Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү төрийн байгууллагын нэгдсэн www.gov.mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар танилцууллаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн нээлттэй мэдээллийг цахим хуудсандаа нээлттэй ил тод байршуулах үүрэгтэй. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсандт мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн засаг дарга нарт даалгалаа.
https://www.gov.mn/mn цахим хуудсанд төрийн 6006 байгууллагын үйлчилгээ, мэдээлэл бий. Мөн төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээ, мэдээлэл болон олон вэбүүдийг нэг дор багтаажээ. Цаашид төрийн байгууллагуудын цахим хуудсыг нэг загвар, стандарттай болгоно.
Иргэд бүх шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой, Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хооронд эргэх холбоог сайжруулж, санал хүсэлт хүлээн авах боломж бүрдүүлэх юм.