Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало нар 8 дугаар сарын 5-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Филиппин улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулахад зориулж манай улсад буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв. Үүний хариуд Монголын тал талархал илэрхийлж, цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах, тэсвэрлэх чадвартай нийгмийг цогцлооход нягт хамтран ажиллахаар тогтов.
Гадаад харилцааны сайд нар цаашид бүхий л салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хөдөлмөр, нийгмийн халамж зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв. Энэ хүрээнд Монгол Улсын хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн англи хэлний багш нарыг бүсчилсэн байдлаар бэлтгэх, чадавхыг бэхжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр Филиппиний талтай хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, түүний дотор нийгмийн асрамж, үйлчилгээний салбарт хамтран ажиллах, Филиппин улсаас боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг салбарт ажиллах хүч авах чиглэлд хамтран ажиллахаар ярьж тохиролцож, ойрын хугацаанд баримт бичгийн төсөл солилцохоор боллоо. Хоёр улсын найрсаг харилцааны гүүр болсон иргэд хоорондын солилцоог бэхжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд иргэд харилцан визгүй зорчих тааламжтай нөхцөлийг улам бүр сайжруулах чиглэлд талууд цаашид ахиц гаргахаар болов.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало нар дараах санамж бичгүүдэд гарын үсэг зурав. Тухайлбал:
1. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
Монгол, Филиппиний Гадаад харилцааны яамд хооронд 2013 онд байгуулсан санамж бичгийг шинэчилж, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүллээ. Ингэснээр хоёр улсын хувьд харилцан ашигтай, нийтлэг сонирхол бүхий салбарууд болох гадаад харилцаа, соёлын солилцоо, хөдөлмөр эрхлэлт, боловсрол зэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, энэ үйл хэрэгт Гадаад харилцааны яамдын оролцоог хангахаар талууд тохиролцов.
2. Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Филиппин Улсын Спортын хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
Монгол, Филиппиний спортын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг анх 2013 онд байгуулсан бөгөөд спортын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх зорилгоор уг санамж бичгийг шинэчлэв.
Энэхүү санамж бичгийн хүрээнд олон улсын болон үндэсний тэмцээнд оролцож, багш, дасгалжуулагч, тамирчдыг харилцан солилцож, найрсаг тэмцээн зохион байгуулж, спортын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллана. Зүүн Өмнөд Азийн бүс нутагтаа спортын чиглэлээр, тэр дундаа сагсан бөмбөг, боксын чиглэлээр олон улсын түвшинд чамгүй амжилтыг гаргадаг Филиппин Улстай ийнхүү биеийн тамир, спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь олон талын давуу талтай бөгөөд залуу үеийн спортын авьяасыг илрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийг зорино.