Бусдын төлөө буян үйлдээд буцсан 19 настай хүүг сүүлчийн замд нь үдлээ

13
2024 оны 6 сарын 212024-06-21
Бусдын төлөө буян үйлдээд буцсан 19 настай хүүг сүүлчийн замд нь үдлээ

“Сайн яваад ирнэ хүү нь” гээд ээждээ үнсүүлээд гарахдаа эргэж ирэхгүйгээр явчихна гэж хэний санаанд буух билээ. Нас тогтсон ээжийгээ, зулай зулай гишгэж төрсөн ах, эгч дүүсээ, элгэн саднаа, найз нөхөд, ард түмнээ орхиод тэр бидний дундаас үүрд явлаа. Харамсмаар ч бахархахын аргагүй үйл хийсэн хүү бол Н.Буянжаргал.

Үүрийн 04:10 минут

Буяны хөсөг ар араасаа зогсож, хайртай дотныхоо хэн нэгнийг алдсан олон хүн Шүүх эмнэлгийн гадна  иржээ.

ХҮҮ.PNG
ШҮҮХ ЭМНЭЛЭГ  2024.06.21 04:39 МИНУТ 

Ар гэрийнхэн нь салах ёс  гүйцэтгэх байрны гадна эгнэн зогсоно. Тэдний дунд эрэлхэг зориг гарган хүний амийг аварч өөрөө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн 19 настай хүү Н.Буянжаргалын гэр бүлийнхэн бий. Тэнгэр хүртэл гашуудаж аадар асгарсаар. Удалгүй төрөл төрөгсөд нь хүүтэй  салах ёс гүйцэтгэж,  лам хонхоо дугаргаж, номоо уншсаар цогцсыг машинд тээвэрлэнэ. Тэр мөчид ээж нь хүүгийнхээ хүйтэн цогцостой алтан хайрцагны өмнө бөхийж, ихэр татан уйлах агшин зүрх зүсэм. “Үхтэл үр харам” эх хүний сэтгэл яасан их эмтрээ бол. Цуваа хөдөлж ах дүүс төрөл төрөгсөд нь ханцуйгаараа нулимсаа арчиж, сүүн цацлаа өргөөд маань уншиж гундуухан алхсаар цааш одно. Эргэн сануулахад, Талийгаач  хүү Сэлэнгэ аймгийн Сайханы Хөтөл рүү найзуудтайгаа зугаалгаар яваад ирэх замдаа Ерөө гол  орчимд цайлахаар суухдаа усанд живж байсан 8-10 насны хоёр охины амийг аварч өөрөө хөл алдан живж амиа алдсан. Түүний энэ үйлдэл олон хүний сэтгэлийн хөдөлгөж заримд нь “Ийм л  гавьяатай” үхэх  юмсан гэж бодогдуулсан гэдэг. Зөөлөн зөв хүн байж дээ тэр.

Одоо түүний араас “Эргээд төрөөрэй үр минь” гээд ээж нь алгаа  хавсарч залбирсаар. Эрхээ барьж энэ л насаа хүүгийнхээ төлөө маань мэгзэм уншиж замыг нь засна. Талийгаач хүү  таван ах, хоёр эгчтэй. 2005 онд айлын отгон хүү болон мэндэлж байжээ. “Хүнлэг, нигүүлсэнгүй, зөөлөн, хөдөлмөрч, тууштай гэж жигтэйхэн сайн хүү, сайн дүү, гэр бүлийнхнийхээ хайрын дээд нь байлаа. Найз олонтой. Хайр цацруулсан, маасайтал инээгээд явж байдаг дүүгийнхээ орон зайгаар  мөн ч их дутах байх” хэмээн түүний ах Н.Батзориг дурслаа. Талийгаач хүү эцсийн мөч хүртэл бусдын төлөө амьдарсан.

Тиймдээ ч түүнд хүнийг аварна гэдэг дэврүүн, өгөөмөр бодол төрсөн биз. Эцсийн цаг мөчид  эрэлхэг, өр зүрхний гүнээс оргилон гарсан өрөвч сэтгэлтэй жинхэнэ буянтан тэр байлаа. Бусдын төлөө буян үйлдэж хүн болж төрснийх нь утга учир мөрөө бахархалтайгаар үлдээгээд буцжээ. Хоёр амины төлөө энэхэн нас, эгэлхэн биеэ бүхэлд нь зориулсан цаглагшгүй их буянтан гэе. Түүний гавьяа олон хүний сэтгэл зүрхэнд тодоос тод үлдлээ. Ийн хормын төдийд хүний амь аварч хоёр айлыг элэг бүтэн үлдээгээд хорвоогоос буцсан талийгаач Н.Буянжаргалыг  аадар  буусан энэ өдөр эх дэлхийнхээ хөрсөнд нутаглууллаа. Дурсах алдар, дуудах нэрээ мандуулж хорвоогоос буцсан Н.Буянжаргал хүү яг л нэр шигээ буянтай нэгэн байжээ. Төрөл төрөгсөд нь халаглан харамсаж түүний орон зайгаар дутаж “Хүндхэн өдрүүдийг яаж давна даа” гэж сэтгэлээ шаналгаж байгаа ч хүний амь авраад буцсан гэж бодохоор сэтгэл нь  жоохон ч гэсэн дэвтэх биз ээ. 2021 оноос эхлэн ОБЕГ-аас Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан иргэнд “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналыг олгож эхэлсэн байна. Тэгвэл хүүд энэхүү шагналын олгох нь зүйтэй гэж олон хүн дуу нэгтэйгээр хэлж буй. Ингэж түүнийг алдаршуулж гавьяаг нь мөнхлөх учиртай .

БИЧЛЭГИЙГ ҮЗЭХ

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө