Ардын нам ирэх дөрвөн жилд хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэх юм байна

2024 оны 6 сарын 112024-06-11
Ардын нам ирэх дөрвөн жилд хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэх юм байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль орон даяар эхэллээ. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 42 бие даагч буюу нийтдээ 1336 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Тэд өчигдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэв. Улс төрийн ууган хүчин болох МАН-ын хувьд тойрогт болон намын жагсаалтаар нийт 126 хүнийг нэр дэвшүүлсэн. МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлтийн арга хэмжээнд нэр дэвшигчдийн төлөөлөл, намын гишүүд, дэмжигчид, ахмадууд болон залуучууд, жирийн иргэдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигчиддээ амжилт хүсч үг хэлсэн юм. Тэрбээр “76 гишүүнтэй парламент түүх болон үлдэж, салбар, салбарын дуу хоолой, иргэдийн оролцоонд тулгуурласан шинэ парламентын түүхийг хамтдаа эхлүүлж байна. 

Энэхүү сонгууль нь  гацсан бүхнийг хөдөлгөх, гажсан бүхнийг засах, эдийн засгаа өрх бүрт хүртээмжтэй болгох, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа аварч үлдэх, парламентад итгэх итгэлийг сэргээх та бидний хамтын тэмцэл байх ёстой. Тусгаар тогтнол эрх чөлөө ардчилал, шударга ёс бол зүгээр тэнгэрээс унаж ирдэг үнэт зүйл биш. Хамтдаа тэмцэж босгодог, хамгаалах ёстой үнэт зүйл юм. Авлигатай хийх тэмцэл өнгөрсөн хугацаанд цар тахалтай тэмцэхээс хүнд байсныг би нуухгүй. Бидэнд чадсан чадаагүй, нийгэмд тэмцлээ ойлгуулж чадсан чадаагүй зүйл олон бий. Гэхдээ иргэдийн мэдэх эрх хангагдаж, авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн тогтож, түмэн олны ойлголт өдрөөс өдөрт хэрсүүжиж, ард түмний ёс зүйн өндөрлөгт шударга ёсны туг өндрөөс өндөрт мандсан учраас бид энэ тэмцэлд ялсан. Ард түмэн энэхүү ёс зүйн өндөрлөгөөс ухрахгүй.

Тийм учраас энэ бол ард түмний ялалт шинэ 30 жилийн эхлэл байж ч адсан. Намынхаа жагсаалтыг бүрдүүлэхдээ мэргэжлийн экспертүүд, инженер, шинжлэх ухаан технологийн оюун санааны охь болсон мэргэжилтнүүдээ жагсаалтад урьж, улстөрчдийг тойрогт өрсөлдөх улс төрийн шийдвэрийг Ерөнхий сайдын хувиар гаргаж, манай намын хамт олон дэмжсэн. Ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө хот хөдөөгийн бүсчилсэн хөгжлийн реформд түлхүү чиглэх болно. Бид ирэх дөрвөн жилд хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Бүс бүхнийг холбосон дэд бүтцийг байгуулна. Мянганы зам эхэлж байхад мянгуужингийн үлгэр гэж ярьдаг байсан, бид мянганы замаа энэ жил дуусгасан. Бид хамтдаа мянганы зам төслийн үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг хооронд нь, боомтыг хооронд нь, аймгийн төвүүдийг боомтуудтай холбосон таван тойрог зам төслийг эхлүүлж, мөн дуусгах болно. Энэ бол хөдөөгийн сэргэлтийн хүрээнд төвлөрлийг сааруулах суурь болно. Нийслэл Улаанбаатар  хотыг бүсчлэн хөгжүүлэх, эмнэлэг сургууль, цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, спорт, соёлын үйлчилгээг 20 минутад авах шинэ стандартыг хуульчлан тогтооно. 20 минутын хотыг байгуулахын тулд нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд орсон хөрөнгө оруулалтаас давсан илүү их хөрөнгө оруулалтыг ирэх гурван жилийн дотор оруулах болно. Нийслэлд хангалттай хэмжээний санхүүжилт байгаа. Энэ томоохон суурь болсон дэд бүтцийн асуудлыг Засгийн газар сонгуулийн дараахь 100 хоногтоо багтаан хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийднэ. Энэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд бид хотын төвийг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай дэд бүтцээр холбоно. Нийслэлийн их бага тойруу 700 орчим га. Энэ дунд төрийн эрх мэдлийн 90 хувь төвлөрч байгаа. Тийм учраас төрийн эрх мэдлийг задалж, олон тулгуурт болгож, иргэн бүхэн хувийн хэвшил бүхэн маш хялбар үйлчилгээ авах боломжийг И Монгол төсөлтэй уялдуулан цахим инновацийн том төв байгуулснаар шийдэх болно. Монгол Улсын нүүр царай болсон өөдөө тэмүүлэх Монгол буюу гүүрийг байгуулах болно. Нийслэлийг Хөшигийн хөндийтэй холбох гүүрийг байгуулна. Хөрөнгө оруулалтыг нь Засгийн газрын эхний 100 хоногт шийднэ” гэлээ.

“Ард түмний ялалт” уриатайгаар парламентын сонгуульд оролцож буй МАН-ын нээлтэд оролцогсод “Бүсчилсэн хөгжил”, “emongolia 4.0”, “MONGOLIA” зэрэг лоозонгууд барьсан харагдав. Энэ үеэр МАНаас нийслэлийн зургаан тойрогт нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан юм. Тэдэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар нар амжилт хүсэхдээ “Хуулийн хүрээнд нэр төртэй шударга өрсөлдөөрэй” гэж захив. МАН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө өмнөх сонгуульд оролцохдоо амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гүйцэтгэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгажээ. Цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, олон улсын түвшинд баталгаажуулах, ард түмэнд ирж буй эдийн засаг болон нийгмийн өсөлттэй байдлыг батлан хангах том зорилгыг агуулсан байна. 

Өчигдөр нээлтээ хийсэн сонгуулийн сурталчилгаа 16 хоногийн турш үргэлжилнэ. Сөрөг хүчин болох Ардчилсан нам “Бүтэн Монгол бүрэн ардчилал” уриатай сонгуульд оролцож байгаа. Харин бусад улс төрийн хүчнүүд ямар уриа дэвшүүлснийг сонирхуулъя. Үндэсний эвсэл “Үндэстнээрээ баяжъя”, Иргэний зориг ногоон нам “Зоригтой бай”, Шинэ нэгдсэн эвсэл “Шинэ сонголт шинэ Монгол”, Бүгд найрамдах нам “Ухаалаг сонголт”, Монголын социал демократ нам “Тэвчээрт хягаар бий, одоо л шийд, биднийг зоригтой сонго”, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам “Хүчирхэг Монголыг бүтээхийн тулд ад түмнээрээ шийдүүлнэ”, Иргэний хөдөлгөөний нам “Ялагдал үгүй мөнх орших ирээдүйн төлөө”,  ХҮН нам “Өөрчилнө! Цаг нь болсон”, Монголконсерватив нам “Төрийн эрхийг ард түмэнд”, Монголын хүний төлөө нам “Шүүхийг шүүнэ”, Үнэн ба зөв нам “Хүчтэй сөрөг хүчин”, Эрх чөлөөний эвсэл нам “Хувь хүний эрх чөлөөхязгаарлагдмал төр”, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам “Сайн сонголт”, Иргэдийн оролцооны нэгдсэн нам “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриатайгаар тус, тус сонгуульд өрсөлдөж байна. 

Эх сурвалж: "Өдрийн сонин"

М.Мөнх

Санал болгох

Гадаадад буй монголчуудын санал өгөх бүртгэл өнөөдөр хаагдана

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар гадаадын 34 улсаас 10,221 хүн санал өгөх бүртгэлээ хийлгэжээ.

2 өдрийн өмнө
Нам, эвслийн дарга нар “нээлтийн үг”-ндээ юуг онцолсон бэ?

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 10-нд эхэлсэн. Дөрөв хонож байна. Тэгвэл тэрхүү сурталчилгааны нээлт дээр энэ сонгуульд  оролцож буй улс төрийн нам, эвслүүдийн дарга, тэргүүнүүд ямар үг хэлж, юуг онцолсон талаар доор хураангуйлав.

2 өдрийн өмнө
“СОНГОГЧ ТАНАА” гарын авлагыг хүлээн авна уу

Сонгуулийн ерөнхий хороо “СОНГОГЧ ТАНАА” гарын авлага бэлтгэснийг хүлээн авч, танилцана уу.  Сонгогч Танд уг гарын авлагыг Хэсгийн хорооноос хүргүүлэх юм. “СОНГОГЧ ТАНАА” гарын авлагын QR кодыг уншуулж AR технологиор дижитал контент хэлбэрээр үзэх боломжтой.

2 өдрийн өмнө