“Сүүний үнэр шингэсэн…” хэмээх дууны гунигт түүх

4
2024 оны 6 сарын 132024-06-13
“Сүүний үнэр шингэсэн…” хэмээх дууны гунигт түүх

Монголчуудын сэтгэл зүрхэнд тарни мэт оршсон хэдэн дуу бий. Түүний нэг нь “Сүүний үнэр шингэсэн

Сэвлэг даахьтай байхад минь

Дууны сайхан эгшгээрээ

Эвлэг зөөлөн бүүвэйлсэн

Миний ээж сайхан ээж

Мяндас зөөлөн уян ээж” хэмээх энэ дуу юм. Сүүлдээ бараг ардын дуу шиг санагдах болж дээ. Саяхан Ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн гурван ботийн нээлтэд Г.Баатарнум найрагчтай таарч уг дууны түүхийг ярилаа. Ард түмний хайртай энэ дуу үнэхээр гунигт түүхтэй.

Шүлгийг нь бичсэн А.Дандий-Ядам гуай тэртээ тавиад оны үед Ховдын Манхан сумын захиргаанд ажиллаж байжээ. Нэг өдөр ээж нь цасан шуурганд малтайгаа уруудсан тухай хэл ирж. Ийм мэдээ хүлээж авсан хүү нь хамгийн түрүүнд огло харайх нь мэдээж. Эрлийн баг бүтэн өдөржин яваад нар гудайхын үест шуурганд уруудсан малыг олжээ. Хонь нь шагай шиг хурчихсан бүрнээрээ байна гэнэ. Хамгийн харамсалтай нь дан тэрлэгтэй хөөрхий ижий хонио тогтоох гэж усан хулгана болтлоо гүйсний эцэст түр амсхийхдээ модны ёроолд шилбүүрээ эрүүндээ тулаад тэр чигтээ гантиг болон царцжээ.

Элбэрэлт ижийгээ хөшөө шиг хөлдүүс болсныг нүдээр харсан хүү нь уйлан хайлж, харамсан гашуудахдаа “Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай” гэж хагацлын халуун нулимсаар өр зүрхээ зүсэн бичсэн байдаг.

Ховдын Цэцэг сумын уугуул, эдүгээ 83 настай зохиолч Ж.Баттулга “Тээр жил Дандий-Ядам гуай бид хоёр Манханы Улаан хүрээ бригад дээр таарлаа. “Борцныхноор юу байна” гэж намайг цаашлууллаа. Ард Аюуш махаа борцолно гэдгээс үүдэж Цэцэгийнхнийг тийн нэрлэж байсан. Өвгөнөөс би ээжийн тухай дууг нь асуухад “Муу ах нь, нэгдлийн хэдэн хонины төлөө хөшөө болоод царцсан хайрт ижийнхээ алтан шарилын өмнө харууслын халуун нулимстай бичсэн юм даа” гэж хэлэхэд хаврын салхинд бөмбөрсөн нулимс нь миний зүрхийг хүйтэн борооны дусал шиг алгадаж билээ” хэмээн ярьсан юм. Ийм л харууслын дуу өнөөдөр эхийн тухай дууны оргил бүтээлийн нэг болон найрын түрлэг өргөж байна. Хорвоогийн өнгө ийм л байдаг хойно.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Н.Гантулга 

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө