Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалтыг өнөөдөр Ихтэнгэр цогцолборт эхлүүллээ. Шинэ музей 6.6 га газарт 45 мянга орчим ам дөрвөлжин талбайд сүндэрлэнэ. Ингэснээр манай улс Ази тив дэх байгалийн музейнүүд дунд долоодугаарт эрэмбэлэгдэх Байгалийн шинжлэх ухааны шинэ музейтэй болох юм. Байгалийн түүхийн музей одоор Лениний музейн барилгад байрлаж буй.
Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр "Манай Байгалийн түүхийн музей Лениний музейд байрлаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Лениний музейн барилга музейн зориулалттай учир үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалтын тал дээр асуудалгүй. Нийт 16 мянган үзмэрээс 80 гаруй хувийг нь дэлгэсэн.
Тус музейд өнөөдрийн байдлаар нийт 59 хүн ажиллаж буй. Харин шинээр үйл ажиллагаа явуулах Байгалийн шинжлэх ухааны музейд 200-240 хүн ажиллах шаардлагатай. Учир нь шинээр барих музейн талбайн хэмжээ одоогийн Лениний музейгээс 13 дахин том. Тиймээс хүний нөөцөө бүрдүүлж, орон тоог бэлдэх тал дээр жил бүрийн төсөвт тусгуулж, шинэ музей ашиглалтад ороход хүний нөөц бэлэн байх ёстой" гэж ярилаа.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей 2026 оны 12 дугаар сард бүрэн ашиглалтад орно. Энэ жил B, Г, Д блокийг барьж дуусна. Ирэх жил А, Б блокийг барих юм байна. Ингээд 2025 оны намар дулааны шугамд холбож, 2025-2026 оны өвөл интерьер дизайны ажлаа дуусгахаар төлөвлөжээ.
Үүний дараа шинэ музейд дэлгэх үзмэрүүдийг дэглэж, 2026-2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөж байгааг тус музейн захирал онцоллоо. Эхний ээлжинд үзмэрийн сан хөмрөгөө 100 мянга гаруй үзмэрээр баяжуулахаар ажиллаж байгаа аж.