Аризонагийн их сургуулийн эрдэмтэд электроны хөдөлгөөнийг харж чадах микроскоп бүтээлээ. Дамжуулагч электрон микроскоп (transmission electron microscope)-ын шинэ хувилбар болох энэ шинэ микроскопыг судалгааны багийн ахлагч, Аризонагийн их сургуулийн дэд профессор Мохаммед Хассан аттомикроскоп гэж нэрлэжээ. Аттомикроскоп асар богино хугацаа буюу 1 аттосекүнд (0.00000000000000001 секүнд) хугацаанд электроны дүрсийг авч чаддаг юм байна. Электронууд секүндэд 2200 км хурдтай хөдөлдөг. Энэ нь Дэлхийг ердөө 18.4 секүндэд тойрно гэсэн үг юм.
Судлаачид электроны хөдөлгөөнийг ажиглаж чаддаг болсноор бөөмс хэрхэн хөдөлж, шилждэг талаар чухал нээлт хийх боломж бүрдэж байна. Атом, молекулуудын дотор электронууд хэрхэн зохион байгуулагдаж, өөрчлөгддөг нь физик, химийн шинжлэх ухааны аль алинд нь чухал асуулт байсаар ирсэн юм.
Аттомикроскопыг ашиглаж физикчид электронууд хэрхэн цэнэг зөөдөг, хагас дамжуулагч болон шингэн орчинд яаж ажилладаг, атомуудын хоорондох химийн холбоо хэрхэн задарч байгааг тогтоожээ. Квант ертөнцийн нууцыг тайлахад аттомикроскоп тусална гэж судлаачид найдаж байна.
Эх сурвалж: www.science.org, news.arizona.edu