Шагай харваанд түрүүлж байгаа багийн гишүүдийн 50 хувь нь 20-28 насны залуус байна 

2024 оны 7 сарын 102024-07-10
Шагай харваанд түрүүлж байгаа багийн гишүүдийн  50 хувь нь 20-28 насны залуус байна 

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадам нээлтээ хийхэд 1 хоног үлдлээ. Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн асар сурын талбайд харваачид цэц, мэргэнээ сорьж буй.

 

Уухайлан түрж, ерөөл айлдах шагайн харвааны асраар зочлоход баг тус бүр өөр өгийн монгол хувцсаар жигдэрсэн нь нүдэнд тусна. 8 настай балчраас 80 настай буурай хүртэл шагай харвах үйл явцыг гярхай ажиглаж суух аж. Шагай харваа нь дэлхийд цор ганц спорт бөгөөд жил бүр наадмаар монголчууд дэлхийд гайхагдах наадмын чимэг болсон энэ спортоороо цэц мэргэнээ үздэг.

Энэ жилийн шагайн харваанд 21 аймгаас 100 гаруй баг оролцож байна. Дээр үед шагай харваа нь хаад , ноёдын тоглоом байсан гэлцдэг. Түүнээс хойш дэлхийд гайхагдах цор ганц спорт болтлоо хөгжсөн нь энэ. Энэ удаагийн шагай харваанд 1998-2000 оны  залуус ихэд оролцож байгаа нь энэ төрлийн спортыг сонирхогчдын нас залуужиж, хойч үедээ өв уламжлалаа сайтар түгээн дэлгэрүүлж байгаа жишээ хэмээн ахмад харваачид онцолж буй. Ийн Үндэсний шагай харваа спортоор цэц мэргэнээ сорьж буй харваачдын  төлөөлөлтэй уулзлаа.

1.JPG

А.Баясгалан  /МУ-ын хошой мэргэн /

“Залуу үе  хүчтэй, эрэмгий хүч түрэн цэц мэргэнээ үзэж байгаа нь шагай харваа хөгжсөний илрэл”

“Энэ жилийн шагайн харваа өрсөлдөөн ширүүн байна. Жоохон анхаарал суларвал хожигдох гээд байгаа тал бий. Сайн тоглож  байгаа багийг харахад ихэвчлэн 20-28 залуусаар багаа бүрдүүлсэн  байна. Тийм учраас шагай харвааны спорт залуу хойч үедээ сайн өвлөгдөж түгээн дэлгэрүүлж чадаж байна гэсэн үг.

4.JPG

Б.Цогтбилиг  /Шагай харваач/

Шагай харвах спортоор хичээллэснээр тэвчээртэй, сахилга баттай болсон

-Аав маань шагайн харваагаар хичээллэдэг байсан. Ингээд аавыгаа дагаж явсаар шагай харвах болсон. Энэ жил гурав дахь удаагаа Үндэсний шагай харваад цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. 7 хоног бэлдсэн ч багууд хүчтэй харагдана лээ. Шагай харвах спортоор хичээллэснээр тэвчээртэй, сахилга баттай болдог.

Шагай харваа бие бялдар хөгжүүлэх, гоо сайхны хүмүүжил олгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн хатуужлыг бэхжүүлэх, тэдэнд хамт олонч, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт ёс, жаягийг өвлүүлэх явдал юм.

Нэг баг 7-8 хүний бүрэлдэхүнтэй нэг  удаагийн харваанд 40-50 удаа босч суудаг учир үүнээс  спортын шалгуур эхэлж, гарын торгон мэдрэмж, нүдний хараа, амьсгалын зохицуулалт  маш их шаарддаг гэнэ.

Харваачдын цол хэргэм, зэрэг дэв нь малгайны урд хадсан цолны  тэмдэг болон малгайны ард унжсан улаан залаа нь дээрх зураасаар  ялгардаг. Үндэсний их баяр наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн,Үндэсний спортын их наадмуудад түрүүлж шөвгөрснөөр дараах байдлаар цоллодог байна 

10 төрүүлбэл-Монгол Улсын Даяар дуурьсах  дархан мэргэн

3 түрүүлж, 3 шөвгөрсөн  бол -Монгол Улсын дархан мэргэн

2 түрүүлж 2 шөвгөрсөн бол-Монгол Улсын дархан мэргэн

1 түрүүлж, 2 шөвгөрсөн бол-Монгол Улсын гарамгай мэргэн

2 удаа шөвгөрсөн бол-Монгол Улсын хошой мэргэн

1 удаа шөвгөрсөн бол-Монгол Улсын мэргэн

Багийн харваанд 3 удаа шөвгөрсөн бол -Монгол Улсын харьшгүй мэргэн

Өсвөрийн Улсын аварга шалгаруулах  тэмцээний багийн болон хувийн  цуваа харваанд 5 удаа шөвгөрсөн бол Монгол Улсын Өсөх идэр мэргэн цолыг тус тус хүртдэг байна. Шагайн харвааг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн байдаг.  Монголчууд шагайгаар бөгцөг харвах, морь уралдуулах, алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх, цагаан тэмээ цохих зэрэг олон төрлийн тоглоом тоглодог бөгөөд эдгээр нь уламжлагдан өнөөг хүрэхдээ “Шагайн харваа” хэмээх спорт болтлоо хөгжөөд байна.

Эд хэрэгсэл

Мод – Зурхай, аравч, сэнтийгээс бүрдэх мод хэсэгт хасааг байршуулж тавих зориулалттай. Зурхайг 50×35 см-ээс багагүй хэмжээтэй нягт хатуу, сайн чанарын зузаан модоор хийнэ.

Тохой – Уртын хэмжүүр ба хасааг оносон хасаагаа шимж, дээр нь өрдөг.

Хасаа – Нэг багт 15 ширхэг хасаа байх ба өндөр нь 1,5 см, урт нь 2,5 см, өргөн нь 1,6 см байна. Хасааг хув, зааны соёо, эвэр болон хуванцраар хийдэг.

Хашлага – Няслах сумаа дээр нь байршуулж, хасааг онохоор чиглүүлэхэд зориулсан модон зэмсэг.

Тулгуур сандал –Харваачдын өндөр, намд тохирсон, хагас суухад тулгуур болох салгаж угсардаг сандал.

Сум – Сумыг байгалийн жамаар унасан бугын эврийн өргөн хэсгээр хийх ба харваач хашлага дээрээс нясалж, хасааг онох зориулалттай.

 

 

 

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө