Наадамчин олны нүд сэтгэлийг баясгах нэг зүйл бол монгол дээл, малгай. Тэгвэл үүнийг хэзээ ч давтагдашгүй хэв маяг, загвараар урладаг эрхмийг Б.Баянбат гэдэг. Тэр зөвхөн эмэгтэй хүн л хөх зүү хөндлөн барьдаг гэх ойлголтыг эвджээ. Түүний ээж маш уран хүн байсан тул Б.Баянбат мэлмийг нь авч төрсөн хэмээн өөрийгөө танилцуулсан юм. Тэр найман настайдаа ээжээсээ өнчирч үлджээ.
Аав нь аймаг, сумандаа алдартай бөх байв. Багадаа сумын наадмаар аавыг нь зорин ирэх хүмүүсийг хараад огшиж, сонирхож барилддаг байснаас биш, бөх болох хүсэл төрж байгаагүй ажээ. Б.Баянбат гуайн сэтгэлд аавтайгаа өнгөрүүлсэн сумын наадмууд тодхон үлджээ. Аймгаас сум хүртэл мориор товоргож, хуушуурын асар хэсэн, бөхийн дэвжээнээ аавыгаа зодоглохыг харсан тэр наадам Б.Баянбат гуайн хувьд хамгийн сайхан наадам байсан аж.
Хар багаасаа амьдрахын эрхэнд хатуу бүхэнтэй нүүр тулж, гарын доорх материалаар юм урласаар дээл, малгайтай амьдралаа холбожээ. Анх шуба хийж эхэлснээр түүний оёдолчин болох гараа тавигджээ. Өдгөө наадамчин олны дээл, малгай, морь цоллооч, бөх, харваач, засуул, уртын дуучдын дээл, малгайг сэтгэлээ шингээн урлаж сууна.
Түүний урлангийн хана ямар ч зайгүй. Баруун ханандаа толь, урд ханандаа хараа булаам торго дурдан өрсөн бол зүүн ханандаа том ширээ байрлуулжээ. Тус ширээний ойролцоо оёдлын машин, хайч, метр, индүү гээд түүний гол хэрэгсэл байв. Ийн гэрийнхээ хажуу өрөөг урлан болгосон Б.Баянбатын нэг өдрийг бид сурвалжиллаа. Тэр дуу аялсаар үүрийн 5 цагаас эхлэн, үдшийн бүрий хүртэл аз жаргалтайгаар бүтээлээ урлана. Хот нойрсох мөчид энэ хавьд ганцхан цонх гэрэлтэй үлдэх болжээ, сүүлийн үед. Тэнд Б.Баянбат гуай наадмын шинэ гоёлоо хүлээж буй наадамчдын малгай, дээлийг урлаж суугаа. Тэр юм оёж сураад, хамгийн түрүүнд эхнэртээ цэнхэр дээл оёжээ. Сэтгэлээ шингээн урласан тэр дээлийг нь эхнэр нь авдартаа нандигнажээ.
С.Баттунгалаг: Ханийнхаа буянаар жил бүр би шинэ дээл, малгайтай нааддаг их азтай хүн
“Хань минь сэтгэлийн ур, гарын ур, нүдний ураа шингээж оёдог. Надтай ханилан суусан цагаасаа эхлэн, жил бүр Үндэсний их баяр наадам, Цагаан сараар шинэ дээл, малгай урлаж өгсөн. Одоо хэчнээн дээл, малгайтай болсноо хэлж мэдэхгүй юм. Жил бүр шинэ дээл, малгайгаар гоёж нааддаг би их азтай хүн” хэмээн ярилаа.
Тэр бол нөхрийнхөө сайн туслах. Шилбэ, бүч, орой зангидахаас эхлэн, дээл, малгай хийхэд оролцдог аж. Ийн Б.Баянбат эхнэр, хүүтэйгээ хамт малгай, дээлээ хийсээр урлантай болох эхлэл тавигдаж, олонд танигдсан байна. Энэ уран гэр бүл наадмаар өөрсдийн урласан хувцсаараа жил бүр “Дээлтэй монгол” наадамд оролцдог. Тус наадамд 2017 онд түрүүлсэн тухайгаа хүү Б.Буянжаргал нь хэллээ.
Б.Баянбат гуайн гэрийн хойморт дөрвөн талт, соёмбон оройтой, хилэн улаан, ногоон малгай, ард гэж нэрлэгдэх улаан залаатай малгай байв. Удахгүй эзнийхээ тэргүүн дээр тавигдах эдгээр малгайг тэр гэрийнхээ хойморт тавьжээ. Улаан эмжээртэй улбар шар дээл нүдэнд туссан нь энэ жилийн наадмын нээлтэд оролцох уртын дуучных байлаа. Нэг малгай, дээл оёход 1-2 хоног зарцуулдаг аж.
Б.Баянбат гуай өөрийнхөө урласан дээл, малгайнаас монгол бахархлаа олж хардаг
Түүнд ирдэг захиалгын 30 хувийг бөхийн малгай эзэлдэг аж. Олон бөхийн малгай урласан тэрээр бөхийн хийморь сүлд малгайнд оршдог хэмээн итгэж, бат бөх, загварлаг урлахыг хичээдэг. Түүний урласан, бөхийн малгай хаана ч давтагдахааргүй загвартай, үндэсний хэв маяг, өв соёлоо хадгалсан гэдгээрээ онцлогтой. Түүгээр малгай, дээл оёулсан хүмүүс үргэлж талархсанаа илэрхийлж, ерөөл хайрлан, бэлгэшээдэг. Тэр үүнээс урам авч, оёж буй хувцсандаа сэтгэлээ шингээдэг.
Нэгэн бөхөд малгай урлаж өгснөөс хойш бөхчүүд Б.Баянбат гуайг сураглан, зорьж ирэн, захиалга өгдөг болжээ. Хамгийн сүүлд улсын шинэ арслан Ш.Бямба-Отгоны малгайг урлажээ. Тэр энэ талаар “Утсаар залгаад, “Малгай хийлгэмээр байна” гэхээр нь “Захиалга дүүрсэн” гээд утсаа тасалсан юм. Гэтэл маргааш нь хаалга нүдээд, Ц.Бямба-Отгон арслан ороод ирсэн. Эхнэр “Хөгшөөн! Шинэ арслан зочилж байна” гэхээр нь хартал Ц.Бямба-Отгон “Тантай яриад, малгай хийхгүй гэхээр нь өөрөө бараагаа харуулж уулзъя гээд зориод ирлээ” гэсэн. “Шинэ цолыг минь бодоод, та малгай хийж өгнө үү” гэхээр нь яаж ч чадаагүй. Малгай хийж өгөхөөр болсон” гэж ярив. Ийн энэ жилийн наадамд улсын шинэ арслан Ц.Бямба-Отгон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэвжээнээ шинэ малгайгаар гоёх нь. Б.Баянбат жил бүрийн наадмаар хүмүүсийг шинэ дээл, малгайтай наадахыг хараад баярлаж, бахархдаг байна. Өөрийнхөө урласан монгол хувцаснаас бахархал олж хардаг гэнэ. Б.Баянбат гуай “Эмэгтэй дуучдын малгай цомцгор, шөвгөрдүү байвал маш дэгжин харагдуулдаг. Харин эрэгтэй хүний халх малгайг том шөмбөгөр хийхэд, сүрлэг харагдуулдаг. Бөхийн малгайны дөрвөн тал бөмбөгөр бол бат бөх, сүр жавхлантай харагддаг” гэж тайлбарлалаа. Бөхийн малгай эдэлгээ даадаг байх нь нэн чухал гэнэ. 20 жилийн турш монгол хувцас оёж байгаа Б.Баянбат гуай дээл, хантааз эмжихдээ нямбайлан анхаарч, товч шилбийг нь маш чанга зангидах аж. Хувцас захиалж байгаа хүн бүртэй тусгайлан ярилцаж, санал бодлоо солилцоно. Ингэснээр тухайн хүнд тохирох өнгө, загварыг төгс гаргадаг юм байна.
Сэтгүүлч Б.Оюунжаргал
СУРВАЛЖИЛГЫГ ҮЗЭХ