"Парис-2024" Зуны олимпын 33 дугаар наадмын спортын гимнастикийн тэмцээн сүүлийн өдөр Бразилийн нэрт гимнастикч олимп, дэлхийн аварга Ребека Андраде чөлөөт дасгалд алтан медаль хүртэж, Олимпын хошой аварга боллоо. Тэрээр энэ төрөлд АНУ-ын супер од Симоне Байлстай өрсөлдөж, алтан медаль хүртсэн юм. Ингэснээр Ребека энэ удаагийн олимпын наадмаас 1 алт, 2 мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.
Өдгөө 25 настай Бразил гимнастикч Ребекад мөнгөн медаль авсан Симоне Байлс, хүрэл медаль хүртсэн АНУ-ын Жордан Чайлз нар медалийн тавцанд хүндэтгэл үзүүллээ.
Учир нь Ребека Андраде маш олон удаа гэмтэл авч, олон ч мэс заслыг даван гарсан бөгөөд баруун өвдгөндөө л гэхэд гурван удаа ACL (чагтан холбоос) хагалгаа хийлгэж байсан гэнэ. Тэрээр 2018 оны ДАШТ-ий үеэр хүнд гэмтэл авч, цаашид спортоо орхих талаар эргэлзэж байх үед түүнд ялагдсан Симоне Байлс "Хэзээ битгий бууж өгөөрэй. Чи маш авьяастай. Чи үүнийг даван туулах болно" хэмээн урам өгч байжээ. Өөр хэн ч биш өрсөлдөгч нь ингэж хэлсэнд үүнийг Ребека дурсан, түүнд ач санаж явдаг аж. Харин Байлс түүний тухай “Би Ребекатай тэмцээнд өрсөлдөх дуртай. Тэр л намайг хурцалж, энэ амжилтад хүргэсэн” хэмээжээ.