Улсын цолонд ойрхон хүчтэнүүд

1
2024 оны 6 сарын 182024-06-18
Улсын цолонд ойрхон хүчтэнүүд

Монгол түмний бахархан дээдэлж, хайрлан хүндэлдэг баярын нэг эрийн гурван наадам хаяанд ирлээ. Наадам ойртож буй энэ үед бөхдөө хайртай монгол түмэн аль нутгийн хүчтэний аз од нь гийж, нутаг ус нь түшиж, бэлтгэл нь чамбайрч шинэ цолоор энгэрээ мялаахыг таамаглаж суугаа нь тодорхой. Шинэ цолтон төрөхөд үзэгчид баярлаж, бахархаж, огшиж хүлээж авдаг. Арга ч үгүй биз, олон жилийн хичээл зүтгэл хөдөлмөр, шингэдэг учраас. Мөн улсын цолонд хүссэн бөх бүр хүрдэггүй. “Зууны мэдээ” сонин Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн төрийн наадмын зүлэг ногоон дэвжээнд шинээр цол хүртэх өндөр магадлалтай таван хүчтэнээс үндэсний бөхийн талаарх үзэл бодол, амжилтын үнэ цэнийг нь сонирхсон юм.Тэд улсын цолоор энгэрээ мялааж, түмнийхээ хүндлэл, уухайн дуунд цэнгэлдэх тойроод алхах өдөр айсуй.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээ, Зэвсэгт хүчний 350 дугаар анги, “Прайд транс”, “Монгол ван” компанийн бөх  цэргийн арслан Г.Жамбалдорж.

-Үндэсний бөх нь хэдэн мянган жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн өв соёл, үндэсний дархлаа билээ. 2011 оноос үндэсний бөхөөр хичээллэсэн. Үндэсний бөх бол эр хүнийг зөв төлөвшүүлж,  амьдралын их ухаанд сургадаг. Одоо үед хүмүүс үндэсний хувцсаа тэр бүр өмсдөггүй. Харин үндэсний бөхөөс монгол дээлээ өмсөх соёлыг харж болно.

Би улсын наадмын зүлэг ногоон дэвжээндээ долоо дахь жилдээ зодоглохоор бэлтгэлээ базааж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа начны даваанд гарч барилдсан. Бөхчүүд нэг жилийн турш тасралтгүй бэлтгэл хийж наадамдаа ач холбогдол өгч, амжилттай барилдахыг хичээдэг. Миний хувьд төрийн наадмын өглөө өдөр өдрөөс онцгой мэдрэмж өгдөг. Амжилттай барилдахыг бодож, цай сүүнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөөд гэрээсээ гардаг даа. 

Амжилтын нууц өөрийгөө ялан дийлж, бэлтгэлээ чамбайруулах гэж хардаг. Зүгээр сууж байхад амжилт ирэхгүй нь тодорхой. Хэр хөлс урсгана тэр хэмжээгээр амжилт тосдог. Бэрхшээл гарахад зорилгынхоо төлөө өөрийгөө хурцлах чухал. Олон залуу бөхийн эрдэмд суралцаад явж байна. Ер нь бэлтгэл хийгээд хичээж байгаа бөх бүрийн хамгийн том зорилго улсын цолонд хүрэх. Гэхдээ тоотой хэд нь улсын том цолонд хүрнэ. Амжилт гаргахад нутгийн зон олон, бөхдөө хайртай түмэн ихэд баярладаг. Баян чинээлэг хүмүүс бөхийн спорт дэмждэг гэдэг ойлголт өрөөсгөл.  Тэд үндэсний спортоо устаж байхгүй болоход санаа зовдог, Монголоо гэсэн сэтгэлтэй учраас дэмжиж, тусалдаг.

Гаргасан амжилт:

2011 онд сумын заан

2012 онд сумын заан цолоо баталсан

2014 онд аймгийн начин

2016 онд аймгийн начин цолоо баталсан

2018 онд цэргийн арслан

 

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Зэвсэгт хүчний 256 дугаар анги, “Нутгийн буян” группийн бөх, аймгийн арслан Т.Довчинсэмбээ.

-2007 онд эргэлт буцалтгүй үндэсний бөхийг сонгож, бэлтгэл хийж эхэлсэн. Хүүхэд байхаасаа үндэсний бөхөөр барилдсан. Аавтай хамт барилдаан үзээд бөхийн спортод дурласан. Бага байхад зургаан залуу заан мандаж байсан. Д.Сумъяабазар аваргын барилдааныг их үздэг байлаа. Би аав ээжийн талаасаа бөхийн удамтай. Улсын харцага Н.Ганбаатартай ойрын хамаатан. Бөхийн спорт  ялж ялагдахын үнэ цэнийг мэдрүүлдэг. Мөн ямар ч саад бэрхшээлийг давж гарах сэтгэлийн тэнхээ суудаг юм билээ.

Эрийн гурван наадам нь Монгол түмний их түүхийг хадгалсан уламжлалт баяр. Үндэсний бөхийн түүхийг судлаад үзэхэд  эрчүүдийг цэрэгжилтийн бэлтгэлтэй байлгах зорилгоор үүссэн байдаг. Хөгжлийнхөө явцад эрийн гурван наадмын нэг болсон. Би 2011 онд сумын заан цолтой байхдаа улсын наадмыг зорьсон. Үүний дараа 2017 онд аймгийн арслан цолтой барилдаж байлаа. Энэ жил улсын наадамдаа найм дахь удаагаа зодоглоно. 2021 онд Хүй долоон худагт 512 бөхийн барилдаанд долоо давсан. Үүний дараа 2022, 2023 онд төрийн наадамд гурав давж байлаа. Төрийн наадамдаа барилдах хамгийн сайхан. Багахан догдлолтой ч бүтэн жилийн хөдөлмөрөө шалгуулдаг. Тиймээс бэлтгэл сайтай байх чухал. Би цэрвүүгээс барилддаг онцлогтой. Голлож хийдэг мэх гэвэл хавирах, тахимдах.

Гаргасан амжилт:

2007 онд сумын заан

2011 онд аймгийн начин

2012 онд аймгийн начин цолоо баталсан

2013 онд хоёр дахь удаагаа аймгийн начин цолоо баталсан

2016 онд аймгийн арслан

 

Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат “Их богд” дэвжээ, “Нэгдэл” клуб, “Бай хөндий цамхаг” компанийн бөх, Чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Ч.Алтангэрэл.

-Үндэсний бөхөөр 2016 оноос хичээллэсэн. Анх аймгийн аварга шалгаруулах барилдаануудаас амжилтын гараагаа эхэлсэн. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.

Анх  улсын наадамд 2022 онд барилдахдаа дөрвийн даваанд улсын харцага Н.Золбоо ахтай таарч өвдөг шороодсон. Тухайн үед бэлтгэл сайтай байсан учраас өөртөө итгэлтэй барилдсан. Бөхөөр хичээллэхдээ их спортоор сууриа тавьсан болохоор сэтгэл зүй сайтай байдаг. Энэ жил төрийн наадамд гурав дахь жилдээ зодоглоно. Одоогоор нутагтаа наадмын бэлтгэлдээ гарсан байна. Бөхчүүд улсын цолонд хүрэхийг бодож бэлтгэл сургуулилтдаа шамддаг. Би ч ялгаагүй улсын цолонд хүрэхийн төлөө хичээж байна. Үндэсний бөхийн цол бүр сайхан. Онцолбол, улсын заан цол бахархалтай санагддаг.

Би дэвжээнд гарахаасаа өмнө өрсөлдөгч бөхийнхөө барилдааны онцлог, мэхийг нь тооцоолдог. Энэ нь даваагаа ахиулахад дэм болдог. Өдөр бүрийн хөдөлмөр, хичээл зүтгэл сайн хүн төдийгүй, амжилтын богц дүүрэн тамирчныг бүтээдэг. Өдий зэрэгтэй барилдаж яваа минь спортыг сонгосны гавьяа.

Гаргасан амжилт:

2015 онд сумын заан

2018 онд аймгийн начин

2019 онд аймгийн харцага

2020 онд аймгийн арслан

 

Архангай аймгийн Тариат сумын харьяат “Бөх билэгт” дэвжээ, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, “Очирням”, “Хүннү шоес” компанийн бөх, цэргийн заан Ө.Батсуурь.

-Би Архангай аймгийн Тариат суманд мэндэлсэн. Бөхийн өлгий болсон арын сайхан нутгаараа овоглох бахархалтай санагддаг. Би бага байхаасаа үндэсний бөхөд дуртай байсан. 2015 оноос үндэсний бөхөөр бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Тиймээс өөрийнхөө хүсэл сонирхлоор тамирчин болсон гэж хэлж болно. Анх нутгийнхаа н.Нарангэрэл багшид шавь орж бөхийн эрдмийг заалгасан түүхтэй. 2017 онд Архангай аймгийнхаа Эрдэнэбулган сумын наадамд түрүүлж цаашид барилдвал амжилт гаргах боломжтой болохыг ойлгосон.

Улсын наадамд 2022 онд 1024 бөхийн барилдаанд зодоглож байлаа. Энэ үедээ хоёр даваад гурвын даваанд Булган аймгийн харьяат аймгийн арслан Н.Намнансүрэнтэй таарч дүүгүүрдүүлээд өвдөг шороодсон. Харин өнгөрсөн жил аймгийн наадамдаа зодоглосон.  Энэ жилийн төрийн наадмын дэвжээндээ зодоглох төлөвлөгөөтэй байгаа.

Тамирчин хүн амжилт гаргахад олон зүйл нөлөөлдөг. Бэлтгэл сургуулилтаас гадна санхүү чухал. Олон жилийг спортод зориулахад хөдөлмөрөөс гадна тууштай байдал, дэмжлэг хэрэгтэй. Энэ бүхнийг зөв зохицуулснаар амжилт ирнэ. Би дэвжээнд гарч барилдахдаа сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээдэг. Ер нь сандраад байдаггүй, тайван талдаа. Би улсын гарди Д.Рагчаа багшаасаа заавар зөвлөгөө авч, суралцдаг. Миний хэтийг харсан хамгийн том зорилго минь улсын наадмын зүлэг ногоон дэвжээнд түрүүлэх.

Гаргасан амжилт

2015 онд сумын начин

2016 онд сумын начин цолоо баталсан

2017 онд сумын заан

2019 онд сумын заан цолоо баталсан

2022 онд цэргийн заан

 

Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат “Өлгийн хүчтэн” дэвжээ, “Булган мебель” компанийн бөх аймгийн арслан Б.Төмөрбаатар.

-Миний хувьд үндэсний бөхөөр хичээллээд 14 дэх жилтэйгээ золгож байна. Хөдөө төрж, өссөн учраас анх овооны бэсрэг наадамд барилдаж эхэлсэн. Тухайн үед түрүүлж, үзүүрлэхдээ их урам авч, бөхөөр хичээллэж болох юм байна гэсэн хүсэлд хөтлөгдсөн. Ингэж л бөхийн спортыг сонгож, тамирчин болох замналаа эхлүүлж байлаа. 2012 оны наадмаар хэдхэн хоногийн зайтай хоёр сумын наадамд түрүүлсэн. Би харцага болсноосоо хойш аймгийнхаа наадамд тасралтгүй барилдаж, түмэн олноо цэнгүүлсэн.

Үндэсний бөх хүнийг хөгжүүлдэг буянтай спорт гэж тодорхойлмоор байна. Хамгийн түрүүнд бусдыг хүндлэх их ухаанд суралцдаг. Давуу төлөв зантай, сайн хүн болдог гэдгийг мэдэрч явна. Монголчууд бөхөө хайрлаж, хүндэлдэг сайхан сэтгэлтэй түмэн. Даваад туг тойрохдоо түмнийхээ итгэл, сэтгэлийг мэдэрдэг.

Улсын баяр наадмын дэвжээг өнгөрсөн онд зорихдоо улсын начин Э.Энх-Амгалантай барилдаж тахим буулгасан. Энэ жил дахин улсын наадамдаа хүч үзэхээр хэд хоногийн өмнө бэлтгэлдээ гарсан. Улсын цолонд хүрэх зорилго тавьсан.

Гаргасан амжилт:

2012 онд сумын заан

2013 онд аймгийн харцага

2015 онд аймгийн харцага цолоо баталсан

2017 онд аймгийнхаа наадамд тав давсан

2019 онд хоёр дахь удаагаа аймгийн харцага цолоо баталсан

2022 онд аймгийн арслан

Эх сурвалж: “Зууны мэдээ”

Б.Нямсүрэн

Санал болгох

Т.Тэмүүлэн: Наадамчид уухайлаад эхэлтэл надад зориг орох шиг л болсон

Туулбаатарын Тэмүүлэн: Наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон оролцож

1 өдрийн өмнө
С.Бямбацогт: Алдаа гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

С.Бямбацогт: Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

1 өдрийн өмнө
Гөхөл, сүүл боож, хусуур зүүсэн эмэгтэй

А.Отгонсүрэн багаасаа спортын хүн болох мөрөөдөлтэй байсан бөгөөд өөрийгөө уяач болно гэж төсөөлөөгүй явжээ. Харин аавынх нь хэлсэн үг түүнд эрчис нэмж уяач болоход нь нөлөөлжээ

1 өдрийн өмнө