Монгол Улсын өрсөлдөх чадвар сайжирч 67 улсаас 61-т эрэмбэлэгдэв

2024 оны 6 сарын 182024-06-18
 Монгол Улсын өрсөлдөх чадвар сайжирч 67 улсаас 61-т эрэмбэлэгдэв

Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 67 улсаас 61-рт эрэмбэлэгдэж онооны хувьд 46.3 болж өмнөх жилээс 10.74 оноогоор нэмэгджээ. Ийнхүү эрэмбэ болон онооны хувьд сайжрахад эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, институт болон нийгмийн үзүүлэлтүүд сайжирсан зэрэг түлхүү нөлөөлсөн бол бизнес эрхлэх орчин, дэд бүтцийн үзүүлэлтүүд өрсөлдөх чадварыг хойш татсаар байна.

Өмнөх жилүүдийн судалгаанаас харахад:

  • 2016-2018 онд өрсөлдөх чадварын оноо өссөн
  • 2018 оноос эхлэн тасралтгүй буурч 2024 онд өсөлттэй гарсан
  • Ази, Номхон далайн нийт 14 улсаас 14-д
  • Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 20 мянган ам.доллараас бага 23 улсаас 17-д
  • 20 саяас бага хүн амтай 37-н улстай харьцуулахад 37-д

Эдийн засгийн тамир тэнхээ, засаглал болон бизнесийн байгууллагуудын үр ашигт ажиллагаа бүлгүүд эрэмбэ урагшилж харин дэд бүтцийн хувьд ухарсан байна. 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРЛОГО, ХҮНД СУРТАЛ ГЭХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД ӨМНӨХ ЖИЛЭЭС САЙЖИРСАН

Монгол улс аялал жуулчлалын орлого, хуримтлалын бодит өсөлт, Хүнд суртал, Технологийн хэрэглээ гэсэн зэргээр байр ахижээ.

ОЮУНЫ ДАЙЖИЛТ, ӨНДӨР БОЛОВСРОЛЫН АМЖИЛТ ЗЭРЭГ ҮЗҮҮЛЭЛТЭЭР УХАРЧЭЭ

Харин бууралт үзүүлсэн хэсгийг харвал. Бензиний үнэ, сэргээгдэх эрчим хүч, өндөр боловсролын амжилт, оюуны дайжилт, нэг сурагчид оногдох төсвийн зардал, бүртгэгдсэн татварын нийт орлого зэрэг дээр өмнөх жилийн байдлаасаа ухарсан буюу өрсөлдөх чадварын үзүүлэлтээр урууджээ.

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРЧ БОЛОХ СОРИЛТУУД 2024 ОНД

  • Төсвийн зардал нэмэгдэх нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг өдөөх магадлалтай
  • Сонгуулийн дараагаар валютын ханшийн савлагаа үүсэж болзошгүй
  • Нүүрсний экспорт хэмжээ болон үнийн хувьд огцом буурвал эдийн засгийн сорилтууд үүсгэж болзошгүй
  • Хотын менежментийг сайжруулж бохирдол, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх
  • Хөрш улсуудын геополитикийн хурцадмал байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй

 

ДЭЛХИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЙЛАН

2024 оны тайлангийн үр дүнгээс харахад өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсаар Сингапур нэрлэгдсэн бол удаах байруудад Швейцар, Дани, Ирланд болон Хонгконг эрэмбэлэгджээ. Ийнхүү Сингапур улс 2020 оноос хойш анх удаа ахин өрсөлдөх чадвараар тэргүүлж эхэллээ. Харин Венесуэл, Аргентин, Гана, Нигер болон Бразил улсууд сүүл мушгисан байна.

Өрсөлдөх чадварын хүчин зүйл тус бүрээр харвал эдийн засгийн тамир тэнхээ бүлэгт АНУ, засаглалын үр ашиг болон дэд бүтэц бүлгээр Швейцар, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа бүлгээр Дани улс тус тус тэргүүлж байна.

Дэлхий дахинаа өөрчлөн хувьсаж буй нөхцөл байдлуудыг урьдчилан харж, дасан зохицох чадвар сайтай байхын зэрэгцээ амьдралын чанар, нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд анхаарч буй улс орнууд өрсөлдөх чадвараар тэргүүлж буйг тайланд онцолжээ. Мөн 2024 оны хувьд болон цаашид хиймэл оюун, хүлэмжийн хий ялгаруулал багатай тойрог эдийн засаг, дэлхийн эдийн засгийн интегралчлал болон дижитал шилжилт үргэлжилсээр байх нь улс орнуудын хувьд анхаарах асуудлууд хэвээр байхыг сануулсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Санал болгох