ЕВРО-2024 тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

2024 оны 7 сарын 92024-07-09
ЕВРО-2024 тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Германд болж буй Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтод Францын шигээ баг Португалын багийг торгуулийн цохилтоор хожиж, Испанийн багийн араас хагас шигшээд шалгарлаа.

Долдугаар сарын 5-ны баасан гаригийн орой Хамбург хотын "Фолькспаркштадион” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтыг 49 мянган хүн үзжээ.

Тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 0:0-ээр өндөрлөж, Францын шигшээ баг торгуулийн цохилтоор 5:3-аар хожлоо. Үүнээс өмнө хоёр баг Европын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа таарч байсан юм. Францын баг хоёр удаа ялалтаа тэмдэглэж, Португалын шигшээ нэг хожиж байсан бол 2021 онд хэсгийн тоглолтод тэнцэж байлаа. Хагас шигшээгийн тоглолт долдугаар сарын 9-нд Мюнхен хотод болох бөгөөд Францын шигшээ баг хагас шигшээгийн тоглолтод Германы шигшээг 2:1-ээр хожсон Испанийн багтай тоглоно.  

Гэхдээ Испанийн шигшээ багийн хамгаалагч Дани Карвахаль, Робин Ле Норманд, довтлогч Альваро Мората нар эрхээ хасуулсан тул тоглох боломжгүй болжээ. Хагас хамгаалагч Педри мөн бэртлийн улмаас тоглолтыг өнжихөөр болсон байна. Францын шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа (1984, 2000) түрүүлж байсан бол португалчууд 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Францын багийг финальд (1:0) хожсон. Өмнөх тэмцээнд хоёр баг 1/8 шигшээд шалгарч, францчууд Швейцарийн багт (3:3, торгуулийн цохилтоор 4:5), Португалын шигшээ баг Бельгид (0:1) хожигдсон юм.

Сүүлийн хоёр багийн тухайд хагас шигшээд шалгарахын төлөөх сүүлчийн тоглолтууд долдугаар сарын 6-ны бямба гаригт болж, Английн шигшээ баг Швейцарийн багийг торгуулийн цохилтоор 5:3-аар, Нидерландын баг Туркийн шигшээг 2:1ээр хожлоо. 1988 онд тус тэмцээнд түрүүлж байсан Нидерландын баг хагас шигшээд өмнөх тэмцээний финальд шалгарч байсан Английн багтай өрсөлдөнө. Тоглолт долдугаар сарын 10нд Дортмунд хотноо болно. Европын гурван удаагийн аварга Испанийн шигшээ баг долдугаар сарын 9-нд Мюнхен хотын цэнгэлдэх хүрээлэнд тус тэмцээний хошой аварга Францын багтай тоглоно. Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээний шувтаргын тоглолт долдугаар сарын 14-нд Берлин хотод болно. 

ПОРТУГАЛ 0-0 ФРАНЦ

Торгуулийн цохилт 3-5 Тэмцээний үндсэн цаг 0-0 гэсэн харьцаатай өндөрлөж, нэмэлт цагт хоёр дасгалжуулагч эцсийн хувилбараа гаргасан. Тэр бүү хэл, Мбаппег сэлгээнд суулгасан юм. Гэвч нэмэлт цагт ч хоёр багийн аль аль нь гоол орсонгүй. Ингээд торгуулийн цохилтын хариуцлагатай үе болж, найман хүн цохисноос ердөө ганц алдсан нь Португалын Жоао Фелиш байлаа.

Тоглолтын дараа Португалын дасгалжуулагч Роберто Мартинез "Тамирчдаараа бахархаж байна. Тэд гайхалтай тоглолтыг үзүүллээ. Хожил хүртэх эрхтэй байсан ч харамсалтай зүйл тохиолоо. Тамирчид маань өөрсдөөрөө бахархах хэрэгтэй. Бид бүхнээ дайчилж, жинхэнэ Португал маягаар хожигдлоо. Ирээдүйд бид бүхнээ дайчилна" гэсэн бол Францын дасгалжуулагч Дидье Дешам "Үнэхээр өндөр хэмнэлтэй, тун ойрхон тоглолт боллоо. Яаж ч төгсөх боломжтой байсан. Тоглолтын хувь заяаг жижиг зүйлс шийдлээ. Манайхан өөрсдийгөө бүрэн дайчилж, хожил авчирлаа. Бид хагас шигшээд шалгарлаа" гэжээ. 

ИСПАНИ 2-1 ГЕРМАН

Энэ удаагийн Европын АШТ-ийг өнгөлж явсан хоёр баг арай эрт хоорондоо таарсан нь харамсалтай. Испани, Германы хувьд Еврод тус бүр гурван удаа түрүүлж, рекорд тогтоосон бөгөөд энэ тэмцээнд ч хамгийн олон гоол оруулсан хоёр багаар нэрлэгдэж байна.

Хоёр багийн тоглолт эн тэнцүү болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байсан нь ёсоор болов. Тоглолт эхнээсээ харилцан бөмбөг эзэмшиж байсан ч Испанийн довтолгоо арай илүүрхэж байсан. Испанийн Нико Уиллиамс, Ламин Ямал гэсэн залуу хослол Германы хамгаалалтыг хэд хэд шалгаад амжсан юм.

Испанийн гол тоглогчдын нэг Педри гэмтэл авч, тоглолтыг орхисон ч, Ла Роха эхний гоолыг оруулсан бөгөөд Ямалийн дамжуулалтаар сэлгээгээр талбайд гарсан Олмо гоолдож, Испани тэргүүлж эхлэх нь тэр. Ийм нөхцөд байдалд Герман довтлохоос өөр сонголтгүй болсон. Тэмцээний 89 дэх минутад Виртц гоолыг оруулж, багийнхаа нэрийг хамгаалсан. Үндсэн цаг эвийн гэрээгээр өндөрлөж, нэмэлт 30 минут тоглохоор боллоо. Харамсалтай нь, хоёр баг хоёулаа гоол оруулах боломжоо ашиглаж чадсангүй.

Тоглолтын дараа Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуенте "Энэ бол бидний ололт амжилтыг үнэлж ирсэн таашаал авах мөч. Би ийм тоглогчдыг дасгалжуулж байгаагаараа бахархаж байна. Тэд хамгийн өндөр түвшинд өрсөлдөж сурсан хүмүүс. Тэд энэ тэмцээнд түрүүлэх боломжоо үүсгэлээ. Энэ баг үргэлж тэмцэх болно" гэсэн бол Германы дасгалжуулагч Юлиан Нагельсманн "Хагас шигшээд шалгарсан Испанид баяр хүргэе. Бид хоёрдугаар үеийн 60 дахь минутаас эхлэн илүүрхсэн. Тоглолтын төгсгөлд тооны харьцааг тэнцүүлсэн нь бидний хүртэх ёстой үр дүн. Гэтэл сүүлийн мөчид ялалтаа алдчихлаа. Харамсалтай нь жигүүрт хангалттай дарамт үзүүлж чадсангүй" гэсэн байна.

НИДЕРЛАНД 2-1 ТУРК

Туркчууд тоглолтыг 1-0 гэсэн харьцаатай тэргүүлж эхэлсэн ч Нидерландын шигшээ хоёр гоол дараалан оруулж, ялалт байгуулсан юм.  Туркийн шигшээ баг тоглолтоос тоглолтод яван чангарч байгаагаа дэлхий нийтэд харуулж чадлаа. Эхний гоолыг өнөөх Арда Гулерын дамжуулалтаар Самет Акаядин оруулсан юм. Тоглолтын 70 болон 76 дахь минутад Нидерланд дараалан гоол оруулж, тэргүүллийг авсан. Ингэхдээ Стефан де Врай багийнхаа эхний гоолыг оруулж, дараа нь Мерт Мулдур өөрийн хаалгандаа гоол оруулчих нь тэр. Тоглолтын төгсгөлд Туркийн шигшээ гоол оруулах гэж хичээнгүйлэн зүтгэсэн ч Нидерландын хамгаалалтыг давж чадсангүй.

Тоглолтын дараа Нидерландын дасгалжуулагч Роналд Куман "Манай ард түмний хувьд энэ бол онцгой зүйл. Бид жижиг улс ч хагас шигшээд Англи, Франц, Испанитай шалгарлаа. Үнэхээр бахархаж байна. Бид өнөөдөр хэцүүхэн хожлоо. Угаасаа амар тоглолт гэж үгүй. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн тоглолт  байлаа. Хагас шигшээд тоглох боломжтой болсондоо баяртай байна" гэсэн бол, Туркийн дасгалжуулагч Винченцо Монтелла "Бид бүхнээ дайчиллаа. Энэ тэмцээнд ч сайн оролцлоо. 90 минутын хөлбөмбөгт бид Нидерландтай адил хожил байгуулсан.Бидэнд олон залуу тамирчид байна. Тэд гайхалтай тоглолоо. Тэднээрээ бахархаж байна. Энэ тэмцээний дараа хүмүүс Туркийн хөлбөмбөгийг илүү ирээдүйтэй гэж харах болно" гэсэн байна.

АНГЛИ 1-1 ШВЕЙЦАРЬ

Торгуулийн цохилт 5-3. Хоёр багийн тоглолт эхнээсээ зохион байгуулалттай, харилцан довтолсон нээлттэй хөлбөмбөгийг үзүүлсэн юм. Английн шигшээ гурван хамгаалагчтай хувилбар сонгож, довтолгоондоо илтэд анхаарсан.

Швейцарийн довтлогч Брийл Эмболо зорьсондоо хүрч, тоглолтын эхний гоолыг оруулсан бол Английн шигшээ баг хасагдах шатны хоёр тоглолт дараалан эхлээд гоол алдаж байгаа нь энэ.

Гэхдээ хариу гоол оруулах гэж удаан зүдэрсэнгүй. Гарет Саутгейт гурван сэлгээ оруулсны дараа Букайо Сака алсын цохилтоор тооны харьцааг тэнцүүлсэн юм. Ийнхүү үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цаг сунгасан.

Нэмэлт цагт Пикфорд, Зоммер нарын хаалганд гоол ороогүй учир торгуулийн цохилтоор ялагчийг тодруулав. Хувийн ур чадвар хавь илүү Английн шигшээ багийнхан алдаа гаргасангүй, бүгд цохилтоо амжилттай болгосон бол Пикфорд Швейцарийн хоёр цохилтыг хаажээ.

Тоглолтын дараа Английн дасгалжуулагч Гарет Саутгейт "Тоглогчид маань гайхалтай байлаа. Бидний хамгийн шилдэг тоглолт байлаа. Бид бөмбөгтэй үедээ аюул тарьсан. Швейцарь ч сайн байлаа. Тэд сайн шахаж, хамгаалахад хэцүү байж, шилжилт нь сайн байлаа. Дахиад л хэцүү байдлаас эргэн ирлээ. Өөрсдийн авьяас чадвар, нөөц бололцоог харууллаа. Энэ тэмцээнд түрүүлэхийн тулд дан ганц сайн тоглох хангалтгүй. Бусад бүх шинж чанаруудаа харуулах хэрэгтэй" гэсэн бол, Швейцарийн дасгалжуулагч Мурат Якин "Бид бүхнээ дайчилж, олон боломж үүсгэлээ. Тамирчдынхаа, эх орныхоо өмнөөс харамсаж байна. Англи олон боломж үүсгээгүй. Бид өөрсдөө илүү үүсгэсэн. Бид гэртээ харих эрхгүй. Гэхдээ үнэхээр бахархаж байна. Англи ч хожигдох эрхгүй байлаа. Гэхдээ аль нэг нь хожигдох ёстой" гэжээ.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Н.Саранчимэг

 

Санал болгох

Т.Тэмүүлэн: Наадамчид уухайлаад эхэлтэл надад зориг орох шиг л болсон

Туулбаатарын Тэмүүлэн: Наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон оролцож

1 өдрийн өмнө
С.Бямбацогт: Алдаа гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

С.Бямбацогт: Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

1 өдрийн өмнө
Гөхөл, сүүл боож, хусуур зүүсэн эмэгтэй

А.Отгонсүрэн багаасаа спортын хүн болох мөрөөдөлтэй байсан бөгөөд өөрийгөө уяач болно гэж төсөөлөөгүй явжээ. Харин аавынх нь хэлсэн үг түүнд эрчис нэмж уяач болоход нь нөлөөлжээ

1 өдрийн өмнө