Сангийн сайд Б.Жавхлан ҮХЦ-ийн маргаанаас зугтлаа

8
2024 оны 6 сарын 142024-06-14
Сангийн сайд Б.Жавхлан ҮХЦ-ийн маргаанаас зугтлаа

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар иргэн Ч.Лодойсамбуугийн гаргасан татварын ерөнхий хуулийн зарим заалт үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж, шийдвэрлэх байв. Гэвч УИХ-ын төлөөлөл болох Сангийн сайд Б.Жавхлан ирээгүй гэдэг шалтгаанаар уг хурлаа ҮХЦ тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.  

2023 оны 1 дүгээр сард иргэн Ч.Лодойсамбуу, хуульч П.Эрхэмбаяр нар татварын шаталсан нэмэгдэл, хувь хүний орлогын албан татвартай холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан. Уг гомдлыг Үндсэн хуулийн цэц өнөөдөр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэх байсан ч, Сангийн сайд Б.Жавхлан сонгуулиа ҮХЦ-ээс дээгүүрт үзэж, мэтгэлцэхээс зугтлаа. ҮХЦийн дээр хөх тэнгэр байдаг гэх боловч Б.Жавхлан сайдын хувьд бол сонгууль байдаг бололтой. Тэр ямартаа ч энэ хуралдаанд ирсэнгүй.

Иргэн Ч.Лодойсамбуу:

“Үндсэн хууль гээд жижигхэн ном байдаг. Үүнийг ерөөсөө барихаа, хэрэгжүүлэхээ больчихсон. Татварын тухай хуульд 2022 оны 11 сард өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2023 оны 1 дүгээр сард би гурван заалттай мэдээлэл Үндсэн хуулийн цэцэд өгсөн.

Нэг нь хүүхдийн мөнгөтэй холбоотой. Боломжийн амьдралтай айлын хүүхдэд уг мөнгийг олгохгүй гэж ялгаварлаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна. Угсаа гарал, аж байдлаар нь хүүхдийг ялгаварлаж байгаа хэрэг шүү дээ.

Хоёрт, татварын нэмэгдэл. Энэ шаталсан татвар чинь хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгарварлан гадуурхаж байгаа хэрэг юм.

Гуравт, хувь хүний орлогын албан татварын хуульд оруулсан өөрчлөлт чинь хувь хүний халдашгүй дархан эрхтэй байх жам ёсны эрхэнд нь шууд халдаж байна. Ийм 3 үндэслэлээр цэцэд хандсан. Хүүхдийн мөнгөний тухайд бол үнэхээр ялгаварлан гадуурхсан юм байна гэж үзээд, цэц хурал зарласан. Хурал зарлаад явж байх үед УИХ шийдвэрээ өөрчлөөд, хүүхэд бүрт өгдөг болсон.  

Дараагийн асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан. Энд ямар асуудал байгаа вэ гэхээр татварын алба, татварын байцаагч нар хүний дансыг шууд үздэг болчихсон. Хуулийн дагуу хүний дансыг нэгжих эрхтэй болсон гэсэн үг. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байна. Хүний халдашгүй байдал, хуулиар хамгаалагдсан, олон улсын гэрээ конвенци, тунхагаар хамгаалагдсан үндсэн хуулиар хамгаалагдсан энэ эрхийг нь зөрчиж байна. Хүнийг буруутай эсэхийг татварын байцаагч биш, шүүх тогтоож байж, арга хэмжээ авдаг болохоос биш, татварын байцаагч “Чи татварын ямар нэг асуудалтай байна. Алив наад дансыг чинь үзье” гэдэг байж болохгүй. Тэр чинь өөрөө мэдсэн, мэдээгүй янз янзын татварын асуудал үүссэн байж болно шүү дээ. Тэрийг нь татварын байцаагч үзээд “Өө ийм байна” гээд нийтэд дэлгэх гэх мэт.  Эрх хэмжээний хувьд байраа сольчихсон ийм зүйл байж болохгүй гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэц бол энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн байх өндөр магадлалтай юм байна гэж үзээд өнөөдөр хурал зарласан. Гэтэл Б.Жавхлан сайд ирсэнгүй. Б.Жавхлан сайд өмнө нь хүүхдийн мөнгөний асуудлыг ярихад эсэргүүцээд, хэвлэл мэдээллээр тайлбар хийгээд явж байснаа эцсийн мөчид цэц хурал зарлангуут Засгийн газар шийдвэрээ өөрчилчихсөн. Яг одоо энэ хувь хүний орлогын албан татвар, татварын шаталсан нэмэгдэлтэй холбоотой асуудлыг Б.Жавхлан сайд гэлтгүй, эрх барьж байгаа намынхан бүгд мэдэж байгаа. Зүгээр л “Ингээд шийдчихье. Иргэд ойлгохгүй. Хэвлэл мэдээллийнхэн ярихгүй” гээд тэд ийм шийдвэр гаргаж байгаа юм. Яриад ч нэмэргүй болсон учраас л би Үндсэн хуулийн цэцэд жил гаруйн өмнө хандсан. Хурал дахиад хойшиллоо. Жавхлан сайд бид хоёр хоёулаа адилхан сонгуульд өрсөлдөж байгаа. Дарханаас ирээд хуралдаа оролцож болох байсан. Гэтэл зүгээр л сонгууль өнгөртөл аргалж буй мэт санагдлаа.

Хуульч П.Эрхэмбаяр:

“Өнөөдрийн хуралдаан Үндсэн хуульд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-д заасны дагуу хойшилж байна. Энэ хуралд УИХ-ын бие төлөөлөгч биечлэн оролцмоор байна. Хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц талуудын мэтгэлцэх зарчим, бусад хууль, дүрэмд заасан эрх үүргийг нь хангаад, хурлыг хойшлуулж байна. Иргэн Ч.Лодойсамбуу болон иргэн П.Эрхэмбаяр нар 2023 оны 1 дүгээр сард гурван үндэслэл бүхий мэдээлэл гаргасан.

  1. Монгол Улсад бага насны хүүхдүүд, хүүхэд гэж тодорхойлогдож байгаа бүх хүн хүүхдийн мөнгө авах эрхтэй болсон.
  2. Дараагийнх нь Хувь хүний орлогын албан татварын хуульд заасан, жилийн орлого 120 сая төгрөг хүртэл бол 10 хувийн татвар авна. 120-150 сая хүртэл бол 15 хувийн татвар авна. Түүнээс дээш бол 20 хувийг гэдэг ч юм уу, ингээд биднийг ялгаварлаад эхэлсэн. Үндсэн хуульд заасан, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Хэнийг ч арьсны өнгө, эд хөрөнгөөр нь гадуурхахгүй байх ёстой гэсэн заалтыг зөрчөөд эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор цэцийн маргаан үүссэн. Гэхдээ хуралдааныг одоогоор зарлаагүй байна.
  3. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр хэн нэгэнд нэгжлэг хийж, дансны мэдээллийг нь шалгадаг. Энэ бол Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрхийг хамгаалах ажиллагаа. Гэтэл үүнийг Татварын ерөнхий хуульд татварын байцаагч дуртай хүнийхээ регистерийн дугаарыг хийгээд, хэзээ, хаана, ямар мөнгөн дүнгээр гүйлгээ хийсэн байна гэдгийг хараад, түүн дээр нь шийтгэл ногдуулаад, энэ хүн бол 3 болон түүнээс дээш удаа татвар төлөхөөс зайлсхийсэн учраас гээд олон нийтийн  сүлжээнд зураг хөрөг, нэртэй нь тавиад байгаа нь Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, бусад олон улсын эрхзүйн хэм хэмжээг зөрчөөд байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч санаатай болон санаандгүйгээр зөрчил гаргасан байхыг үгүйсгэхгүй. Хууль зөрчсөн эсэхийг шийддэг эцсийн субьект бол шүүх юм. Шүүх шийдвэр гаргаагүй байхад татварын байцаагч яагаад намайг шалгаад, түүндээ акт тавиад, яагаад хурааж аваад байгаа юм. Магадгүй шүүхээр яваад, тэр нь буруу байвал эндээс учирсан хохирлыг хэн хариуцах юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.

 

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө