Ч.СУГАРМАА: УИХ-ын гишүүн асан Р.Буд компани байгуулж тендер авч байгаа нь үнэн

2024 оны 5 сарын 152024-05-15
Ч.СУГАРМАА: УИХ-ын гишүүн асан Р.Буд компани байгуулж тендер авч байгаа нь үнэн

 

ЗТХЯ тендерийн хууль тогтоомжийг зөрчиж, автозамын зөвлөх үйлчилгээний тендерийг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн компаниудад өгч, жижиг компаниудын өрсөлдөх эрхийг хязгаарлаж байгаа асуудлыг автозамын компаниуд хөндсөн. Үүнд голлон нөлөөлж буй хүн нь Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа гэнэ. Энэ талаар Ч.Сугармаатай ярилцлаа.

-Таны ажлын гараа хаанаас эхлэсэн бэ?

-Би 1997 онд  ШУТИС төгссөн. Үүнээс хойш төрд тасралтгүй ажилласан. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, УИХ-ын Тамгын газар,Автозамын газар гэх мэт. Харин одоогийн энэ албан тушаалыг С.Бямбацогт сайд надад санал болгосон. Надад С.Бямбацогт “Чи л энэ албан тушаалд ажиллахад болно” гэж байсан.

-Энэ хугацаанд та ямар ажил хийв. Автозамын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг зарим компанийнхан таныг энэ албан тушаалд томилогдсоноос хойш тендер шалгаруулалт будлиантаж эхэлсэн гэж ярьж  байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Автозамын чанар зургаас, хяналтаас хамааралтай. Би нэг жилийн хугацаанд автозамын хяналтын зураг төслийг сайжруулах ажил эхлүүлсэн. Ингээд зургийн компаниудад шаардлага тавьж, Дарханы замын зургийг хийсэн “Эм Си Пи Си”, “Ай Си Ти”  компанид шаардлага тавьж, олон албан бичиг явуулсан. Алдааг нь залруулахын тулд олон компанитай тулж ажиллах шаардлагатай болсон. Зураг сайжруулах зорилгоор компаниудад тавих шаардлагыг чангатгасан гэсэн үг. Хоёрдугаарт, автозамын салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөл гэж бий. Үүнийг би ахалдаг юм. ХЗТ компанийн Х.Хүрэлбаатар гэж хүн бий. Тэр хүн л хэл ам гаргадаг. Учир нь материал нь байнга дутуу  ирдэг. Энэ ч гайгүй. Сайдын тушаал гарч, АЗЗА-нуудыг нэгтгэсэн нэгтгэл байгуулах гэж байна. Үүнийг мөн л автозамын компаниуд эсэргүүцсэн. Үүнд намайг нөлөөлж байна гэж хараад байгаа юм. Үгүй. Энэ бол сайдын тушаал учраас би нөлөөлөөгүй. Би тендерт нөлөөлөх боломжгүй.

-Та 2023 оны 5 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн төвийн Пүрэвжаргалтай хамт Автозамчдын холбооны өмнөх тэргүүн Бямбаа гэх хүнийг өрөөндөө дуудаж, автозамын компаниудын зөвлөх үйлчилгээний тендерийг үнийн дүнгээр нь ялгах асуудал ярьсан гэдэг. 500 саяас дээш, тэрбумаар хэмжигдэх төгрөгийн үнэтэй тендерийг ЗТХЯ-аар дамжуулж, Зам тээврийн хөгжлийн төвтэй шууд гэрээлж байя гэж ярьсан гэсэн. Энэ  ямар учиртай юм бэ?

-Энэ яриа 2023 онд гарсан, намайг энд ирээгүй байх үед. Тэгэхээр би үүнд оролцоогүй. Ямар ч гэсэн томоохон тендерүүдийг Зам, тээврийн хөгжлийн төвтэй гэрээлж, гүйцэтгэнэ гэх сайдын тушаал бий. Энэ ямар зорилготойг мэдэхгүй. Харин би “Зам, тээврийн хөгжлийн төвд бүгдийг нь өгч болохгүй. Өрсөлдөөнтэй байх ёстой”  гэх байр суурьтай байсан.

-Та Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн даргаар ажилладаг. Автозамын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудад тендер өгөх эсэх асуудал энд эхэлж яригддаг. Тэгвэл энэ зөвлөлөөр дамжуулан, УИХ-ын гишүүнээр ажиллаж  байсан Р. Буд гэх хүний “Каеро” гэдэг компанид Ховд аймгийн Мөнххайрхан сумын чиглэлд тавих автозамын 3 тэрбум төгрөгийн тендер өгчээ. Р.Буд энэ тендерийг ЗТХЯ-нд ажиллаж байсан Баасанхүүгийн “Ар Си Эс” компаниар дамжуулж авсан байна. “Каеро” компаниа энэ тендерийг авахын тулд 2023 онд байгуулж, туслан гүйцэтгэгчээр орсон байх жишээний... Энэ нь хэр шударга юм бэ?

-Р.Буд дарга компани байгуулсан нь үнэн. Би ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл өгдөггүй. Ер нь замын салбарт насаараа ажилласан инженерүүд тэтгэвэрт гарсан хойноо компани байгуулдаг. ЗТХЯ болон Замын хөгжлийн төв гээд газруудад ажилладаг байсан хүмүүс шүү дээ.  

Тухайлбал, Нийслэлийн Замын газрын даргаар ажиллаж  байсан “Мөнхөд-Ашидын зам” компанийн Д.Нанзаддорж. Мөн манай яамны агентлагийн даргаар ажиллаж байсан Б.Энхтөр. Тэр хүн “Хязгааргүй хөдөлгөөн” компаниа байгуулаад, бурхан болсон. “Ар Си Эс” компанийн Д.Баасанхүү гэж дарга байсан, мөн л бурхан болсон. Түүний хувьд Аялал жуулчлалын яам гэж байхад газрын даргаар ажилладаг байсан юм. Компанийг  нь одоо  хүүхдүүд нь ажиллуулдаг. “Ар Си Эс” компанийн туслан гүйцэтгэгчээр Р.Будын компани орсон нь үнэн. Ер нь Р.Буд автозамын компани байгуулж зөвлөх үйлчилгээний  тендерт ордог.  

-Та нэгэн үед Р.Буд гишүүний туслахаар ажиллаж байсан. Эдгээр тендерийг авахад та нөлөөлж байгаа юу?

-Үгүй. Би зөвхөн технологийн зөвлөлд орох компаниудын материалыг л хянадаг. 

-ЗТХЯ-нд дандаа Ховд чиглэлийн автозамын тендер зарлах юм. Шалтгаан нь юу вэ. Энэ онд Ховд чиглэлд автозам тавих хэдэн тендер байгаа вэ?

-Одоо манай яаманд Ховд чиглэлийн автозамын зөвлөх үйлчилгээний 7-8 ажил байгаа. С.Бямбацогт сайдын буруу биш л дээ. Өөрийнх  нь тойрог болохоор авч үлдсэн байх.

-Та “Харгуй”, “Талын зам”, “Ростов”, Зам, тээврийн хөгжлийн төв гээд төрийн болон хувийн байгууллагуудаас цалинждаг юм байна лээ. Үүнийг тайлбарлаач?

-Улсын хэмжээнд АЗЗА 20 бий. Эдгээрийн ТУЗ-д ЗТХЯ-наас хүн ордог. Би “Харгуй”, “Талын зам” компанийн ТУЗ-ийн гишүүн. Ингээд сард 300 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнийг хуулиар зөвшөөрсөн байдаг. 4 дүгээр сарын 1-нээс энэ ТУЗ бүгд татан буугдсан. Тэгэхээр ийм асуудал дахиж үүсэхгүй.

-Тэгвэл “Ростов” компани яагаад таны нийгмийн даатгалыг төлсөн юм бэ?

-Тийм тохиолдол байхгүй. “Ростов” компанийн захирал Я.Баярхүү бид хоёр оюутан ангийн найзууд. Төрийн байгууллагад ажиллаж байгаа тохиолдолд бид нийгмийн даатгалаа хувийн хэвшлээр төлүүлэх хориотой. Тийм бол шууд АТГ шалгах ёстой.

 Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар материал оруулж байгаа компаниуд бидэнд нэг цагийн 30-40 мянган төгрөгийн цалин өгдөг юм. Компаниуд Зам, тээврийн хөгжлийн төвд уг цалинг шилжүүлэхдээ татвар авдаг байх. Магадгүй түүний баримт биз...

-Дарханы замын чанар, стандарт зэргийг хэр мөрдүүлж байгаа вэ. Энэ замыг зураг төслийн дагуу тавьж чадаж байна уу?

-Миний өмнөх дарга нар бүгд авлигын хэрэгт холбогдоод, Дарханы замын асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа. Дарханы замын одоогийн нөхцөл байдал бол эвгүй. Би энэ замд их санаа зовдог.

-Тухайлбал юунд тэр вэ?

-Тэр олон тойрог бол маш аюултай. Дарханы автозамын ажлыг гүйцэтгэж байгаа “Эм Си Пи Си Жи”  компанид шаардлага хүргүүлсэн.

-Ямар шаардлага?

-Шууд хэлэх боломжгүй байна. Баримт бичгүүдээ харж байж хэлнэ.

-Дундговиос Төв аймаг орох замд том оврын автомашин автобустай мөргөлдөж, олон хүн амь, эрүүл мэндээрээ хохирсон. Энэ ослын шалтгааныг та юу гэж харж байгаа вэ. Тухайн үеийн эх сурвалж Дундговийн зам нарийхан, засаж арчлах шаардлагатайг онцолсон. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Энэ жил зам арчлалтын төсөвт 56 тэрбум төсөвлөгдсөн ч талыг нь хаврын цаснаар дуусгачихсан. Бид ослын дүгнэлтийг хүлээж байна. 

Санал болгох

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

4 цагийн өмнө
Үерт өртөх эрсдэлтэй айл өрхүүдэд газар чөлөөлөх  мэдэгдлэл хүргүүлж эхэллээ

Өнгөрсөн жил дээрх гурван хорооны 255 айл өрх үерт автсан бөгөөд эдгээр айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байжээ. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 614 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа бөгөөд 116 айл өрх нь газар эзэмших зөвшөөрөлгүй байгааг холбогдох байгууллагаас хэллээ

4 цагийн өмнө
Голуудын усны түвшин 5-20 см давжээ

Тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Орхон голын дунд хэсгээр, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн бол Сэлбэ, Ховд, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Булган гол Байтаг, Үенч гол Үенч сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна.

2 өдрийн өмнө
Голууд үерлэж байна

3 өдрийн өмнө