Зам, гарц хаасан машиныг холдуулах зөөвөрлөгч бүтээжээ

2024 оны 8 сарын 282024-08-28
Зам, гарц хаасан машиныг холдуулах зөөвөрлөгч бүтээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт ирэх 9 дүгээр сар болно. Үүнийг угтан, ОБЕГ ахлагч нарын дунд “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдаан зарлажээ.

Уг уралдаанд 11 байгууллагын 15 бүтээл ирснээс нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Г.Өсөхбаяр ахлагчтай багийн “Автомашин зөөвөрлөгч” бүтээл тэргүүллээ. Дэд байрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Дөлгөөн, ахлах ахлагч Б.Наранбаатар нарын “Хийгээр хоолой шалгах” бүтээл, гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Ц.Батхишиг нарын “Автомашины гал түймэр болон хорио цээрийн дэглэмийн үед ашиглах зөөврийн хошуу” бүтээл шалгарсан байна.

“Автомашин зөөвөрлөгч” бүтээл нь гал түймрийн дуудлагаар явж байхдаа зам, гарц хааж тавьсан машинуудыг 1 минут 30 секундэд холдуулж, зам чөлөөлөх үүрэгтэй. Машин зөөвөрлөгчийн нэг дугуй нь 160-200 кг буюу нийт 3 тоннын даацтай. Үүнийг түргэн тусламж, цагдаагийнхан ч ашиглах боломжтой.

“Хийгээр хоолой шалгах” төхөөрөмж нь гал унтраах үйл ажиллагаанд ашиглагддаг 51, 66, 77 мм хоолойг туршин шалгах зориулалттай. Тухайн бүтээлийг ашигласнаар гал унтраах хоолойнд гарсан гэмтлийг тодорхойлох боломжтой.

“Автомашины гал түймэр болон хорио цээрийн дэглэмийн үед ашиглах зөөврийн хошуу” нь хаана ч зөөвөрлөх, гал унтраах автомашин, ариутгалын автомашин, зөөврийн мотопомптой холбон ажиллуулах боломжтой. Ариутгалын бодисыг 25-450 өнцөгтэйгээр цацруулах зориулалттай. Автомашины доод эд ангийг 5 секундэд бүрэн ариутган, халдваргүйжүүлэх боломжтой. 

Санал болгох