Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад оруулна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:
-8 дугаар сарын байдлаар нийслэлд 7 цэцэрлэг, 4 сургууль ашиглалтад орсон. Ерөнхий боловсролын сургуульд 403.352 хүүхэд, цэцэрлэгт 142.150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Цэцэрлэгийн цахим бүртгэл 8 дугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 68 мянган хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Энэ хичээлийн шинэ жилд нэгдүгээр ангид 38.398 хүүхэд элсэнэ. Цахим бүртгэл 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлнэ. Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн нийт 265 сургуулийн автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөөд байна.