Б.Дэлгэрсүрэн: Экспорт, импортын зохицуулалт алдагдсан нь Гадаад худалдааны яамгүйтэй холбоотой

2024 оны 6 сарын 122024-06-12
Б.Дэлгэрсүрэн: Экспорт, импортын зохицуулалт алдагдсан нь Гадаад худалдааны яамгүйтэй холбоотой

Тяньжинаас Эрээн рүү аялах галт тэргийн тоо нэмэгдэхгүй байгаатай холбогдуулан тус боомтоос автомашинаар чингэлэг тээвэрлэж эхэлсэн аж. Тяньжинд манай улсын чингэлгийн бөөгнөрөл хэзээ багасч, хэвийн горимд шилжих нь тодорхойгүй байна. Энэ асуудлыг хэр хэн шийдвэрлэж болох талаар Гадаад худалдааны яамны орлогч сайд асан, худалдааны гавьяат ажилтан Б.Дэлгэрсүрэнгээс тодрууллаа.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

-Чингэлгүүд Тяньжинд гацсан хэвээр, Хятадын талаас тодорхой хариу өгөөгүй л гэх юм. Иргэд ачаа тээврээ авч чадахгүй хүндхэн нөхцөл байдалд байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Миний бодлоор энэ асуудалд Худалдаа аж үйлдвэрийн танхим гишүүдийнхээ эрх ашгийн үүднээс онцгой анхаарал хандуулах ёстой болов уу. 

Мөн Хятадад буй манай Элчин сайдын яаманд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх, мэргэжилтэн хүн энэ тал дээр их үүрэгтэй байх ёстой. Гадаад худалдааны яам гэж байхад бараагаа хөөцөлддөг, ачуулсан бараагаа мэдээлдэг байсан.

1989 онд байх аа, манайх Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон. Тийм учраас г ишүүн байгууллагын хувьд одоогийн нэршлээр Гадаад харилцааны яамны дэргэд Гадаад худалдаа, хөрөнгө, оруулалтын газрыг байгуулсан байдаг. Энэ байгууллага одоо аль яаманд шилжсэнийг сайн мэдэхгүй. Энэ газар л төрийн өмнөөс гадаад импорт, ачаа, тээврийн асуудлыг шийдвэрлэх нь зүй юм.  Түүнчлэн хуучин Гадаад худалдааны яамны үйл ажиллагааг хүлээж авсан газар л энэ бүхнийг хийх ёстой.

-Та өмнө нь Гадаад худалдааны яамтай болох тухай ярьж байсан. Үүний ач тусыг тодорхойлбол?

-Гадаад худалдааны яамгүйгээс зохион байгуулалтгүй, төвлөрсөн бүтэцгүйгээс өнөөдөр бид ачаа тээврээ татаж чадахгүй, чингэлгүүд Тяньжинд бөөгнөрсөн байдалтай байна. Нэгдүгээрт, Гадаад худалдааны яамтай байхад хамгийн чухал хүчин зүйл болох экспорт, импортын балансыг барьдаг байлаа. Одоогийн байдлаар Оросоос импортоор авдаг нь ихдээд, экспорт нь байхгүй, зогсонги байна. Энэ тэнцвэрт баланс алдагдсан. Хуучин бол Гадаад худалдааны яам тухайн улстай балансаар жил бүр хэлэлцээр хийж, ойролцоогоор манай авах бараа энэ, танайд өгөх бараа ийм, зөрүү гарвал ингэж зохицуулна гэж хоёр улс хоорондоо тохиролцдог байсан. Гадаад худалдааны яамны мөн чанар нь экспорт, импортын балансыг барих юм.Гадаад худалдааны баланс алдагдахад төлөвлөгөөний комисс тухайн үед хуралдаж, олон асуудлыг шийдвэрлэдэг байсан.

-Манай улс Гадаад худалдааны яамтай болохгүй байгаад л учир их байна аа даа.

-Экспорт, импортын зохицуулалт алдагдсан нь Гадаад худалдааны яамгүйтэй холбоотой. 

Сүүлийн үед Европын орнууд Хятадын цахилгаан бараанд импортын татварыг нь нэмж байна. Яагаад гэвэл Хятадын цахилгаан машин их орж ирснээс худалдааны баланс алдагдаж байна гэж үзэж буй юм. Хаа хаанаа шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй бол үйлдвэрүүд зогсох хүртэл аюул нүүрлэж болохоор байна.

Д.Очирхуяг: Хамгийн ноцтой нь манайд тэр гэрээ битгий хэл яам нь ч байхгүй

“Чингис шар айраг” ХХК-ийн захирал Д.Очирхуягтай ярилцлаа.

-Тяньжин дахь чингэлгийн бөөгнөрлийг зохицуулж болох газар бүрээс асууж үзлээ. Монголын Тээвэр зуучлагчдын холбооноос өөр мэдээлэл өгч, мэдэх газар алга байна л даа. энэ талаар тодруулбал?

- Энэ нь Төрийн хариуцлагагүй байдлын илрэл юм. Хамгийн харамсалтай нь үр дүн нь ард түмэн дээр буудаг. Аливаа улс ийм замаар хөгжинө, Засгийн газар ийм байна гэж бүтцээ хэлэлцдэг. Миний бодлоор Гадаад худалдааны яам гэж байгуулах ёстой байсан юм. Одоо бол Түгжрэлийн гээд энэ олон яамдууд Монгол Улсын хэмжээнд томоор нь аваад үзвэл Гадаад худалдаанаас илүү чухал уу гэдгийг харах хэрэгтэй. Түгжрэлийн сайд Улаанбаатар хотдоо юу юм гэхээс улсын хэмжээнд хийх ажилгүй л байгаа юм. Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлөх нь Гадаад худалдааны яам юм. Бүх улс орон Гадаад худалдааны яамтай. Гадагшаа экспортолж байгаагаа өндөр үнэтэй зарж, гаднаас импортолж байгааг маш хямдаар хугацаа алдалгүйгээр тээврийн асуудлыг зохицуулан оруулж ирэх ажлыг Гадаад худалдааны яам хариуцах ёстой байлаа.

Манайх шиг түүхий эд, запас сэлбэг гээд хамаг юмаа гаднаас авдаг улсын хувьд бүр том яам байх нь зүй юм. Том яамтай байсан бол Оюу толгойн хэлэлцээрийг ийм алдагдалтай хийхгүй, ногоон автобусны хэрэг ч гарахгүй, Тяньжин дээр ачаа овоорохгүй байх жишээний.

-Тяньжин дахь ачаа тээврийн бөөгнөрөлтэй холбогдуулан танайх хэрхэн ачаа тээврээ захиалж авч байна вэ?

-Манайх гэхэд хоёр сарын дараа захиалж болох бараагаа өнөөдөр /өчигдөр/ захиалж байна. Өмнө нь би нэг сарын өмнө ачаа, бараагаа захиалдаг байсан бол одоо гурван сарын өмнө захиалдаг боллоо. Бүх аж ахуйн нэгжүүд ийм байдлаар захиалж байна. Ингэхээр тээврийн зардал нэмэгдэнэ. Энэ ачаа тээврийн асуудлыг хувийн тээвэр зуучийн компаниуд хариуцаж, хөөцөлдөж байна л даа. Төрийн хэмжээнд энэ асуудлыг ярьж, хөөцөлдөж байгаа хүн алга. Дэлхий нийтээрээ Гадаад худалдааны яамны хатуу гэрээгээр явдаг. Хамгийн ноцтой нь манайд тэр гэрээ битгий хэл яам нь ч байхгүй. Хэрвээ Монгол Улсад Гадаад худалдааны яам байгаад Тяньжин боомт хариуцсан төрийн албан хаагч тус боомт дээр очвол арай өөр. Хятадууд төрийн ажилд хариуцлагатай ханддаг учир тэдэнтэй манай талаас хатуу гэрээ хийсэн бол өдийд байдал ийм байхгүй. Тяньжин дээр ямар ч бөөгнөрөл  үүсэхгүй байлаа.

-Төрийн хэмжээнд Тяньжин боомт дахь ачаа, тээврийн асуудалд ач холбогдол өгөхгүй байгаа нь чингэлгийн бөөгнөрлийг үүсэхэд нөлөөлж байгаа байх нь ээ?

-Манай чингэлгийн тээвэрлэлт уг нь Тяньжин боомтын ачаа тээврийн багахан хувийг л эзэлж байгаа. Монголын нэг тээвэр зуучийн нэг менежер, Гадаад харилцааны яамны нэг ажилтан энэ асуудлыг ярихаар Хятадын Гадаад худалдааны яам ойлгохгүй байна. Бусад улсын төрийн хэмжээнд ярьсан асуудалд илүү ач холбогдол өгч, тэдний ачаа тээврийг түрүүлж явуулаад байхыг үгүйсгэхгүй. Бидний ачаа тээврийг хойш нь тавьж байж болно.

-Энэ олон сарын тээврийн зардлын эрсдлийг энгийн иргэд буюу худалдан авагчид үүрч байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Тээврийн зардал өссөн алдагдлыг эцсийн эцэст худалдан авагчид л үүрдэг. Бид үйлдвэрлэгч ч гэлээ мөн л худалдан авагчид. Тиймээс бид бүгд л хохирч байна. Манай төрийн зохион байгуулалт муугийнх л даа. Зарим яамыг нь татан буулгаж болно. Өнөөдөр яг ямар яам илүү хэрэгтэй байгааг анзаарах цаг нь болж.

Бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байх тал дээр төрөөс илүү анхаарч ажиллах ёстой. Засгийн газарт татвар төлөгчдийн мөнгөөр юу ч хийсэн болохоор байгаа ч хамгийн ноцтой нь тэд юу ч хийхгүй байгаа нь сонин. Энэ нь тэдний сэтгэлгүйтэй холбоотой юу, ухаан нь хүрэхгүй байгаа эсэхийг мэдэхгүй.Хэрэв мэдэхгүй байвал мэддэг хүмүүсээс нь зөвлөгөө авах нь зөв юм. 

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Л.Минжмаа

 

Санал болгох

Т.Тэмүүлэн: Наадамчид уухайлаад эхэлтэл надад зориг орох шиг л болсон

Туулбаатарын Тэмүүлэн: Наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон оролцож

1 өдрийн өмнө
С.Бямбацогт: Алдаа гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

С.Бямбацогт: Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

1 өдрийн өмнө
Гөхөл, сүүл боож, хусуур зүүсэн эмэгтэй

А.Отгонсүрэн багаасаа спортын хүн болох мөрөөдөлтэй байсан бөгөөд өөрийгөө уяач болно гэж төсөөлөөгүй явжээ. Харин аавынх нь хэлсэн үг түүнд эрчис нэмж уяач болоход нь нөлөөлжээ

1 өдрийн өмнө