Өнөөдрөөс эхлээд цагдаа хэнийг ч шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорихгүй

2024 оны 8 сарын 12024-08-01
Өнөөдрөөс эхлээд цагдаа хэнийг ч шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорихгүй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Хойшлуулшгүй гэх үндэслэлээр сэжигтнийг цагдаа шууд баривчилдаг явдал үүгээр зогсож байна. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд:

-Одоогоос гурван жилийн өмнө, 2021 онд болсон Шүүх эрх мэдэл, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөний үеэр бидний зүгээс “Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөж буй” талаар анхлан хөндөж байв. Энэхүү зөрчлийг таслан зогсоож, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байлаа. Мөн хууль хэрэгжүүлэгч албан тушаалтан, цагдаа нарын мэдлэг, хандлагыг сайжруулах нь ч хамгийн чухал, зайлшгүй өөрчлөлтийн нэг байсан.

Үүний дараа, 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын Урилгаар НҮБ-ын дур зоргоор баривчлахаас Урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Ажлын хэсэг Монгол Улсад ажилласан. Эндээс "Нийт баривчилгааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний үндсэн эрхийг хангахгүй байна" гэсэн дүгнэлт гарч, нэн яаралтай засах ёстойг анхааруулсан юм.

Харин прокурор, мөрдөх байгууллагын зүгээс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд явагдаж байгаа, хүний эрхийн ямар нэгэн зөрчил байхгүй гэж мэдэгдэж байв. Мөн ХЗДХ-ын Сайд “хууль эрх зүйн орчин олон улсын гэрээ конвенцод нийцсэн” гэж мэдэгдсэн. Асар эргэлзээтэй энэ мэдээллийг бодитойгоор үнэлэх зорилгоор ХЭҮК-оос шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулсан 863 кейс, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар тусгайлан судалж, дүгнэлт хийсэн.

Тухайн жилийн илтгэлдээ бид хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад бүх төрлийн баривчилгааг ганцхан шүүх шийдэх ёстой гэсэг зарчимд нийцүүлж засах шаардлагатай” гэсэн агуулгыг тусгаж, холбогдох шийдвэр гаргуулах саналын хамт УИХ-д өргөн барьсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын 35 дугаар тогтоолыг баталсан. Энэ ажил цааш өрнөсөөр өнөөдрийн үр дүнд хүрсэн юм.

ХЭҮК-ын идэвхтэй хүчин чармайлт, бусад нэр бүхий хүн, байгууллагуудын оролцоотойгоор хүний эрхийг хангах нөхцөл ийнхүү нэг алхам урагшилж чадлаа. Хамтран ажилласан УИХ-ын ажлын хэсэг, ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүн асан болон Дэд ажлын хэсэгт орсон байгууллагууддаа талархал илэрхийлье.

Зарим эсэргүүцэл, мэтгэлцээн, багагүй цаг хугацааг туулан өнөөдрийн үр дүнд хүрсэн. Одооноос эхэлж зөвхөн хорих ял оногдуулах гэмт хэрэгтнийг л шүүхийн зөвшөөрлөөр цагдан хорино. Тухайлбал: Торгох ялтай сэжигтнийг цагдан хорих нь хуулийн үндэслэлгүй болно.

Санал болгох

Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа

3 өдрийн өмнө
Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа

Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, эцэслэн батлагдлаа

3 өдрийн өмнө
36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна

3 өдрийн өмнө