Соёолон уралдах үеэр замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж магадгүй

2024 оны 7 сарын 92024-07-09
Соёолон уралдах үеэр замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж магадгүй

Үндэсний их баяр наадмын үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн алба өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:

-Төв цэнгэлдэх орчимд 5 төрлийн 7850 автомашины зөвшөөрөл, Хүйдолоонхудагт 7 төрлийн 11400 автомашины зөвшөөрөл олгоод байна. Төв цэнгэлдэх орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор Гандигийн гудамж, Нийслэлхүрээний замд хязгаарлалтын бүс тогтоосон. Баяр наадмын комиссоос зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл энэ хэсэг рүү нэвтэрнэ.

Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их Монголын гудамжаар хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулна. 

Хүйдолоонхудаг орчимд 11500 тээврийн хэрэгслийн зогсоолтой. Нэмэлтээр шороон зогсоол дээр 5000 тээврийн хэрэгсэл зогсохоор зохицуулалт хийсэн. 

  • А зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх "Наадам центр"-ийн зогсоол дээр, Хүйдолоонхудагт баяр наадам зохион байгуулах хэсгийн баруун урд хэсэгт зогсоно. 
  • Д зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг "Наадам центр"-ийн зогсоол, Хүйдолоонхудагт баяр наадам зохион байгуулах хэсгийн баруун урд талд зогсооно. 
  • Ж зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд “Од” группийн зогсоол дээр, Хүйдолоонхудаг дээр баяр наадам зохион байгуулах хэсгийн баруун урд талын зогсоолд зогсоно. 
  • Ү зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэх орчимд "И март"-ын зогсоол, Хүйдолоонхудагт замынхаа зүүн талд зогсоно. 
  • Г зөвшөөрөл тээврийн хэрэгсэл Хүйдолоонхудаг орчимд үйлчилгээний тойргийн замын зүүн, баруун талд зогсоно. 
  • М зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Хүйдолоонхудаг орчимд үйлчилгээний тойргийн замын зүүн баруун зогсоно. 

Улсын баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрлийг тээврийн хэрэгслийнхээ салхины шилэн дээр, харах орчныг хязгаарлахгүйгээр, хяналтын камерт харагдахаар байрлуулж, улсын дугаараа бичээрэй.

Төв цэнгэлдэх орчимд 7800 тээврийн хэрэгсэл зогсох боломжтой. Мөн төмөр зам буюу 1000 машины зогсоол, Улаанбаатар төмөр замын депогийн зогсоол, "Нарантуул" зах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, "Дүнжингарав", "Мишээл экспо"-д машинаа тавиад, нийтийн тээврээр  Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих боломжтой.

7 дугаар сарын 12-нд наадамчид соёолонгийн тоосонд дарагдана гэж бэлгэшээн, Хүйдолоонхудаг руу маш олноороо зорчдог. Энэ үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их нэмэгддэг. Тэр үед замын ачаалал их болбол баруун аймгууд руу салдаг уулзвараас Эмээлтийн товчоо, Хүйдолоонхудаг хүртэл тээврийн хэрэгслийг 1 цаг нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Соёолонгийн уралдааны дараа 1 цагийн хугацаанд Хүйдолоонхудагаас Эмээлтийн товчоо, баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг баруунаасаа зүүн чиглэлд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар төлөвлөж байна.

Санал болгох