"Чингис хаан: "Монголчууд Дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнг үзэгчдийн хүсэлтээр ганцхан (2024.08.26) өдөр сунгалаа. Чингис хаан үндэсний музейн 8 дугаар давхрын тусгай үзүүллэгийн танхимд 7 дугаар сарын 2-нд дэлгэсэн энэ үзэсгэлэнг үзэх сүүлчийн боломж өнөөдөр гарч байна. Уг үзэсгэлэнг өнөөдөр 09:00-20:00 цагийн хооронд үзүүлээд, хураах юм.
Монголын эзэнт гүрэн, Ил хант, Юань, Кидан улстай холбоотой дурсгалуудыг дэлгэсэн энэ үзэсгэлэнгийн хамгийн сонирхолтой нь монгол бичгийн гайхамшгийг илэрхийлсэн Ил хаан Өлзийтийн захидал. Монгол угсааны хааны захидлыг монголчууд анх удаа нүдээр үзэж байгаа нь энэ юм. Ил хаан Өлзийт 1305 онд уг захидлыг монгол бичгээр бичиж, тамгаа даран, Францын хаан Гоо Филиппт илгээжээ. Энэ захидал монгол хаадын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны аугаа уламжлал, монгол бичгийн гайхамшиг, Монголын их амар амгаланг бүрэн илэрхийлдэг, үнэлж баршгүй түүхэн баримтад тооцогддог.
Тус үзэсгэлэнг сар гаруйн хугацаанд 10.300 гаруй үзэгч үзээд байна. Үүний дараа 2025 оны 3 дугаар сард Прага хот дахь Үндэсний музей, 10 дугаар сард Цюрих хотын Ритберг музей, 2026 онд Берлиний түүхийн музей, Канад, АНУ зэрэг улсад дэлгэх юм.