“УБТЗ” гол замын шинэ зүтгүүртэй боллоо

2024 оны 6 сарын 152024-06-15
“УБТЗ” гол замын шинэ зүтгүүртэй боллоо

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт ОХУ гол замын шинэ зүтгүүр нийлүүллээ. Уг зүтгүүрийг хүлээн авах ёслол Улаанбаатар татах хэсэгт өчигдөр боллоо.

1990 оны эхээр Япон улсын Засгийн газраас манай улс Мон-П1, Мон-П2 гэж нэрлэдэг, хөнгөлөлттэй зээл авч, “УБТЗ”-д зарцуулсан ажээ. Уг зээлээс 167.4 тэрбум төгрөг төлөөгүй үлдсэн байсныг Монгол Улсын Засгийн газар барагдуулжээ. Үүний 50 хувь болох 83.7 тэрбум төгрөгийг манай улс “УБТЗ”-д хөрөнгө оруулалт болгож, уг нийгэмлэгийн дүрмийн санд тусгасан байна. Тиймээс үлдсэн 50 хувь болох 83.7 тэрбум төгрөгөөр Оросын тал “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөхийг ОХУ-ын Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар санал болгосон юм байна. Уг саналыг ОХУ хүлээн авч, тус нийгэмлэгийн дүрмийн санг өсгөх хэлэлцээрт 2023 оны 6 дугаар сард талууд гарын үсэг зурсан. Ингэснээр УБТЗ-ын дүрмийн сан 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тус нийгэмлэг өргүй болсон юм.

Оросын тал өөрийн хариуцах 83.7 тэрбум төгрөгтөө гол замын 5 шинэ зүтгүүр нийлүүлэхээр тохирчээ. Үүнээс эхний 1 зүтгүүрийг ОХУ 6 дугаар сарын 14-нд “УБТЗ” нийгэмлэгт хүлээлгэн өглөө. Үлдсэн 4 зүтгүүрийг Улсын баяр наадмаас өмнө оруулж ирнэ. 2ТЭ25Км серийн энэ зүтгүүр 4500 тонн ачаа чирэх хүчин чадалтай. Эдгээр 5 зүтгүүрийг хүлээж авснаар “УБТЗ” 2ТЭ25Км серийн нийт 27 зүтгүүртэй болох юм.

Санал болгох