“Сэтгэлийн хат-Өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх”-тэй танилцаарай

2024 оны 8 сарын 232024-08-23
“Сэтгэлийн хат-Өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх”-тэй танилцаарай

Амстердам хотноо төвтэй Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн сан, Нидерландын Хаант Улс хамтран “Сэтгэлийн хат-Өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотын Лхам галерейд гаргаж байна. Энэхүү онцгой үзэсгэлэнд 2000-2021 онд Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн тэмцээнээс шагнал хүртсэн гэрэл зургууд багтжээ. Ингэхдээ даян дэлхийн эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд, олон нийтэд тулгарч буй сорилт, саад бэрхшээлийг хэрхэн давж буй түүхийг харуулсан байна. Эдгээр түүх XXI зуунд эмэгтэйчүүд болон жендэрийн асуудал хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харуулж байгааг зохион байгуулагчид нь тодотгож байв. 

Үзэсгэлэнгээр дамжуулан Нидерланд улс эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдал, шударга ёсыг хангахын төлөө үүрэг хүлээсэн гэдгээ илэрхийлж байгаа аж. Энэ чиглэлээр, 13 улсын 17 гэрэл зурагчны буулгасан гэрэл зургууд хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл, жендэрт суурилсан хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрх, тэгш боломжоор хангагдах эрхийн талаар гүнзгий ойлголтыг олон янзын дуу хоолойгоор илэрхийлжээ.

Сэтгэлийн хат ус.jpeg

“Усанд олсон эрх чөлөө” гэрэл зурагт Занзибарын Муюуни далайн эргээс зайтай, Энэтхэгийн далайд усанд сэлж, аврах ажиллагаа явуулж сурч буй Кижини бага сургуулийн сурагчдын түүхийг харуулна. Хүмүүс Занзибарын Архипелаго арлын охидыг усанд сэлж сурахыг эртнээс дэмждэггүй байсан нь тэдний биеийг бүрэн халхлах усны хувцас байхгүй гэх шалтгаантай холбоотой байжээ. Хойд Занзибарт усанд живж осолдох тохиолдлын тоог багасгахаар Панже төслийн хүрээнд нутгийн охид эмэгтэйчүүдэд усанд сэлэх ур чадвар эзэмшүүлдэг аж.

Сэтгэлийн хат 1.jpeg

Форо Алаейн Эрх чөлөөний төлөө гэрэл зурагт Иран улсын хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд орох эрхээ хасуулсан эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг харуулсан ба тэд хэрхэн эрэгтэй хүмүүс болж, цэнгэлдэх хүрээлэнгүүдэд орж, мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж байгааг харуулжээ.

сэтгэлийн хат.jpeg

Ирина Вернингийн Амлалт гэрэл зурагт Аргентин улсын Буэнос Айрес хотод амьдардаг 12 настай Антонелла охины талаар өгүүлжээ. Урт ургуулсан үсээрээ алдартай тэрээр КОВИД-19 цар тахлын улмаас зайнаас үйл ажиллагаа явуулах болсон сургуульдаа буцаж очиж хичээлээ хийх боломжтой болсон үедээ үсээ тайруулах амлалт өгсөн байна. Антонелла сургуулийн амьдралдаа буцаж очихын тулд өөрийн хамгийн үнэт эрдэнэ болсон үсээ оронд нь өгч байна гэж хэлж байсан юм. Тэрээр 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу хичээлдээ буцаж очихын өмнөх амралтын өдөр үсээ тайрсан юм.

Энэхүү үзэсгэлэнд Финбарр О’Рейлли, Майка Элан, Каталина Мартин-Чико, Пабло Тоско, Оливиа Харрис, Террел Гроггинс, Жонатан Бахман, Хеба Хамис, Даниель Берехулак, Робин Хаммонд, Диана Маркосиан, Йан Граруп, Магнус Веннман, Фулвио Бугани зэрэг бусад гэрэл зурагчдын бүтээлийг мөн дэлгэжээ. 

Тус үзэсгэлэнг 9 дүгээр сарын 18 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна. 

Хаяг: Монгол Улс 14240 Улаанбаатар, Централ Парк Оффис, 10-р давхар.

Ажиллах цаг:
Даваа – Баасан 10:00-19:00 цаг.
Бямба – Ням 11:30-19:00 цаг.

Санал болгох

Apple компани iPhone 16 шинэ загвараа танилцууллаа

Уг бүтээгдэхүүн нь дөрвөн өөр хувилбартай бөгөөд урьдчилсан захиалга нь өнөөдөр нээгдэж, есдүгээр сарын 20-нд худалдаалж эхлэх юм байна.

1 өдрийн өмнө