэр дэвшигчид энэ хугацаанд амжиж, өөрийгөө сонгогчдод таниулан, сэтгэлийг нь татаж, саналыг нь авах шаардлагатай. Энэ бачим хугацаанд шинэ хүн өөрийгөө таниулж яагаад ч барахгүй. Жагсаалтынханд энэ хугацаа, сурталчилгаа огт хамаагүй мэт харагдаж байгаа боловч тийм биш. “Манай намын жагсаалтад ийм тийм гайхамшигтай хүмүүс багтсан шүү. Тэднийг сонгох бол манай намын нэрийг дугуйлаарай” гэж МАН сурталчилна. Тиймээс жагсаалтынхан нэртэй, зүстэй байх шаардлагатай. Энэ бол маш чухал шаардлага. Наанаа бол жагсаалтынхан МАН-ын нэрээр сонгуульд оролцох боловч цаанаа бол МАН жагсаалтынхны нэрээр сонгуульд өрсөлдөх юм.
“Манай намын жагсаалтад ийм тийм гайхамшигтай хүмүүс багтсан шүү. Тэднийг сонгох бол манай намын нэрийг дугуйлаарай” гэж МАН сурталчилна.
Харин өнөө нийгмийн олон янз байдлын төлөөллүүд нь өөрсдөд нь тийм боломж олгож байгааг мэдээ ч үгүй явна. Учир нь жагсаалтад багтах хүсэлт өгсөн хүн одоогоор тун цөөн байгаа ажээ. Гэхдээ хүсэл байгаад, нэрээ өгөөд, жагсаалтад багтана гэсэн баталгаа байхгүй. Нийгмийн аль салбараас хэнийг сонгож, хэддүгээрт жагсаахаа МАН шийднэ. Тэгэхээр МАН өөрийн шалгуурт тэнцсэн хүнд санал тавих юм байна.
Аль салбарыг хэн төлөөлж чадах вэ гэдэг нь чухал. Тиймээс жагсаалтаар оруулах хүмүүсээ нарийн шалгуураар хэмжих нь. Одоогоор салбартаа танигдсан, салбараа төлөөлж чадах хүмүүсийг судалж байгаа аж. Багш хүний нэрийг жагсаалтад бичвэл Монголын багш нар түүнийг дэмжээд, МАН-д санал өгнө гэж тооцжээ. УИХ-ын 2016 оны сонгуулийн 26 дугаар тойрог Сэлэнгэ аймагт Монголын паралимпийн аварга Д.Баатаржавыг “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл нэр дэвшүүлсэн юм. 2008 онд Бээжингийн тэнгэрт Төрийн далбаагаа мандуулсан түүнийг сонгогчид УИХ-д суулгаагүй. Олимпын тэнгэрт ивээгдсэн түүнийг сонгуулийн аз тэтгээгүй. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, паралимпийн аварга гээд түүний нэр тэнгэрт дуурьсдаг. Түүнийг Монгол даяараа танина. Паралимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны гишүүн гээд сонгуульт ажил олныг амжуулдаг түүнийг УИХ-ын гишүүний ажлыг чин сэтгэлээсээ хийж чадна гэдэгт хэн ч эргэлзээгүй. Гэвч яагаад ч юм бэ, сонгоогүй.
Уран мэхийг уралдуулан өрсөлдвөл сонгогчдод л сайхан биз дээ.
Улс төрд бөхчүүд зөндөө. Спортын бусад салбарынхнаа төлөөлж, холимог тулааны тамирчин, мутай, кикбоксын Дэлхийн аварга Ц.Амарбаясгалан 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшсэн. Бас сонгоогүй. Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Х.Бат-Ялалт нарыг хуульч гэдгээр нь олон нийт андахгүй. Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасанг хөгшчүүд байтугай хүүхдүүд ч танина. Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслангийн нэрийг гудамжныхнаар барахгүй ордныхон цээжилсэн. Гэвч сонгогчид тэднийг УИХ-ын танхимд биш, гудамжинд байлгахыг хүссэн юм. Учир нь сонгогчдын нүд эрээн алаг өнгө харахаараа бүрэлздэг бололтой.
Харин одоо сонгогчид нийгмийн олон бүлгийн төлөөлөлд яаж хандах бол? МАН үүнийг бодолцсон гэнэ. Тэднийг сонгохдоо эрээвэр хуваавар өнгө үүсгэлгүй, солонгын долоон өнгөөр сонгогчдын нүдийг баясгах юм гэнэ. Малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүгд УИХ-д өөрсдийн төлөөлөлтэй болохоос татгалзахгүй. Ард түмэн ч гэсэн тэднийг дэмжихээс дургүйцэхгүй болов уу. Сувилагч, малчин, уурхайчид ч “зэвсэг” нэгт ах дүүгээ УИХ-д илгээх биз. Тэд энэ алтан боломжийг алдахгүйн тулд МАН-д саналаа өгөх нь лав. МАН сонгогчдын саналыг татах ийм л уран нүүдэл хийх нь. МАН-ын энэ нүүдлийг хаах илүү уран нүүдэл бусад нам, эвсэлд бий гэж найдъя. Уран мэхийг уралдуулан өрсөлдвөл сонгогчдод л сайхан биз дээ.