Эвдэрхий гүүрээр гарахдаа голын усанд унасан хүүхдүүд өдөржин нойтон гуталтай хичээлдээ суудаг

1
2024 оны 9 сарын 52024-09-05
Эвдэрхий гүүрээр гарахдаа голын усанд унасан хүүхдүүд өдөржин нойтон гуталтай хичээлдээ суудаг

Орчин цагт модон гүүр, модон жорлонгоосоо салаагүй байж, аймаг сумд 100 жилийн ой тэмдэглэхээ урьтал болгож байна. 100 жилийн түүхтэй аймаг, сумдын хөгжил ямар түвшинд байгааг, хөгжлийн хоцрогдлыг иргэд амсаж байгаагийн нэгэн жишээг Төв аймгийн Зуунмод сумаас харж болох юм.

Хүн төвтэй хөгжил цэцэглэлт хаана байна. Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” сургуулийн сурагчид, эцэг эх асран хамгаалагчид есдүгээр сарын 1-нд голоор гарахдаа “уранхай дээл” шиг болсон гүүрний төмөр дээр модон хавтан тавьж, өөрсдийнхөө хэмжээнд аргалж байна.

Хүүхдүүд гол гатлахын тулд чулуу эгнүүлэн тавьсан ч усанд далд оржээ

Хичээлийн шинэ жил эхлээд, гурав хоноход, ямар өөрчлөлт гарсан талаар бид сурвалжиллаа. Есдүгээр сарын 1 бол хүүхэд бүр тэсэн ядан хүлээдэг баярт өдрүүдийн нэг. Гэтэл энэ хавийн хүүхдүүд энэ өдөр эвдэрхий гүүрээр гарахдаа шилбээр татсан усанд унаж, гутал хувцсаа норгон, зарим нь уйлж, гуньсан сурагтай. Хичээлдээ зориулан  бэлдсэн гоё ганган хувцсаа өмсөж гараад, жавар нь гараагүй хүйтэн усанд унаж норох үнэхээр харамсалтай. Хүүхдүүдийн зарим нь уйлсаар гэр лүүгээ буцсан бол зарим нь нойтон хувцастайгаа сургуулийнхаа нээлтэд очжээ. Гүүр нурснаас хойш бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүй явуулахаа больсон талаар зарим эцэг эх, асран хамгаалагч хэлж байна.

Аавынхаа гялайтал тосолж өгсөн гутлыг шавхай, шороо болгочих вий гэхээс хайрлан, гэр хорооллын гудмаар цэмцгэнэн алхах охиныг Д.Бадам гэдэг. Тэр гэрээс сургууль хүртлээ хоёр километр зам туулдаг. Замдаа олон шалбааг, горхи гаталдаг.  

456696717_533927085649657_829598478227308882.jpg

Учир нь бороо ихтэй байгаа учир ойр хавийн гудамж, зам байсхийгээд усанд автдаг байна. Яаж ч хичээгээд, цагаан трикогоо шавар болгосон охин хаа сайгүй тогтсон шалбаагийг тойрч, харайн явсаар гол дээр ирлээ. Гол гатлахын тулд хүүхдүүд ойролцоох чулуунуудыг түүж, гол дотор эгнүүлэн тавьсан ч усанд далд оржээ. Үерийн улмаас нурсан гүүрний том хавтан, банз зэргийг хазайлган, овгор, товгор хэвээр нь байрлуулжээ. Энэ хэсгээр хүүхдүүд “дээсэн дээр явж буй” мэт аяар гэгч нь айдастай алхсаар голын цаана гарна. Тэдний адил Д.Бадам охин ч цүнхээ урдаа барин, хавтан дээр аажуу гишгэсээр, төгсгөл хэсэгт ганц том харайгаад голын цаад эрэгт гарлаа.

Түүний араас дахиад хэсэг хүүхэд ирлээ. Тэдний нэг нь дөрвөн  настай дүүгийнхээ гараас чанга атгаж, “Ахаасаа сайн бариарай. Аяархан явна шүү” гэсээр хавтан дээгүүр алхав. Түүний араас найзууд нь “Одоо чи, би” гэснээ гар гараасаа бариад, өвдгөө хагас нугалж, алхаагаа нийлүүлэн, аяархан гишгэсээр гүүрээр гарав.

Өчигдөр би энэ гүүрээр гарахдаа усанд унаж, гутлаа норгосон. Багш намайг “Гутлаа норголоо” гэж загнасан.

Хүүхдүүдийн нэг нь “Өчигдөр би энэ гүүрээр гарахдаа усанд унаж, гутлаа норгосон. Багш намайг “Гутлаа норголоо” гэж загнасан. Би голын усанд унасан тухайгаа хэлсэн. Өчигдөр нойтон гуталтай хичээлдээ суусан. Хичээл тарах үед гутал маань бага зэрэг хатсан байсан” гэлээ.

Энэ мэтчилэн халтирч усанд унан, гутал хувцсаа шавар шалбааг болгож, гар хөлөө гэмтээсээр хичээлдээ очиж буй 200 гаруй хүүхэд байна. Сурагчид хоёр ээлжээр хичээллэдэг. Билгийн тооллоор намрын дунд сар гарчихсан, хүүхдүүдийн хичээл тарах цагаар үдшийн бүрэнхий нөмөрч байгаа тул тэдний хувьд эвдэрхий гүүрээр гарах нь эрсдэлтэй. Хүүхдүүд үүгээр гарахдаа болгоомжтой явахыг хичээдэг бол настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ гүүрээр гарч зүрхэлдэггүй. Тэд гутлаа тайлаад, гол гатлахаас өөр гарцгүй ажээ.

Хөл муутай хөгшчүүл хүйтэн усан дотор, чулуун дээр тогтож ядсаар халтирч унадаг юм байна. Өглөөд голын ус хүйтэн. Хүйтэн усанд хөлөө дүрэхийг хэн ч хүсэхгүй.

Хүйтэн ус гаталсан хөгшчүүдийн, голд унасан хүүхдүүдийн хоолой өвдөх, ханиад хүрэх энүүхэнд.

Энэ талаар эцэг эхчүүд “Өглөө, оройд хүйтэн, хяруу унаж байна. Гүүрний төмөр дээр тавьсан модон хавтан дээр хяруу унаж, гулгаа үүсдэг. Өмнө нь хүүхэд ганцаараа сургууль руугаа явчихдаг байсан бол гүүр эвдэрснээс хойш байнга хүргэж өгч байгаа. Ганцааранг нь энэ гүүрээр явуулахаас айдаг. Энд олон хүн халтирч унасан. Хурдан шинэ гүүртэй болох юм сан. Энэ гүүр их хуучин. 7 дугаар сард болсон үерт эвдэрчихсэн” гэж ярилаа.

7 дугаар сард нурсан гүүрийг засахгүй, шинийг тавихгүй байсаар өдий хүргэсэн шалтгааныг Төв аймгийн Зуунмод сумын удирдлагуудаас тодрууллаа.

457742860_1248719049908397_43967620155978473.jpg

 С.Мөнх-Амгалан: Гүүр барих ажил В.Путины айлчлалтай холбоотойгоор хойшилсон

Төв аймгийн Зуунмод сумын ЗАА-ны ахлах мэргэжилтэн С.Мөнх-Амгалан: 

-Засаг даргын Тамгын газраас гүүр барих төсвийг шийдэж байна. Энэ гол дээр 4 байршилд 120 сая төгрөгөөр гүүр барих юм. Эхний ээлжинд 2 гүүр тавина. 10 тонн ачаа даах гүүр тавих юм. 14 метр урт төмөр каркас “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс авч, 9 дүгээр сарын 1-нээс өмнө гүүр тавих төлөвлөгөөтэй байсан ч ОХУ-ын Ерөнхийлөгч ирэх сургаар ажил хойшилсон. Хэрэв төмөр каркас ирчихвэл, модоор доторлоод, гүүр ашиглалтад орно” хэмээв.

“Их үйлсийн бүтээмж хөгжил ХХК-ийн захирал Ц.Цогмижав:

-77 сая төгрөгөөр 4 гүүр тавих юм. Вагоны каркас ирчихвэл энэ долоо хоногт гүүр ашиглалтад орно. Нэг гүүрийг 19 сая төгрөгөөр барих юм.

Зуунмод сум хүүхэд хамгааллын зардалд 160 сая төгрөг, хот тохижилтод 300 орчим сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Гэсэн ч эндхийн хүүхдүүд аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна.

Д.Оюунжаргал

СУРВАЛЖЛАГЫГ ҮЗЭХ

 

Санал болгох

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН НАЙМАН ЦАГААН ШАР БАР ӨДӨР

4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 21 хэм дулаан байна

12-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр, 13-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо орохыг анхааруулж байна

4 цагийн өмнө
П.Батбаатар: Авто эргүүлийн чиглэлийг нэмснээр алба хаагчид дуудлага, мэдээлэлд 10-15 минутад хүрч байна

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай хүрэх зорилгоор цөөнгүй ажил зохион байгуулж буй юм. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай ярилцлаа

21 цагийн өмнө