Нийслэлийн цэцэрлэгүүдэд 2024-2025 оны хичээлийн жилд авах хүүхдүүдийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia"-аар дамжуулан, 8-р сарын 1-нээс бүртгэж байна. Үүнтэй холбогдуулан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, "И-Монгол академи" УТҮГ хамтран, өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн цэцэрлэгүүдэд нийт 68.929 хүүхэд бүртгүүлээд байна. Үүнээс:
- 5 настай 19056,
- 4 настай 18355,
- 3 настай 17014,
- 2 настай 14500 хүүхэд байна.
2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд явжээ. Одоо нийслэлд цэцэрлэгийн насны 142.150 хүүхэд байгаагийн 30.894 нь 2 настай.
Өмнө нь цэцэрлэгт явж байсан, үргэлжлүүлэн суралцах болон шинээр элсэх хүүхэд бүрийг бүртгүүлэх шаардлагатай. Цэцэрлэгт 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдана. Орон нутгийн хаягтай иргэн нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлт зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай. Иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө хийлгэхгүй бол орон нутгийн сонгуультай холбоотойгоор үүнээс хойш шилжилт хөдөлгөөнийг зогсооно.
Бүртгэлийн эхний шат 8 дугаар сарын 18 хүртэл үргэлжилнэ. "Е-Mongolia" системээр цэцэрлэгт бүртгүүлэх боломжгүй бол харьяа цэцэрлэгтээ очин, тэнд ажиллаж буй ажлын хэсэгт хандаж, зөвлөгөө, дэмжлэг авахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам зөвлөв.
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг 8 дугаар сарын 12-ны өдрөөс "Е-Mongolia"-aap бүртгэж эхэлнэ.