Монголчууд урьсан зочноо байтугай бусдын элчийг барьж өгдөггүй юм

3
2024 оны 9 сарын 42024-09-04
Монголчууд урьсан зочноо байтугай бусдын элчийг барьж өгдөггүй юм

Х.Болормаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинийг Монголоос баривчлаасай гэж олон улс хүсэн хүлээж байлаа. Айлчлалын эхэнд баривчилна гэж харж байсан заримынх нь хүслээр болсонгүй. Айлчлалын төгсгөлд баривчилна гэж таамаглах нөгөө хэсгийнх нь тааллаар ч болсонгүй. Заримдаа зургаахан цаг үргэлжилсэн хөтөлбөртэйгээр Монголд ирж байсан В.Путин энэ удаад Олон улсын эрүүгийн шүүхийн хараан дор хонон өнжин айлчиллаа. Энэ бол түүний хувьд Барууны орнуудад өгч буй дипломат хариу байлаа.

Монгол бол Олон улсын эрүүгийн шүүх (ICC)-ийн Ромын дүрэмд гарын үсэг зурсан улс. Тус шүүхийн шаардлагыг биелүүлэх техникийн үүрэг хүлээсэн.

Гэсэн ч В.Путин Монголд айлчиллаа.

Тэгвэл 2023 оны 8 дугаар сарын 22-24-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад БРИКС-ийн дээд хэмжээний 15 дахь дээд хэмжээний уулзалт болсон. Тэр үеэр В.Путинийг баривчилна гэж олон улс үзэж байлаа. ӨАБНУ бас л Ромын дүрмийг дагадаг. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг хурдацтай хөгжиж буй 5 орон энэ холбоог байгуулсан. Гэвч түүнийхээ уулзалтад В.Путин очоогүй. Гадаад хэргийн сайд Сергей Лавровоо явуулаад, өөрөө цахимаар оролцсон юм. Харин тэр Монголд ирэв.

БРИКС.jpg

Өнөөгийн Дэлхий ертөнцөд дипломат ёсыг үндэслэсэн, урьсан зочноо байтугай өрөөлийн элчийг хүндэтгэлтэйгээр угтан аваад, эсэн мэнд буцаадаг өнө эртний уламжлалтай монголчууд энэ удаад ч ёсоо баримталлаа. “Элчийг минь хороов” хэмээн дайн өдөөдөг монголчууд өнөө цагт урьсан зочноо бусдад барьж өгнө гэж үгүй. Монголчуудын энэ онцлог, түүх, уламжлал, ёсыг мэдэхгүй Барууныхан “Зочноо барьж өг” хэмээн биднээс шаардаж байгаа нь утгагүй юм. Тэд шаардаж болно. Бид тийм юм хийхгүй. В.Путин ч бай, хэн ч байсан Монгол Улс зочноо барьж өгөхгүй. Түүнийг барьж өгсөнгүй хэмээн хамгийн их бухимдаж буй Украинд ч энэ нь хамаатай.

                     Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм гэж юу вэ

1998 оны 7 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталсан Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэм 2002 оны 7 дугаар сарын 1-нээс үйлчилж эхэлжээ. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 4 дүгээр сарын 5-нд соёрхон баталсан байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 онд батлах үеэр түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, уг хэргийн шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байжээ. Тиймээс түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд тодорхой тусгалгүйгээр баталсан байна. Үүний дараа 2002 оны 9 дүгээр сард түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар Тусгай ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг 2009 оны 2 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг Уганда улсын Кампала хотноо 2010 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 11-нд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж, Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Олон улсын эрүүгийн шүүх түрэмгийлэл гэж тооцохдоо НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд нэгдсэн улс, эсвэл тус шүүхийн дэргэдэх прокурор мөрдөн байцаалт эхлүүлэх эрхтэй. Гэхдээ уг дүрэмд нэгдээгүй улсын иргэн гэмт хэрэг үйлдсэн, эсвэл уг дүрэмд нэгдээгүй улсын нутаг дэвсгэрт түрэмгийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн бол Олон улсын эрүүгийн шүүх тус хэргийг шийдэхгүй. Бас уг дүрэмд нэгдсэн улс “Олон улсын эрүүгийн шүүх энэ хэргийг хянан шийдэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн бол тус шүүх уг хэрэгт оролцдоггүй.

                                        В.Путин үггүй мэдэгдэл хийчихлээ

Олон улсын эрүүгийн шүүх В.Путинийг энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүдийг хууль бусаар ОХУ-д шилжүүлсэн цэргийн гэмт хэрэгт холбогдуулан баривчлахаар 2023 оны 3 дугаар сарын 17-нд шийдвэрлэсэн юм. Үүнээс хойш В.Путин тус шүүхийн гишүүн орнуудад ганц ч удаа хөл тавиагүй. Түүний айлчилсан улсууд бүгд Ромын дүрэмд нэгдээгүй байсан юм. Харин тэр энэ удаа Ромын дүрэмд нэгдсэн Монгол Улсад айлчиллаа. Ийм юм анх удаа болов. 

Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Монгол Улсад хийх айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаагүй гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр мэдэгдсэн юм. Баривчилж өгөхгүйг мэдэж байсан учир хандаагүй байж болно. Ухамсраараа үүргээ биелүүлнэ биз гэж найдсан байж ч мэднэ. Гэвч В.Путинийг баривчлахын оронд “No war” хөдөлгөөний залуусыг манай цагдаа нар саатуулав.

В.Путинийг баривчлаагүйд гонсойсон улсууд эдүгээ Монгол Улсыг элдвээр баалж байна. Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий “Монгол Улс яллагдагчид шүүхээс мултрах боломж олголоо. Ингэснээр түүний дайны гэмт хэргийн хариуцлагыг хуваалцаж байна гэсэн үг. Бид Улаанбаатарт үүний үр дагаврыг тооцохын тулд бусад түнштэйгээ хамтран ажиллах болно” гэж сүрдүүлэв. Түүний мэдэгдлээс “В.Путинийг заавал баривчлах тушаалыг биелүүлэхгүй байгаа нь Олон улсын эрүүгийн шүүх болон олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо” гэсэн өгүүлбэр анхаарал татав.

Энэ үнэн л дээ. Үнэхээр харамсаж байна. 

Нөгөө талаас Монгол Улсын нөхцөл байдлыг тэд бас ойлгох хэрэгтэй. Хоёрхон хөрштэй, тэр нь Дэлхийд нөлөөтэй аварга гүрнүүд. Тэд санаа нэгтэй. Тиймдээ ч БРИКС-ийн уулзалтаасаа жийрхсэн В.Путин Монголд айлчлахдаа аархаж байна. Тэр үүгээрээ Баруунд үггүй мэдэгдэл хийчихлээ.

Эцэст нь Монгол Улс том гүрэн байгаад, хоёр биш, 20 хөрштэй байлаа ч урьсан зочноо бусдад барьж өгөхгүй. Та өнөөдөр энхийн цагаан тагтаа байгаа ч маргааш дайсан гэгдэж магадгүй. Тэр үед таныг ч Монгол Улс хэн нэгэнд зааж, барьж өгөхгүй. Үүнийг л ойлго. 

 

Санал болгох

Хүнээ дээдэлсэн хууль тогтоомжтой болохын тулд УИХ-аас 50 гаруй ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баасандорж, УИХТГ-ын дэд дарга нар мэдээлэл өглөө.

1 өдрийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2024 оны бүртгэл эхэллээ

Энэ жил магистрын түвшинд 15 оюутан, докторын түвшинд 1 оюутныг сонгон шалгаруулж, Япон Улсын их сургуулиудад тус тусын мэргэжлээр англи хэл дээр суралцуулна.

1 өдрийн өмнө