Сөрөг хүчнийг сөрөх арга

2
2024 оны 7 сарын 32024-07-03
Сөрөг хүчнийг сөрөх арга

Х.Болормаа

Өнгөрсөн 4 жилийг хийсэн юмгүй өнгөрөөсөн АН ирэх 4 жилийг ихээхэн үр дүнтэй өнгөрүүлэх боломж олдож байна. 76 гишүүнтэй парламентад 11-үүлээ 14%-ийг эзэлж байсан тэдэнд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ч боломж олдоогүй. Харин 126 гишүүнтэй парламентад 42-уулаа болсон тэд 33%-ийг бүрдүүлж байгаа учир сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлэх боломжтой. Сөрөг хүчнийг үгүйлсэн, нэг намын дангаар ноёрхлоос залхсан сонгогчид энэ удаад АН-ыг хамаг байдгаараа дэмжин, УИХ-д 42 суудалтай болголоо. Хоорондоо түнжингүй, дотооддоо тэмцэлтэй, гэрийн хэрүүлээ гадагшаа ярьдаг гээд АН-ынханд иргэд таагүй ханддаг. Тэгсэн ч тэр бүхнийг нь тэвчээд, уучлаад дэмжсэн. МАН-ыг хяна, болохгүйг нь болиул, болохыг нь дэмнэ гэсэндээ тэр шүү дээ. Цөөдөөд байхаар нь олуул болголоо. Хүч хүрэхгүй болохоор нь хүчийг нь нэмлээ. Одоо харин АН итгэл эвдэх эрхгүй. Хэнийг маань сайд болгох нь вэ, хэдэн яам өгөх нь вэ гэж өөрсдийн эрх ашгаа бодож болохгүй.

68 суудалтай болсон МАН дангаараа Засгийн газраа байгуулалгүй, АН, ХҮН-ыг урьж байгаа нь учиртай. УИХ-ын 54%-ийг бүрдүүлж байгаа МАН өөр намтай эвсэх гэсэн нь ажлаа хамтарч хийх, ачаагаа хувааж үүрэх гэсэндээ биш юм. Сөрөг хүчний дуу хоолойг сөрөх гэсэн арга юм. Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-нд оруулсан нэмэлт өөрчлөлтийн нэг заалтыг сануулъя. 43 дугаар зүйл:

  1. УИХ-ын гишүүдийн ¼-өөс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал албан ёсоор тавибал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.
  2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

МАН-ын дарга шинээр байгуулах Засгийн газартаа АН-ыг урьсан үндсэн шалтгаан нь энэ. УИХ-ын 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар шийдвэл Л.Оюун-Эрдэнэ болон түүний Засгийн газар хэцүүднэ. Тэрхүү 32-ынхоо саналыг УИХ-ын гишүүдийн 64 нь дэмжвэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ шууд огцорно. Ийм аюул байгаа учир, энэ аюулыг холдуулахын тулд Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН-д найр тавьж байна. АН-ын 42 гишүүн дээр ХҮН-ын 8, Үндэсний эвсэл, Иргэний зориг, ногоон намын 8-ыг нэмбэл 58 болно. Ингээд МАН-аас Л.Оюун-Эрдэнэд гомдолтой яваа 6 гишүүнийг талдаа татвал Засгийн газар огцрох юм. Л.Оюун-Эрдэнэ өмнөх шигээ том дуугарч, тод харагдах боломжгүй 4 жил ирсэн. Нам доторх бүлгүүдийнхээ аяыг харж, аядуу хөдлөх цаг иржээ. Алдаа гаргаад хазайвал хажуунаас түлхэх хүчийг одооноос суллах нь ямар ч менежерийн эртхэн авдаг арга хэмжээ. Л.Оюун-Эрдэнэ энэ дүрмийн дагуу арга хэмжээ авч байна.

Тэр ямар ч сөрөг үйл ажиллагааг өөрийнхөө талд эергээр эргүүлж, ашиглаж чаддаг.

Өөрийнх нь эсрэг жагсаалыг өөрийнхөө жагсаал болгодог. Тэр л аргаа энэ удаад ч хэрэглэж байна. Хүчтэй сөрөг хүчин болох нь тодорхой байгаа АН-ыг эртхэн буулгаж авах арга хэрэглэж байна. Засгийн газарт шаардлага тавьсан жагсагчдын өмнө тэр гарч ирээд “Засгийн газар та бүхэнтэй яг адилхан байр суурьтай байгаа. Бид ордон дотор хийж чадах бүхнээ хийж байгаа. Харин та нар өнөөдөр ингээд гараад ирсэн нь Засгийн газар, Ерөнхий сайддаа маш том дэм болж байна” гэх зэргээр уяраан, талдаа оруулдаг аргатай. Тэр бас өөрөө “өөрийнхөө эсрэг” жагсаалыг эвтэйхэн зохион байгуулдаг. Намынхаа гишүүдийг атгандаа оруулах, сөрсөн базаа хийх зорилготой ямар нэг үйл ажиллагаа эхлүүлэхийн өмнө тэрхүү жагсаалаа хийлгэдэг. Жагсагчид нь гарч ирээд, цаасан хайрцган дээр бичсэн юмаа бариад суумагц, талбай дээр гарч ирээд “Нийгэмд ийм том асуудал байгаа учраас залуус та бүхэн гарч ирсэн гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар та бүхэнтэй яг адил байр суурьтай байгаа. Ийм олон залуучуудыг хууль хяналтын байгууллага, шүүхийн удирдлага харж байгаа байх гэж бодож байна. Олон шүүгчид, томилогдсон нөхдүүд харж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж ярин, өөрийгөө ард олны, залуусын шаардлагаар, аргагүйн эрхэнд ийм юм хийж байна гэж харагдуулдаг.

Харин хүчтэй сөрөг хүчин байх үүрэг сонгогчдоос авсан АН эрх баригчидтай нялуурвал ирээдүйгээ бодоогүй, ирэх жилүүдээ балласан тэнэглэл болно. Үүнийг ч АН-ын гишүүд тооцож, эхнээсээ МАН-тай хамтрахгүй гэдгээ мэдэгдэж байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Монголын ард түмэн ус, тосоор нь ялгаж өгсөн. Эрх баригчид өнгөрсөн 8 жилийн турш хийсэн ажилгүй, хулгай хийсэн. Тийм учраас эрх баригчдад хатуу хяналт тавих, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх сонголтыг бидэнд хийж өгсөн. Тийм учраас сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлнэ” гэж мэдэгдлээ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Хувь улстөрчийн хувьд айлын хатавчинд очиж суухгүй” гэж шулуухан хэллээ. Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Цаашид улс орноо хөгжүүлье гэвэл хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй” гэж хэлэв.

МАН-ын урилгыг хүлээж авах эсэх дээр АН-ын гишүүд өөр өөр байр суурьтай байна. Маргаашийн өөхийг сонгох нэг хэсэг байхад өнөөдрийн уушги руу дайрах гишүүд ч байна. Монголын ард түмний ялгаж өгсөн ус, тосыг хэвээр нь үлдээх үү, холиод далайд асгарсан нефть шиг юм болгох уу гэдгийг АН-ын Үндэсний бодлогын хороо хэлэлцэж шийднэ. Зарим нь хувь хүний хувиар, УИХ-д сонгогдсон дээрээ, боломж олдсон дээр нь сайд болъё гэж байна. Гишүүн 4 жилээ харж байгаа бол нам 4 зууныг харах байлгүй.

Санал болгох

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байгаа бөгөөд эхлээд Есөнбулаг сумын иргэдтэй уулзалт хийлээ

1 өдрийн өмнө