Д.Энхжаргал: Элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болно

2024 оны 6 сарын 142024-06-14

Элсэлтийн шалгалт болох гэж байгаатай холбогдуулан БҮТ-ийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалтай ярилцлаа.

 

2b50c3a51a94b92e91883788e682d7c0.jpg

-----------------------------------------------------------------------------------------------

-Хэдэн шалгуулагч Элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна вэ?

-2024 онд Монгол Улсын хэмжээнд нийт 35.485 сурагч ЕБС-ийг төгсөж байна. Үүн дээр өмнөх оны шалгуулагчид нэмэгддэг. Элсэлтийн ерөнхий шалгалт биш, элсэлтийн шалгалт  гэсэн албан ёсны нэршилтэй болсныг одоо ихэнх хүмүүс гадарлах байх.

Энэ жилийн Монгол хэл, бичгийн шалгалтад 33000 орчим шалгуулагч хамрагдсан. Шалгалт өгсөн хүүхдүүдээс 83.8 хувь нь тэнцэж, 5300 орчим шалгуулагч унасан. ЭШ долдугаар сарын 4,5,6,7-ны өдрүүдэд улс орон даяар нийт 50 байршилд зохион байгуулагдах юм.

-Ямар төрлийн харан даа хэрэглэх вэ. Шалгалтын анги, танхимд нөөц харандаа, баллуур байх уу?

-2В, HB дугаартай харандаа ашиглана. Шалгалт авах анги танхимд шалгалтад х эрэглэх харандаа, үзүүрлэгч, баллуур байх болно. Мөн ширээн дээр байх харандаа, баллуураас гадна нөөц харандаа, баллуур байх болно.

-Монгол хэл, бичгийн шалгалтандаа уначихсан хүүхдүүд яах вэ?

-ЭШ өгөхөөр бүртгүүлсэн, бүх шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалт заавал өгдөг. МХБШ-ын босго оноо болох 400 оноонд хүрээгүй сурагчид ирэх сар  ЭШ өгөх эрхтэй ч дотоодын их дээд сургуульд тухайн жилдээ элсэх боломжгүй. ЭШ-ын босго онооноос гадна МХБШ-ын 400-аас дээш оноотой байж Их, дээд сургуульд элсэх боломжтой. Энэхүү шалгалтын зорилго бол шалгуулагчдын эх хэлээрээ унших, ярих, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилгоор авдаг шалгалт юм.

-Монгол хэл, бичгийн давтан шалгалт хэзээ болох вэ?

-Наймдугаар сарын 17-нд дахин шалгалт авах тов гарсан. Тэдгээр хүүхдүүд Монгол хэл, бичгийн шалгалтад унасан ч ЭШ өгөх бүрэн эрхтэй байдаг. Наймдугаар сард болох шалгалт өмнөх шалгалттай агуулга болон даалгаврын бүтцийн хувьд ижил.

-МХБШ-д хүүхдүүд ямар нийтлэг алдаа гаргасан бэ?

-Нийтлэг алдаа нь зөв бичгийн дүрмийн алдаа. Үндэсний бичгээс хөрвүүлэх даалгаврыг зарим хүүхэд огт хийхгүйгээр тэг оноо авах тохиолдол хэд хэд гарсан. Хамгийн нийтлэг, гүйцэтгэл муутай хийдэг даалгавар нь үндэсний бичгийн даалгавар. Хүүхдүүд МХБШ дахин өгөхдөө даалгаврын өгөгдлийг маш сайн уншиж ойлгох хэрэгтэй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон МХБШ-ын үеэр гарсан нийтлэг алдааг хэлье. “Миний ирээдүйн амьдрал” гэсэн сэдэвтэй зохион бичлэг бичих даалгавар байсан. Тус даалгавраар хүүхдүүд ирээдүйнхээ тухай зөгнөн мөрөөдөж бичих ёстой байсан. Гэвч хүүхдүүд дандаа өнгөрсөн дурсамжаа бичсэн байсан. Цухасхан л ирээдүйг дурдаж бичсэн байсан. Ирээдүйд буюу 10, 20 жилийн дараахь амьдралаа мөрөөдөж бичих ёстой байсан. Гэвч зарим нь амьдралын хар бараан зүйлийн тухай бичиж сэдэв даалгавартайгаа уялдаагүй. Тиймээс, сэдэв зорилгоо ухаарч бичих шаардлагатай байна. Мөн 100 минутын хугацаанд гүйцэтгэх шалгалт учир эргэн сайн нягталж шалгах хэрэгтэй. 

-Шалгалтын хариу, нууцлал задруулахгүй байх тал дээр энэ жилийн хувьд хэрхэн ажиллаж байна вэ? 

-Шалгалтын материалыг бэлтгэх экспертүүдийн болон багш нарын баг ажиллаж эхэлсэн. Бид цагдаагийн газар болон Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа. Шалгалтын эх материалыг бэлдэж буй мэргэжилтнүүд интернэт харилцаа холбоогүй газар байгаа. Цагдаагийн бие бүрэлдэхүүн мөн байнгын хараа хяналт тавьж байна. БҮТ-ийн түүхэнд хариу задарсан тохиолдол гарч байгаагүй. Шалгалтын сэдэв бэлдэж байгаа хүмүүс камержуулсан, гар утсаа хураалгасан газар бүтэн сарын турш хэнтэй ч холбоогүй байгаа. ЭШ-ын дараа шалгалт бэлдсэн хүмүүс гар утсаа авна. Сэдэв, материал задрах ямар ч боломжгүй. 

-Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ ямар материал бүрдүүлсэн байх ёстой вэ?

-Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт, мөн бүрэн дунд боловсролын үнэмлэх. Шалгалтын үргэлжлэх нийт хугацаа 80 минут. ЭШ-ын батламж хуудас нь 2.8 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

-Ирэх жилүүдэд ЭШ хэрхэн зохион байгуу лагдах тухай тодруулбал?

-2024, 2025 онуудад ЭШ 2006 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн үндсэн зарчим, агуулга, зохион байгуулалтаараа зохион байгуулагдана. Харин 2026 оноос хойш агуулга болоод зохион байгуулалтын өөр хэлбэрт шилжих болно.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Н.Нарванчин

Санал болгох

Т.Тэмүүлэн: Наадамчид уухайлаад эхэлтэл надад зориг орох шиг л болсон

Туулбаатарын Тэмүүлэн: Наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон оролцож

1 өдрийн өмнө
С.Бямбацогт: Алдаа гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

С.Бямбацогт: Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

1 өдрийн өмнө
Гөхөл, сүүл боож, хусуур зүүсэн эмэгтэй

А.Отгонсүрэн багаасаа спортын хүн болох мөрөөдөлтэй байсан бөгөөд өөрийгөө уяач болно гэж төсөөлөөгүй явжээ. Харин аавынх нь хэлсэн үг түүнд эрчис нэмж уяач болоход нь нөлөөлжээ

1 өдрийн өмнө