Х.Нямбаатар өнөө орой нийслэлчүүддээ "Учиртай гурван толгой” үзүүлнэ

2024 оны 7 сарын 102024-07-10
Х.Нямбаатар өнөө орой нийслэлчүүддээ "Учиртай гурван толгой” үзүүлнэ

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөө орой 21:00 цагаас нийслэлчүүддээ "Учиртай гурван толгой” үзүүлнэ. Түүний санаачилгаар өнөө орой Сүхбаатарын талбайд тоглох энэ дуурийг С.Баттулга найруулж, Ц.Тэлмүүн-Очир удирдаж байна. Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрд УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд тус театрын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд уг театрын гоцлол дуучин Б.Одонзаяа, худалдаачны дүрд мөн театрын гоцлол дуучин Э.Отгонбат, бүүвэйчийн дүрд гоцлол дуучин М.Дариймаа нар тоглохоор шалгарчээ.

Их зохиолч Д.Нацагдоржийн зохиолыг 1934 онд Д.Намдаг найруулан, Бөмбөгөр ногоон театрт анх дуулалт жүжиг болгон тогложээ. 1942 онд Ц.Дамдинсүрэн уг зохиолын төгсгөл хэсгийг бага зэрэг зассан байна. 1979 оноос энэ жүжгийг дуурь болгон найруулжээ. 

“Учиртай гурван толгой”-н талаар Төрийн хошой шагналт Д.Намдаг ийн дурссан байна. 

…1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврүүн өдөр би Улсын төв театрын "Бөмбөгөр ногоон" гэж алдаршсан байшингаас гарангуутаа нөхөр Д.Нацагдоржийнх руу явлаа. Уг нь би Д.Нацагдоржийнхоор бишгүй явдаг байсан атал сүүлийн бүтэн жил ер ороогүй аж. Энэ зуур Д.Нацагдорж Нина гэдэг орос хүүхэнтэй ханилж, өөр газар шилжин суусан байлаа. Д.Нацагдорж ном дэвтрүүд ба бичиг цаас овоолсон хоолны ширээний хажууд юм бичиж сууснаа орхин, "Наяа" гэж намайг дуудан угтаж, ширээнийхээ нөгөөтэй суулгав. Тасалгаан дахь өөр бусад сав шургуулга мэт дээр мөн л ном судар, бичиг цаас овоолоостой. Yзтэл орон сууц багадаж, үзэх судлах, хийж бүтээх зэрэгт дарагдаад байгаа нь илэрхий. Гэтэл би бас өөрт нь ажил нэмэх санаатай яваа.

Зохиолгүй байгаа зовлонгоо тоочсоныг Д.Нацагдорж маань анхааралтай сонсож, сэтгэл хуваалцав. Дараа нь гаргах жүжигтэй болгож өгөхийг гуйсны минь хариуд үгүй гэж хэлж чадахгүй хүлээн авлаа. Иймд бид тэр дорхноо чухам юун тухай хэрхэн бичих рүүгээ яаран оров. Д.Нацагдоржид нэгэн аялгуутай эмгэнэлт зүйл бичих сэдэв бий аж. Тэгээд автономатын үед үзэсгэлэн сайхнаараа дуунд гарсан Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралд тохиолдсон зүйлсийг ярив.

Yүнийг нь би сонирхон, тайзан дээр хэрхэн тохируулах талаар арга ухаан сийлэхийг бодно. Юу юуны урьд эмх замбараатай, маш цөөн хүний дунд эргэлдүүлэхийг л эрхэмлэнэ. Энэ бодлыг Д.Нацагдорж зөвшөөрөхийн зэрэгцээгээр, үндэсний аялгуут жүжиг бий болгох явдалд зохистой шинэ хэлбэр бий болгохыг эрмэлзэв. Гэтэл энэ үед ая дуу зохиох мэргэжлийн хүн байтугай ноот мэдэх хүн бараг байхгүй шахам байсан цаг. Гэлээ ч бид оролдох нь чухал гэж үзэн, хоёр цаг хэртэй харилцан ярилцсаны үр дүнд нэгэн жүжгийн төлөвлөгөөг бүрэн боловсруулан гаргаж амжив.

Энэ бол анхны "Учиртай гурван толгой". Бүх үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдал бөгөөд үүнээ бид хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэв…

Гурав дахь хоногийн өглөө Д.Нацагдорж бүрэн бичиж дууссанаа авчрав. Миний баярласан гэж хэмжээгүй их. Бичсэнээ надад уншиж өгөв. Энэ нь түрүүч түрүүчийнхээсээ давуутай болсонд би зөвхөн сэтгэлдээ л баярлав. Тэгээд жүжигчид дээрээ харвасан сум шиг харайлган орсон бөгөөд гартаа барьсан зохиолоо дээр өргөн "Зохиол бэлэн" гэж хашхирав. Жүжигчид сууж байснаа дуу алдан босон харайв. Жүжигчид над дээр маргааш хэзээ цуглаж, юу хийхээ асуухаар бөөнөөр ирлээ.

Энэ завшаанд би тэднийгээ Д.Нацагдоржтой танилцуулав. Бид баяр баясгалантайгаар хүрээлэн сууцгааж, жүжгийн тоглолт, үзэгчдийн сонирхсон байдал, зохиолын явц, түүний шүлэглэлүүдийн аятай сайхан болсон тухай харилцан ярилцсан. Ингэж бид хийж, бүтээж амьдарч явлаа…

Санал болгох