ШУГТЭ-ийн эмч нар АНУ-ын мэдрэлийн мэс заслын эмч нартай хамтран 34 эмчлүүлэгчид эрсдэл өндөр, хүнд мэс заслуудыг амжилттай хийжээ

2024 оны 7 сарын 82024-07-08
ШУГТЭ-ийн эмч нар АНУ-ын мэдрэлийн мэс заслын эмч нартай хамтран 34 эмчлүүлэгчид эрсдэл өндөр, хүнд мэс заслуудыг амжилттай хийжээ

ШУГТЭ ба Олон улсын “Вирту” байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын мэдрэлийн мэс заслын эмч проф. Реза Яассари, Саади Гатан нарын эмч нарын баг хэрэглэх багаж хэрэгслээ авч ирэн 2024.06.01-2024.06.15-ны өдрүүдэд ШУГТЭ-ийн ММЗ-ын тасагт ажиллалаа. Тасгийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийсэн. Нийт 34 эмчлүүлэгчид эрсдэл өндөр, нарийн, төвөгтэй хүнд мэс заслууд хийгдсэн ба үүнээс 13 хүүхдэд мэс засал хийсэн байна.

Тархины чамархайн дэлбэнгийн хавдар, хатангиршил, сорвижил, тархины гадаргын дисплазийн шалтгаант эмэнд тэсвэртэй уналт таталттай эмчлүүлэгчид эпилепсийн голомтыг тайрч авах, амигдалагипокампэктоми, каллозотомийн мэс заслууд хийв. Олон эмэнд тэсвэртэй эпилепси оноштой өдөрт олон удаа таталт өгч байдал нь хүндэрч байгаа 5 настай хүүхдэд гемисферотоми буюу тархины талбөмбөлгийг нэлэнхүйд нь суурийн зангилаанаас нь салгах мэс засал манай улсад анх удаа хийгдсэн. Мэс заслын дараа хүүхдэд уналтын тоо буурсан, түр зүүрын саа үүссэн нь сэргэж эхэлсэн.

Тархи усжилттай хүүхдүүдэд тархины 3-р ховдолын доод ханыг нээж суваг үүсгэх, хажуу ховдлын судсан сүлжээг түлэх мэс заслууд хийгдсэн. Мөн тархины ховдол доторх хавдраас дурангаар дээж авсан.

Хүзүүний олон нугалам хамарсан өмнөд болон арын бэхэлгээт мэс засал, нугасны АВМ, хүзүүний түвшин дэх нугасны том хавдар, гулсалт болон нурууны мурийлт засах зэрэг мэс заслууд хийсэн.

Тасгийн эмч нарт “Хүзүүний спондилоз” сэдвээр Реза Яасари эмч лекц уншиж, “Эпилепси өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” хуралд Саади Гатан эмч “Эпилепсийн мэс засал” сэдвээр илтгэл тавьсан.

Мэс заслын жагсаалт

  1. Таталтын голомт тайрах мэс засал-12
  2. Тархины дурангийн мэс засал/ETV,CPC/-2
  3. Нугасны өөхөн эдийн хавдар авах-1
  4. Нугасны ивэрхий нөхөх-2
  5. Арнольд Киарын гажиг засах. Тархи, нугасны дарагдал чөлөөлөх-1
  6. Хүзүүний түвшин дэх нугасны хавдар авах мэс засал – 1
  7. Хүзүү сээрний арын бэхэлгээт мэс засал-6
  8. Хүзүүний нугалмын хугарал бэхлэх – 2
  9. Хүзүүний хиймэл жийргэвч, өмнөд бэхэлгээт мэс засал – 4
  10. Нурууны мурийлт засах мэс засал-1
  11. Нугасны АВМ авах мэс засал - 1

зэрэг мэс засал тус тус хийгдэж эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч байна. Шарх цэвэр эдгэж байна.

Профессор эмч нарын үзлэгийн үед

Профессор эмч нарын лекц

     

Навигешн төхөөрөмж ашиглаж нурууны мурийлттай эмчлүүлэгчид бэхэлгээт мэс засал хийж мурийлт засах мэс заслын үед

       

Нугасны ивэрхий засах мэс заслын үед

 

 

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө