Б.ЦЭРЭНДАГВА: Наадамчин олны анхаарал бөх, цоллооч хоёр дээр төвлөрөхөд л омогшдог

2024 оны 7 сарын 112024-07-11
 Б.ЦЭРЭНДАГВА: Наадамчин олны анхаарал бөх, цоллооч хоёр дээр төвлөрөхөд л омогшдог

Наадмын ногоон дэвжээн дээр цангинасан хоолойгоор бөхийн цол, чимгийг дуудан алдаршуулахын зэрэгцээ үндэсний бөхийн үнэнч тулгуур, багана болсон мэргэжил бөхийн засуул, цоллооч байдаг. Бөхчүүдийн хийморь сэргэтэл цолыг нь дуудан алдаршуулж буй засуулуудын нэг бол Б.Цэрэндагва. Тэр Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээг 9 дэх жилдээ чимэн, ард түмний сонорыг мялааж буй. Б.Цэрэндагва үндэсний бөхийн манлай засуул, Гавьяат жүжигчин Б.Батболдын шавь юм.

-Та хэзээнээс бөхтэй амьдралаа холбосон бэ?

-Би 2004 онд СУИС-ийг Гавьяат жүжигчин, үндэсний бөхийн манлай засуул Б.Батболд багшийн удирдлагад уртын дуучин мэргэжил эзэмшиж, төгссөн. Тухайн үед багш наадмаар бөх засаж, цол дууддаг байв. Багшийгаа дагаад, сургууль дээрээ уртын дуугаа бэлтгэхэд, бөх цоллож үзмээр ч юм шиг мэдрэмж төрсөн. Ингээд бөх цоллож сураад, багштайгаа наадмын өглөө цэнгэлдэхийг зорьдог байлаа. Багш “Цоллохоор дэвжээнд гарах үед дуу хоолойныхоо өнгийг тааруулаарай. Сандарч хоолойгоо хамаагүй хүчилж болохгүй” гээд олон зүйл захидаг байж билээ. Багш маань энгийн үед түшигтэй хүн. Бөх цоллохоор сонирхож эхэлснээр Б.Батболд багш намайг Үндэсний бөхийн холбооны засуул, жаяг дэгийн багийнхантай танилцуулсан юм. Дэвжээн дээр дөрвөөс олон улсын аварга, арслан цолтон гарахад зургаан засуул цол дууддаг. Тэдний нэг болсон нь ховор завшаан гэж бэлгэшээдэг. 2016 онд Бөх цоллоочдын улсын уралдаанд оролцож, түрүүлсний дараа жилээс улсын наадамд бөх цоллох болсон.  

-Багштайгаа хамт нэг дэвжээнд гарч байв уу. Хамтдаа бөх засаж байсан сайхан дурсамжаасаа хуваалцаач...

-2018 онд Монгол туургатны бөхийн барилдаан болж, Б.Батболд багш маань зүүний магнайд, би барууны магнайд улсын гарьд Б.Гончигдамбыг цоллосон юм. Энэ барилдаанд Б.Гончигдамба түрүүлсэн. Манай улсын алдар цолтой бөхчүүдээс гадна БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын Тува, Буриадын бөхчүүд уг барилдаанд оролцож, монгол туургатны бөхийн гурван төрлөөр уран мэхээ уралдуулсан.

-Бөх цоллооч болоход юу танд нөлөөлөв. Аав тань барилддаг хүн үү?

-Үгүй. Аав маань ардын дуучин хүн бий. Дуулах авьяасыг нь өвлөсөн учраас бөх цоллооч болоход түлхэц болсон юм болов уу гэж боддог.

-Наадмын өглөө Төв цэнгэлдэхээ зорин ирэхэд ямар бодол төрдөг вэ?

-Наадмын өглөө нэн түрүүнд аав, ээждээ мэнд дэвшүүлдэг. Тэд маань миний төлөө цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Цэнгэлдэх хүрээлэнд дээлээ өмсөж ирээд, ахмад засуулуудаа угтан авч, яриа өрнүүлдэг дээ. Ахмад засуулууд гэгээн мэлмий, хуримтлуулсан мэдрэмж, туршлагаараа бөх шинжинэ. Үндэсний баяр наадмаар хэн одтой хийморьтой барилдахыг хараад гадарлана.  

-Таны мөрнөөс хэн, хэн гэдэг бөх улсын цол хүртэж байв?

-Тавын даваанд зүүн, барууны 10, 11 дугаартай засуулын мөрөн дээрээс гарах аймгийн арслан цолтой бөхчүүдийг улсын цолтой бөхчүүд амлан авдаг. Үндсэндээ 10, 11 дугаартай засуулын мөрнөөс шинэ цолтнууд төрдөг юм. Би тавын даваанд цол дууддаг учир шинэ цолтон төрүүлэх боломж ховор. 2017 оны наадмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын харцага Н.Жаргалбаяр миний мөрнөөс гарсан. Мөн улсын заан М.Лхагвагэрэл цэргийн арслан цол хүртсэн. 

 

цэрэндагва.jpg

-Улсын их баяр наадамд бөх засаж, цоллохын өмнөх өдөр хэрхэн бэлтгэлээ хангадаг вэ?

-Нойр хоол, ажил амралтаа зөв зохицуулахаас гадна хувцсандаа их анхаарна.Тавын даваа их хариуцлагатай учир бөхийнхөө сэтгэл зүйг бид бас засна. Залуу бөхийн гар засуулынхаа мөрөн дээр чичирч мэдрэгддэг тал бий. Ийм үед л засуул хүний үүрэг их чухал.

-Бөхийн дэвжээнээ гарч, цол дуудах агшинд сайхан биз. Танд ямар мэдрэмж төрдөг вэ. Ер нь энэ хугацаанд хэчнээн бөхийн цол, чимгийг дуудсан байдаг юм бол?

-Өөрийн эрхгүй огшдог доо. П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Н.Батсуурь, Ш.Пүрэвгарьд гээд олон сайхан аварга, арслан, заан, харцага цолтой бөхчүүдийг цоллосон. Улс, аймаг, сумын баяр наадам, ой гээд нийтдээ 100 гаруй бөхийн цол, чимгийг дуудсан байна.

-Та хэчнээн шавьтай вэ?

-Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх зорилгоор “Тонж манлай” төсөл хэрэгжүүлсэн. Бөх, морь цоллох хүсэл тэмүүлэлтэй 6-14 насны олон хүүхэд, мөн томчууд энэ төсөлд хамрагдаж, суралцсан. Одоогоор шавь нар минь улсын наадамд бөх цоллоогүй байгаа. Аймаг, сумдын баяр наадамд 30 гаруй шавь маань ажиллаж байна.

-Бөхийн жудгийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Таны хүндэлдэг, эрхэмлэдэг жудагтай бөх хэн бэ?

-С.Мөнхбат аварга их сайхан жудагтай даа. Найраа хийдэггүй. Аварга хүнд байх  ёстой зан чанарыг өөртөө шингээхийн зэрэгцээ бөхчүүдэд үлгэр дуурайл болсон учраас хүндэлдэг.

-Үндэсний баяр наадмын ямар үе хамгийн сайхан бэ?

-Цол дуудах мөч их сайхан. 4 зүг, 8 зовхисоос наадамчин олны анхаарал бөх цоллооч дээр төвлөрдөг. Хамгийн хийморьтой агшин. Баяр наадмын оргил хэсэг. Үзэгчид 3, 5-ын даваанд их анхаарлаа хандуулдаг.

БӨХ.jpg

-Энэ жилийн Үндэсний их баяр наадмын өнгийг та юу гэж харж байна?

 -Энэ жил 6 аварга барилдах байх. Би барууны хоёр дээр цол дуудна. Мөнхбаатар гавьяат барууны нэгт. Над дээр гурвын даваанд Г. Эрхэмбаяр аварга ирэх болов уу.

 

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө