Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын 300 гаруй цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч өөрсдийн хүсэл сонирхлоор ахлагчийн албанд нэгдэх хүсэлт гаргажээ. Үүнтэй холбогдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийг түшиглэн, мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Түрүүч, байлдагч нарын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг үндэслэн зохион байгуулж буй энэхүү сургалтыг олон нийтэд таниулах зорилгоор 8 дугаар сарын 4-нд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгт Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлаг,ч тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, тус командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер, дэд хурандаа Б.Гансүх тэргүүтэй албаныхан болон түрүүч, байлдагч нарын эцэг, эх, гэр бүлийн төлөөлөл оролцов.
Нээлттэй өдөрлөгөөр хичээл явагдах орчин, нөхцөл болоод цэргийн байрыг танилцуулж, зэвсэглэл, техникийн үзэсгэлэн гарган, гардан тулааны үзүүлбэр болон урлагийн тоглолт үзүүлэв. Түрүүч, байлдагч нарын ар гэрийнхэнд нээлттэй микрафон аялуулж, санал, хүсэлт, сэтгэгдлийг нь сонссон байна. Хамгийн сонирхолтой нь энэ өдөр гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын гэргий нарт гэнэтийн бэлэг барьж, гэрлэх санал тавих ёслол зохион байгуулжээ. Энэ нь халуун дотно уур амьсгалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон байна.
Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлыг хангах, цэргийн сургалт бэлтгэлийг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний олонхыг бүрдүүлэгч ахлагчийн албыг бэхжүүлэх бодлогын хүрээнд явагдах тус сургалтад эцэг, эхийн төлөөлөл сэтгэл хангалуун буйгаа уламжилж, Зэвсэгт хүчин нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг дагаад хугацаат цэргийн алба хаагчдадаа хөгжиж дэвших олон боломжийг нээж, бүр ажил хэрэг болгосонд нь баярлалаа гэцгээж байв.