Аялал зугаалгаар явахдаа юу анхаарах вэ?

2024 оны 7 сарын 42024-07-04
Аялал зугаалгаар явахдаа юу анхаарах вэ?

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа юу анхаарах талаар зөвлөгөө хүргэе.

------------------------------------------------------------------------------------------

Маршрутаа гаргах:

Аялалд гарахдаа анхаарах чухал зүйл нь хэзээ, хаашаа явахаа шийдэх юм. Хөдөө орон нутгаар аялах бол аль замаар явах, замдаа үзэж болох үзвэр болон байгалийн үзэсгэлэнт газрууд, дайран өнгөрөх хот, тосгодоо тэмдэглэсэн маршрут гаргаарай.

Төсөв гаргах:

Бензин, амралтын газар, хоол, замдаа үзэх үзвэр зэрэгт хэдэн төгрөг зарцуулахаа нарийн төсөвлөснөөр үргүй зардлаас сэргийлэх боломжтой.

-Хөвөн, самбай, өвчин намдаах эм, лаа, хросол, халууны шил зэрэг яаралтай тусламжийн зүйлсээ аваарай.

-Ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутал, бага насны хүүхэдтэй явах гэж буй бол чийг татдаггүй, нэвтрүүлдэггүй дэвсгэр авахыг санал болгоё.

-Ялаа, шумуулны эсрэг тос, хамгаалалтын тортой малгай хэрэгтэй. Бага насны хүүхдийн нүд рүү ялаа орох эрсдэл байдаг учраас нүдний шил, нарны малгай заавал өмсгөөрэй.

-Гол устай газраар явж болох ч бага насны хүүхэдтэй явж буй бол цэвэр ус илүүдэхгүй. Гэхдээ савтай цэвэр усаа машиныхаа нар тусах хэсэгт удаан хадгалж болохгүй гэдгийг санаарай.

-Мөн шүдэнз, гар чийдэн, саван, шампунь, нарны тос, гэх зэрэг ахуйн хэрэглээний зүйлсээ бэлдээрэй.

-“Хөдөө орон нутгийн олон салаа замын алийг нь сонгох вэ” гэж будлихгүйн тулд машиндаа GPS авч явахад илүүдэхгүй.

-Сайхан дуу сонсож, хамтдаа дуулж явах нь илүү хөгжилтэй байдаг учраас дууны урын сангаа шалгаарай.

-Мартаж болохгүй жижиг зүйл

-Хогны уут. Хол замд машинаа цэгцтэй байлгахын тулд, мөн байгалиа бохирдуулахгүйн тулд хогны уут авч явахаа мартуузай”.

Capture.JPG

Инженер Ж.Мөнх-Оргил: Аялалд явах болон ирснийхээ дараа машинаа оношлуулах шаардлагатай

“Доктор” авто сервисийн инженер Ж.Мөнх-Оргилоос автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хэрхэн хангах талаар тодрууллаа.

------------------------------------------------------------------------------------------

-Тухайн жолооч тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана гэхээр юу юун дээрээ анхаарах ёстой вэ?

-Хөдөө орон нутагт явах гэж буй бол жолооч та автомашиныхаа тулгуур эд анги, тосолгооны системүүд, дугуй гээд бүх зүйлээ асуудалгүй болгож байж замд гараарай. Мөн машинаа үйлчилгээнд хэзээ оруулсан бэ гэдгээ анхаарч, тосныхоо хэмжээг шалгах хэрэгтэй. Явах, тулгуур эд анги, наклад гэх мэт ангиудыг тухайн машиныг өргөж байж үзэх шаардлагатай байдаг. Зайлшгүй хоёр удаа буюу хөдөө явах, яваад ирснийхээ дараа мэргэжлийн засварын газар хандаж, тулгуур явах эд ангиудыг үзүүлэх юм. Тоормос сайн байх хэрэгтэй, тоормосны шингэн, наклад нь хэмжээндээ байна уу, хэр нимгэрсэн байгаа зэргийг шалгуулна. Хөдөө орон нутгийн замд тээврийн хэрэгсэл эвдэрвэл зорчигчдын амь, эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулдаг.

-Жолооч нарын хувьд машины дугуйгаа сонгохдоо юун дээр анхаарах вэ?

-Дугуй бол хамгийн их ачаалал авдаг. Замтай харьцаж байдаг учраас дугуй  маш сайн байх ёстой. Жолооч нар дугуйны оныг харж, сайн гэснийг нь сонгоод сурчихсан. Стандартын дугуй тавихгүй бол замынхаа ачааллыг дийлэхгүй буудах, осолд орох асуудал үүсдэг. Дугуйны хээний элэгдлийг шалгана. Гаднаа гайгүй хэрнээ дотроо ялзрал, хаван үүсчихсэн байдаг тул мэргэжлийн хүнээр шалгуулах хэрэгтэй.

Запас дугуйгаа мартчихсан, байгаа байхгүйг нь мэдэхгүй жолооч нар ч бий. Зарим машин шингэн нөхөөстэй запас дугуйгүй ч орж ирж байна. Хашир жолооч нар нэмэлтээр запас дугуй авч явдаг. Запас дугуйгаа бэлдэхдээ хийтэй байгаа эсэхийг шалгана. Дугуйны размерын хувьд хэт том, жижиг дугуй тавьж болохгүй. Машины хаалган дээр дугуйны стандарт хэмжээ нь байдаг.  

-Xол замд машиндаа ачаа суурилуулах, тоноглох нь хэр зөв бэ?

-Зориулалтын ачаа урд хэсгээрээ салхи зүсэх налуу хэсэгтэй байдаг. Монголчуудын гараар хийсэн ачаануудын хувьд салхи зүсэх хэсэггүй учир хүнгэнэсэн дуу гаргадаг. Түүнд зориудаар салхи зүсэгч хийж өгөх шаардлагатай. Машиндаа ачаа хийхэд буруудах зүйлгүй.

Зориудаар бартаат аялал их хийдэг бол машинаа тоноглох хэрэгтэй. Энгийн аялагчдын хувьд машиныхаа бүрэн бүтэн байдал, үйлчилгээн дээр анхаарах нь зүйтэй юм.

-Xөдөө явахдаа жолооч нар наад зах нь юу, юу авч явах ёстой вэ?

-Явах эд ангиа шалгуул. Тоормосны хувьд накладаа заавал шалгуул. Тоормосны уян трүп зэргийн бэхэлгээ нь суларснаас дугуйндаа хавираад, шингэн алдах тохиолдол байдаг. Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаарай.

Зарим машинд дагалдах багаж байдаг. Гар багажинд ойр зуурын түлхүүр, алх, бахь, дугуйн дроцов, данхраад, запас дугуй, эмийн сан, ослын гурвалжин байх ёстой.

Г.Отгонтамир Зам тээврийн ослын уршгийг ойлгуулах хүний сэтгэлд хүрсэн бүтээл туурвиасай гэж хүсэж байна.jpg

Г.Отгонтамир: Хүүхэд замын хөдөлгөөний дүрмээр зорчигчийн тоонд хамаардаг

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.

------------------------------------------------------------------------------------------

-Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд орон нутгийн замд их гарах болжээ. Юун дээр анхаарах ёстой вэ? 

-Зуны дэлгэр цаг эхэлсэн энэ үед иргэд маань хөдөө гэр бүл, найз нөхдөөрөө амралт зугаалганд явах нь их байна. Энэ утгаар орон нутгийн зорчих хэсгийн замын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас зуны гурван сарын хугацаанд “Амь амрах алтан гурвалжин” хамгаалах бүс нөлөөллийн аян зохион байгуулж байна.

Нэг сарын хугацаанд хийсэн судалгаанаас үзэхэд, хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн 81.3 хувь нь хамгаалах бүс хэрэглэхгүй, зөвхөн жолооч, урд талын зорчигч хоёр суудлын бүсээ зүүж байгааг тогтоосон. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчил дээр түлхүү хяналт тавьж байна.

-Иргэд ямар зөрчил ихэвчлэн гаргаж байна вэ?

-Орон нутгийн замд нэгдүгээрт хүн тээврийн норм хэтрүүлж байна. Харахад энгийн юм шиг хэрнээ бага насны хүүхдийг өвөр дээрээ суулгачихсан зорчиж буй тохиолдлууд байна. Хүүхэд замын хөдөлгөөний дүрмээр зорчигчийн тоонд хамаардаг. Гэтэл манай эцэг, эхчүүд ардаа гурван хүн суугаад, урдаа хоёр хүн гээд таван хүний норм болсоор байтал өвөр дээрээ нэг хүүхэд аваад, хойноо хоёр гурван хүүхэд суулгачихдаг. Хүүхдийг зорчигчийн тоонд ерөөсөө авч үзэхгүй байна. Үүнээс үүдэн бага насны хүүхдүүд осолд өртөж, амь насаа алдаж байгаа харамсалтай тохиолдлууд бүртгэгдэж байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд, таны тээврийн хэрэгсэл гэр бүл, үр хүүхдүүдээ авч явахад аюулгүй, техникийн бүрэн бүтэн байдлаа хангасан байх ёстой. Хашир, туршлагатай жолооч нар машинаа үзлэг оношилгоонд оруулаад, тэнхлэг тохиргоогоо үзүүлдэг. Дугуйны хаван, чанарыг анхаардаг. Гадна талын гэрэлтүүлгээс эхлээд салхины шилийг хүртэл үзэж шалгадаг.

Зарим жолооч нарыг харахад запас дугуй, ослын гурвалжин байхгүй, гэрэл нь шатсан хэрнээ замд гарч байгаа нь эрсдэл бий болгож байна. Машиныг бол заавал үзэж шалгах ёстой. Жолооч, иргэд маань өөрсдөө сайтар амарсан байх хэрэгтэй.

-Нойр дутуу замд гарах нь манайхны хувьд түгээмэл гаргадаг алдаа юу?

-Тийм. Нойр дутуу гурав, дөрвөн зуун километр яваад ирэхээр хүн чинь бие физиологийн хувьд ядарна. Замын хөдөлгөөнд оролцоход хөдөлмөрийн чадвар нь буурч эхэлдэг. Ядарсан үедээ машин барьж байгаа тохиолдолд үүрэглэнэ. Энэ нь зогсож байгаа машины араас мөргөх, замаас гарах, эсрэг урсгал руу орох гээд маш их эрсдэл дагуулдаг.

-Жолооч нарын хувьд гэрлээ шилжүүлэхгүй байх тохиолдлууд орой үдэш явахад их байдаг?

-Орон нутгийн замд шөнө, оройн цагаар жолооч нар гэрлээ шилжүүлэхгүйн улмаас замаас гарах гээд олон эрсдэл бий. Гэрлээ шилжүүлээд, бусдадаа хүндэтгэлтэй хандаж яваарай гэж жолооч нартаа анхааруулж хэлмээр байна.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Л.Минжмаа, Г.Балгармаа

Санал болгох

Т.Тэмүүлэн: Наадамчид уухайлаад эхэлтэл надад зориг орох шиг л болсон

Туулбаатарын Тэмүүлэн: Наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон оролцож

3 өдрийн өмнө
С.Бямбацогт: Алдаа гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

С.Бямбацогт: Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

3 өдрийн өмнө
Гөхөл, сүүл боож, хусуур зүүсэн эмэгтэй

А.Отгонсүрэн багаасаа спортын хүн болох мөрөөдөлтэй байсан бөгөөд өөрийгөө уяач болно гэж төсөөлөөгүй явжээ. Харин аавынх нь хэлсэн үг түүнд эрчис нэмж уяач болоход нь нөлөөлжээ

3 өдрийн өмнө