Үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээлүүд шалгарлаа

2024 оны 7 сарын 102024-07-10
Үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээлүүд шалгарлаа

Монгол Улсад цэргийн үлээвэр хөгжим үүссэний 110 жилийн ойг тохиолдуулан, үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээл шалгаруулах уралдаан Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгад боллоо. Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Сүлд” чуулга хамтран зохион байгуулсан энэ уралдааны сүүлийн шатанд мэргэжлийн хөгжмийн 10 зохиолчийн 13 бүтээл шалгарсан юм.

Тэднээс хөгжмийн зохиолч Д.Сайханбаяр “Эргэх ертөнц” сюит буюу “Өглөөний зураглал”, "Өдрийн мэнд”, “Нарны тухай сарны бодол” цуврал бүтээлээрээ тэргүүн байрт шалгарлаа. Дэд байрыг хөгжмийн зохиолч С.Тараа “Бүсгүйн донж” бүтээлээрээ эзэлсэн бол гутгаар байрыг хөгжмийн зохиолч А.Болорхүү “Өнгөрсөн одоо ирээдүй” бүтээлээрээ  эзэлсэн юм. Харин тусгай байранд хөгжмийн зохиолч, МУСТА Н.Мөнхсайханы “Ирээдүй” бүтээл тодорлоо.

Үлээвэр 1.jpg

“Цэргийн хөгжим, үлээвэр найрал хөгжимд зориулж хөгжим бичнэ, түүний зохиомжилно, найруулна гэдэг бол зөвхөн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын л хийж чадах ажил, мэдэрч чадах мэдрэмж байдаг. Энэ удаагийн уралдаанд үлээвэр найрал хөгжмийг ардын урлаг, рок хөгжимтэй хослуулсан бүтээл ирсэн нь үнэхээр бахархмаар байлаа” гэж уралдааны ерөнхий шүүгч, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр онцлов.

үлээвэр 2.jpg

Уралдааны үеэр:

  • Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит “Б.Шарав” сангийн нэрэмжит шагналыг хөгжмийн зохиолч Д.Отгонтогтоол
  • Төрийн соёрхолт “Цогзол Нацагдорж сан”-гийн нэрэмжит шагналаар Соёл, урлагийн их сургуулийн оюутан Ц.Хүслэн
  • Соёлын гавьяат зүтгэлтэн “Л.Гаваасүрэн сан”-гийн нэрэмжит шагналыг хөгжмийн зохиолч Р.Билэгт
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Цэрэнпил агсны нэрэмжит шагналыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Батнасан “Байдар вальс” бүтээлээрээ,
  • Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн “Д.Сандагсүрэн сан”-гийн нэрэмжит шагналыг хөгжмийн зохиолч Д.Отгонтогтоол
  • Монгол Улсын “Соёлын элч” Б.Өлзийбуянгийн нэрэмжит шагналыг хөгжмийн зохиолч Д.Мягмардоржийг шагнав. 

Уг уралдааны шүүгчээр Монгол Улсын филармоний удирдаач, Төрийн соёрхолт С.Саруул-Од, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Удирдах зөвлөлийн дарга А Г.Түвшинтөр, СУИС-ийн Хөгжмийн урлагийн онолын тэнхимийн эрхлэгч, хөгжим судлаач Х.Ариунаа, ЦЕГ-ын "Сүлд" чуулгын хөгжмийн багш, удирдаач, хошууч, Э.Батбаяр нар ажилласан байна. 

Санал болгох