Г.Лувсанжамц: Гадаадад олон жил ажиллаж амьдарсан болохоор наадмаа үзэхийг тэсэн ядан хүлээж байна

2024 оны 7 сарын 92024-07-09
Г.Лувсанжамц: Гадаадад олон жил ажиллаж амьдарсан болохоор наадмаа үзэхийг тэсэн ядан хүлээж байна

Монгол ардын намын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Ганзоригийн Лувсанжамцтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

----------------------------------------------------------------------------------------------------

-Юуны өмнө Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдож нийт иргэдээ төлөөлөн ажиллах болсонд баяр хүргэе. Шинэ гишүүн болоод орж ирсэн анхны сэтгэгдэл тань ямар байна вэ?

-Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор буюу тойрогт нэр дэвшигчдээс гадна нам дугуйлснаараа өмнөх хоёр сонгуулиас ялгаатай байлаа. МАН-ын хувьд жагсаалтаар нэр дэвшигчдээ салбаруудын төлөөлөл, мэргэшсэн боловсон хүчнээр бүрдүүлснээрээ мөн онцлог байлаа. Тангараг өргөж байхад сэтгэл их хөдөлсөн. Маш том үүрэг хариуцлага ирж байгааг ухаарсан. 

Би хариуцлагатай, тууштай байдал, хамтын ажиллагаа гурвыг хувийн амьдрал болон ажлын арга барилдаа чухалчилдаг хүн. Өргөсөн тангарагтаа тууштай байж түмэн олны төлөөлөл гэдгээ ухамсарлаж, ёс зүйтэйгээр ажиллахыг зорьж байна.

-Улс төрийн ууган хүчин МАН-аас танд анх жагсаалтын нэгдүгээрт бичих саналаа яаж тавьж байв. Тухайн үед та ямар байдлаар хүлээн авч байсан бэ?

-Жагсаалтаар нэр дэвших саналыг авахдаа би нэгэн цагт Хүлэгү хааны захирч байсан Турк улсын Газиантеп хотод сэргээн босголтын төсөл дээр ажиллаж байсан. Намын удирдлагаас утсаар санал тавьсан. Тухайн үед итгэж өгөхгүй тулгамдаад татгалзсан боловч сайн бодож үзээрэй гэсэн. Гэр бүлтэйгээ ярилцаад ийм зоригтой, шийдмэг санал тавьж байгаа болохоор улс орныхоо төлөө хариуцлагатайгаар ажилласан нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Харин нэгдүгээрт, бичигдсэнээ өглөө онгоцноос буугаад л мэдсэн. Үнэнийг хэлэхэд тухайн үед их сандарсан шүү.

-Та бол залуу хүн, боловсролтой хүн. Энэ утгаараа өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжил, Монгол төрийн бодлого юунд нь онож, юунд нь алдаж ирэв гэдгийг юу гэж бодож явдаг вэ?

-Сүүлийн 30 жилийн хугацаанд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээл рүү шилжих үйл явцыг дутуу дулимаг хийсэн гэж боддог. Ялангуяа эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалт, барилгын салбар нь төр болон шат шатны дарга нараас хэт хараат байгаа нь алдаа гэж боддог. Мөн сонгуулийн тогтолцоо нь тойргийн буюу гишүүд улс орны бодлого гэхээсээ илүү сонгогдсон тойрогтоо түлхүү анхаарч, жижиг цар хүрээгээр ажилладаг тогтолцоо давамгайлсан нь буруудсан гэж боддог.

-Ерэн оноос эхлээд бид Ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжсэн. Өнөөдөр энэ бүх эрх, эрх чөлөө бүрэн утгаараа хангагдаж чадаж байгаа гэж харж байна уу?

-Сая хэлсэнчлэн дутуу дулимаг зүйл байгаа учраас нийгэм эдийн засгийн олон асуудал шийдэгдэж чадалгүй өдийг хүрсэн гэж хардаг. Улс үндэстэн бүр өөр өөрийн онцлогтой. Тухайн өгөгдөл, нөхцөл, соёл, аж амьдралд тааруулан оновчтой шийдэл, шинэчлэл, шилжилтийг хэрэгжүүлж байж хөгжлийн үүд хаалга нээгдэнэ гэж хардаг. Бүрэн эрхийнхээ хугацаанд ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг тууштай дэмжиж ажиллана.

-Хөгжсөн орнуудыг харахад эдийн засгаа аль болох чөлөөт урсгалаар явуулж ирсэн байх юм. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ хааж боох, татвараар дарамтлах биш, эсрэгээрээ бүх хаалтаас чөлөөлж бизнес хийх боломжийг нь нээлттэй болгож өгснөөрөө тухайн улс хөгжсөн жишээ олон. Манай улс яг энэ жишгээр явж чадаж байна уу?

-Юуны түрүүнд эрчим хүч, дулаан, цэвэр бохир ус зэрэг хот байгуулалтын суурь болсон инженерийн дэд бүтцийн салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нээж, төр давамгайлсан байдлыг арилгах ёстой гэж бодож байна. Бусад салбарт ч мөн адил төрийн оролцоог багасгаж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, татварын болон хууль эрх зүйн таатай орчныг бий болгох, гарааны болон жижиг дунд бизнесийг дэмжих, үүнийг хэрэгжүүлэх оновчтой бодлого боловсруулахыг зорьж ажиллана. Тийм болохоор эдийн засгийн байнгын хороо, аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд орох саналаа бүлгийн даргадаа өгсөн. Цомхон төр, чадварлаг хувийн хэвшил, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож байж улс орон хөгжинө гэж боддог. Цаашдаа ч энэ үзэлдээ тууштай байна.

-Яг энэ цаг үед Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн байгуулагдаж байна. Иргэдийн хувьд хамтарсан засаг байгуулагдах асуудал дээр хоёр талтай шүүмжлэлийг хэлж байна л даа. Хувь гишүүнийхээ хувьд та ямар зарчим баримталж байна вэ?

-Бусад намуудын мөрийн хөтөлбөрийг уншсан. Ерөнхий зорилт, чиглэл дээр ижил төстэй талууд олон харагдсан. Тоон зорилт бага зэрэг зөрсөн ч харж буй зүг нэг бол тухайн салбарууд дээр хамтраад ажиллах нь зүйтэй гэж хувьдаа бодож байна. Ер нь сонгуулийн холимог тогтолцоотой улс оронд хамтарсан засаг байгуулагдах жишээ түгээмэл байдаг шүү дээ. Харин мэргэжлийн, чадварлаг, туршлагатай хүмүүсээс бүрдсэн засаг байгуулагдаасай гэж бодож байна.

-Хэн, хэн сайд болох вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байгаа. Яг энэ цаг үед сошиалаар таныг сайд болох тухай мэдээлэл их харагдаж байна. Таны нэр үнэхээр сайдад яригдаж байгаа юу?

-Албан  ёсоор надад ийм мэдээлэл огт ирээгүй. Энэ явж байгаа мэдээлэл тандалт, эсвэл шуум болов уу гэж бодож байна.

-Улаанбаатар хотод хүн амын талаас илүү хувь нь аж төрдөг. Тэр утгаараа нийслэл хотын асуудал уул мэт их. Ядаж замын түгжрэлээ бид яаж шийдэх вэ. Метро барьчихвал замын түгжрэл алга болно гэж үзэх хүн олон. Үнэхээр тийм нөхцөл үүсэх үү?

-Юуны өмнө яагаад ийм нөхцөл байдалд хүрсэн шалтгааныг тайлбарлах ёстой байх. Манай улсын хот байгуулалтын хууль эрх зүйн орчин сүүлийн 30 жилийн хугацаанд төдийлөн сайн шинэчлэгдэж чадаагүй. 

Хуучин социалист буюу төр нь бүх асуудлыг шийдэх гэж оролддог, дээрээс доош чиглэсэн захиргаадалтын хот байгуулалтын тогтолцоотой хэвээрээ байна. Мөн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, салбарын яамдуудын төлөвлөгөө гээд хэтэрхий их төлөвлөгөө байдаг. Тэдгээрийн уялдаа сул, төсөв болон хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдлын улмаас утаа, түгжрэл зэрэг хотын асуудлууд үүссэн. Хууль эрх зүйн орчныг засаж, иргэдийн оролцоот, иргэндээ чиглэсэн, 20 минутын хот консептыг хэрэгжүүлж байж суурь асуудлууд шийдэгдэнэ. 

-Түгжрэлийн тухайд...?

-Улаанбаатар хот нь өөрөө автомашин бус нийтийн тээвэрт зориулсан хот. Хүн бүрд хүртээмжтэй олон сонголтот, оновчтой нийтийн тээврийн сүлжээнээс шийдэл эхэлнэ. 

Оновчлолын хувьд жишээ нь III, IV хорооллоос хотын төв рүү явдаг автобус хэт их ачаалалтай байхад Шар хадТолгойт чиглэлийн автобус харьцангуй ачаалалгүй атлаа хэтэрхий олон автобус явдаг. Иймд бид бодит бөгөөд чанартай мэдээлэл цуглуулах, боловсруулан дүгнэж, иргэдийн санал, зорчилт хөдөлгөөний т андалт судалгаанд үндэслэсэн арга хэмжээ авах шаардлагатай байна. Зам зогсоол барих, өргөтгөх хэрэгтэй гэсэн санал их сонсогддог. Нөгөө талдаа явган болон дугуйгаар зорчигчдод ээлтэй орчинг бүрдүүлэх шаардлага хэрэгцээ бас өндөр байгаа. Автомашин ашиглалтыг багасгах цогц арга хэмжээ үгүйлэгдэж байна. Тэрэгтэй, тэргэнцэртэй, таягтай бүх иргэдэд зориулсан гудамж, хотыг хүмүүс хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд хорооны иргэдийн нийтийн хуралд суурилсан төлөвлөгөө боловсруулалт нэн чухал. Мэргэжил, туршлагадаа суурилж эдгээр болон бусад асуудлууд дээр анхаарч ажиллана.

-Сая сонгуулийн өмнө томоохон хэд хэдэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, дансыг нь царцаалаа. Ер нь Монголд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийнхээ эрх ашигт нөлөөлөх, халдах асуудал цөөнгүй гардаг. Тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлд та ямар санал санаачилга гаргаж ажиллах бодолтой байна вэ?

-Төр бол хувийн хэвшил болон иргэдийн татвар дээр оршин тогтнодог. Бизнесийн орчинг сайжруулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, зөв зохицуулалт хийх нь гол үүрэг гэж боддог. Хэн нэгэн дарга, эсвэл төрийн байгууллага хувийн хэвшлийн үйл ажиллагааг дур мэдэн гэнэт зогсоох, дансыг хаах, ганц татварын байцаагчийн шийдвэрээр өндөр торгууль тавих зэрэг асуудал ардчилсан, чөлөөт эдийн засагтай улсад байж болохгүй гэж хувьдаа боддог. Зөвхөн шүүхийн шийдвэр дээр үндэслэж хийгдэх ёстой болов уу. Хааж хурааж, цагдаж хорихгүйгээр хянаж шалгах бүрэн боломжтой шүү дээ. Энэ асуудал бол зөвхөн нэг хувийн хэвшил, ажил олгогчийн асуудал биш. Тэнд ажиллаж байгаа олон ажилтан, тэдний ар гэр, үр хүүдүүд бас байгаа гэдгийг анхаарч, болгоомжтой хандах ёстой. Бизнес эрхлэх орчин чөлөөтэй, таатай байж л эдийн засаг хөгжинө. Хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч зэрэг бүх талуудын саналыг сонсож, салбарын төлөөлөл болсон бусад гишүүдтэйгээ хамтарч бизнесийн таатай орчинг бий болгох, хувийн хэвшлийг хамгаалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих тал дээр анхаарч ажиллана. Мөн зөвшөөрлийн тогтолцооноос стандартын тогтолцоонд бүрэн шилжих бодлогыг хэрэгжүүлж, ямар нэг үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл авах бус, зөвхөн мэдүүлэхэд л хангалттай тогтолцоог бий болгохоор зорьж байна. Товчхон хэлэхэд, ажил хийж амь зогоохын тулд төрөөс зөвшөөрөл авдаг тогтолцоог утгагүй зүйл гэж хувьдаа боддог.

-ХЭН НЭГЭН ДАРГА ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГЭНЭТ ЗОГСООХ, ДАНСЫГ НЬ ХААХ, ӨНДӨР ТОРГУУЛЬ ТАВИХ ЗЭРЭГ АСУУДАЛ ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЛСАД БАЙЖ БОЛОХГҮЙ-

-Таны улс төрийн ирээдүйн зорилго юу вэ?

-Дээр хэлсэн барилга хот байгуулалтын бодлогын өөрчлөлт, хууль эрх зүйн орчинг засаж залруулж, хүн төвтэй, хүндээ чиглэсэн ая тухтай хотыг бий болгох нь миний хувийн болон улс төрийн зорилго. Хот байгуулалтын салбар өөрөө өөрчлөлт гарах, тэр нь мэдрэгдэхэд хугацаа их шаарддаг болохоор зорилгодоо тууштай зүтгэнэ. Зөвхөн нийслэл хот гэлтгүй аймгийн төвүүд ч утаагүй болж, машин төвтэй бус хүн төвтэй хот болохыг зорино. Харин Улаанбаатар хотоо дэлхийн өвлийн нийслэл болоосой гэж мөрөөддөг. Үүнийхээ төлөө хамтын ажиллагааг чухалчилж, иргэд оршин суугчидтайгаа ойр ажиллаж, нийгмийн төлөөллийнхөө хувьд улс төрд шинэ шийдэл, зарчим, соёлыг бий болгохын тулд мөн хичээж ажиллана аа. Ардчилал, эрх чөлөөг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарын үүрэг, оролцоо чухал гэж боддог. Хамгийн эхний алхам бол хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах явдал гэж боддог. Дөрөв дэх засаглал, үнэнг хамгаалагч гэгддэг салбарын та бүхэнтэй ойр байж, нээлттэй ажиллахыг зорьж байна. Танай хамт олон, бусад хэвлэлийн байгууллага, мөн уншигч олондоо амжилт хүсч, үндэсний их баяр наадмын баярын халуун мэндийг хүргэе. Гадаадад олон жил ажиллаж амьдарсан болохоор наадмаа үзэхийг тэсэн ядан хүлээж байна.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Э.Мөнхтүвшин

 

Санал болгох

Т.Тэмүүлэн: Наадамчид уухайлаад эхэлтэл надад зориг орох шиг л болсон

Туулбаатарын Тэмүүлэн: Наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон оролцож

3 өдрийн өмнө
С.Бямбацогт: Алдаа гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

С.Бямбацогт: Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

3 өдрийн өмнө
Гөхөл, сүүл боож, хусуур зүүсэн эмэгтэй

А.Отгонсүрэн багаасаа спортын хүн болох мөрөөдөлтэй байсан бөгөөд өөрийгөө уяач болно гэж төсөөлөөгүй явжээ. Харин аавынх нь хэлсэн үг түүнд эрчис нэмж уяач болоход нь нөлөөлжээ

3 өдрийн өмнө