ОУХМ О.Есүгэн зуны олимпын наадмын буудлага спортын эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн дасгалд 589 оноо авч, дөрөвдүгээрт байр эзлэн финалын шатанд цэц, мэргэнээ сорихоор боллоо.
Тэрээр урт бууны 50 метрийн дасгал буюу (зогсоо, суугаа, хэвтээ байдал-д) зогсоо байдлаас 99+98= 197, суугаа байдлаас 97+96= 193, хэвтээ байдлаас 99+100=199 оноо, нийлбэр дүнгээр 589 оноо авсан юм.
Энэ төрөлд 32 буудагч цэц сорьсноос АНУ-ын тамирчин Саген Маддалена, БНХАУ-ын Жан Чүнюүэ нар 593 оноо авч урьдчилсан буудлагын олимпын рекордыг шинэчиллээ.
Шилдэг 8-д манай тамирчнаас гадна АНУ, БНХАУ, Норвеги, Дани, Швейцарь, Австрали, Польш улсын буудагчид шалгарсан. Маргааш буюу 08 дугаар сарын 2-нд Улаанбаатарын цагаар 15:30-аас шигшээ буудлага эхэлнэ. Шигшээ буудлагад шалгарсан тамирчид хэвтээ байдлаас 15 сум, суугаа байдлаас 15 сум, зогсоо байдлаас 10 сум буудсанаар олимпын медалийн эзэд тодорно.
Хоёр дахь олимподоо орж буй О.Есүгэний хувьд Монголын баг, тамирчдаас “Парис 2024” олимпын анхны эрхийг эх орондоо авчирч байсан юм.