2010 онд ашиглалтад орсон “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар 6.5 метр өргөн, хоёр эгнээтэй авто замтай. Үүнээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй. Уг уулзвар орчимд ачаалал их байдаг. Иймээс тус уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн дугуйн хоёр метр өргөн зам, явган хүний 1.5 метр өргөн зам хийх юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт орчимд 90 метр, 133 дугаар сургууль орчимд 90 метр газар чөлөөлж, авто замыг асфальт бетоноор хучиж байна. “Мон-Уран” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 580 метр газрыг чөлөөлж, авто замыг өргөтгөх нөхцөлөөр хангаж өгсөн. Энэ сарын 22-ний өдөр газар чөлөөлж эхэлсэн. Одоогоор шугам сүлжээг шилжүүлж байна” гэлээ.
Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 17 байршилд 19.5 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 14 байршилд 18.2 км авто зам шинэчлээд байна.