Нуурын ус гадагшлуулдаг жалгыг тэгшилж, айл буулгажээ

1
2024 оны 5 сарын 22024-05-02
Нуурын ус гадагшлуулдаг жалгыг тэгшилж, айл буулгажээ

Нийслэлийн гэр хороололд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижилт бүхий хоёрхон нуур байдгийн нэг нь Гүнжийннүдэн. Энэ нуур байгалийн өвөрмөц тогтоц бүхий ундаргатай. 2017 онд уг нуурын эрэг орчмыг 440 сая төгрөгөөр тохижуулсан юм. Сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, саравч, сандал гээд хүн амарч, тухлах боломжтой. Нуурыг зорин ирэгсдийн цагийг зөв өнгөрүүлэх зорилгоор номын сан хүртэл байгуулжээ.

Гэтэл нуурын усны түвшин ихсэж эргээсээ хальсан тул эдгээр тохижилт сүйдэхэд хүрээд байна. Нуурын хашааны гадна салхинд туугдсан хог, замаг хөглөрч, ялаа шавжээ. Эрэг дагуу явган хүнд зориулан тавьсан модон гүүрээр алхахад өмхийрсөн замаг, шаврын эхүүн үнэр ханхална. Гүнжийннүдэн нуурын усны түвшин ихсэн эргээсээ хальсан тохиолдолд илүүдэл ус нь хагалбарынхаа дагуу урсаж, баруун талын жалганд ордог байв. Гэтэл айлууд тухайн жалгыг шороогоор дүүргэн тэгшилж,  гэрээ барьжээ. Үүний уршгаар нуурын ус эргээсээ хальж, хойно болон баруун талынх нь айлууд усанд автжээ. Айлуудын жорлон, бохирын цооног нуурын усаар дүүрэн хальж, гудмаар тархан, өмхий үнэртэх болсон тухай иргэд ярилаа.

148.jpg

Энэ хавар нуурын түвшин 50-60 см-ээр нэмэгджээ

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 8-Р ХОРООНЫ ИРГЭД...

-Гудамж нэлдээ усанд автаж гэрээсээ гарахын аргагүй болсон. Харин онцгой байдал, Геодези, усны барилга, байгууламжийн газраас хүмүүс ирж, далан хийсэн.

-Энэ жил нуурын түвшин 50-60 сантиметрээр нэмэгдэн, айлууд хэцүүхэн байдалд орсон. Дүүргээс арга хэмжээ авч, харьцангуй гайгүй болгоод байна. Гудамж, хашаа усанд автсанаас болоод, худаг ч орж чадахгүйд хүрсэн.  

-Нуурын ус хальж, усанд автах вий гэсэн айдастай л байна. Эрэг рүүгээ нэлээн тэлчихсэн байсан. Энэ жил бороо их орвол хальж, айлууд усанд автахгүй гэх баталгаа алга. Нуурын илүүдэл усыг урсгах хоолой хийнэ гэж хоёр жил ярьж байгаа. Ажил хэрэг болоогүй л байна.

Нуураас баруун тийш үргэлжлэх нарийхан гудмаар шуудуу татаж, усыг нь урсгадаг болжээ. Хүүхдүүд шуудууны хоёр талд гарч, харайж тоглосоор гэрийн зүг явж харагдана. Усны шуудуу татсан гудманд байрлах айлууд ундны усанд явахаас эхлээд байдал хүнд байгааг хэлсэн юм.

149.jpg

Ус зайлуулах далд хоолой татахад 700-гаад сая төгрөг хэрэгтэй

Гүнжийннүдэн нуурыг тойрсон айлуудын 50 нь усанд автах эрсдэлтэй ажээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 2023 оноос эхлэн, арга хэмжээ авч байгаа аж.  Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны засаг дарга Х.Эрдэнэтуяа “Нуурын усны түвшин ихэсмэгц урсаж ордог жалга байсан юм. Гэтэл айлууд жалганд шороо асгаж тэгшлээд, буучихсан. Тэднийг нүүлгэе гэхээр бүгд газар өмчилсөн гэрчилгээтэй. Эзэмших гэрчилгээтэй байсан бол бид шаардаад, нүүлгэж болох байлаа. Бид хоёр хоногийн өмнө айлууд усанд автахад суваг татаж, усыг нь урсгасан. Нуурын ойр орчимд шуудуу татах, 300 метр үргэлжлэх ил хоолой хийх, далд хоолойн зураг төсөл гаргахад 280 сая төгрөг зарцуулсан. Далд хоолой хийлгэхээр 2022 оноос хойш яригдаж байгаа ч шийдэгдээгүй. Зураг төслийг нь бид хийлгэчихсэн байгаа” гэж тайлбарлав. 

Нуурын усны түвшин ихэссэн үед усыг баруун талын автозам хүртэл урсгана. Ингэхийн тулд 800 метр хоолойг 700 орчим сая төгрөгөөр татахаар яригдаж байгаа аж. Сангийн яам болон холбогдох байгууллагуудад хүсэлтээ явуулсан ч үнийн дүн өндөр учир шийдэж өгөхгүй байгаа аж.

Жалгыг шороогоор тэгшлэхдээ айлууд “Асуудал үүсвэл бид өөрсдөө аргалчихна” гээд буусан гэдэг. Гэтэл аюул тулгарсан үед “Бид одоо яах вэ” хэмээн аврал эрдэг ажээ. Тэднээс болоод улсын төсвөөс зардал гарган, асуудлыг шийдэхэд хүрчээ. Төсөв шийдэгдмэгц хуучин жалганд, айлуудын доогуур далд хоолой байгуулах юм байна.

Усны судалтай газрыг иргэдэд өмчлүүлдэггүй хуультай. Гэтэл хууль энд гууль болжээ. Увайгүй хүмүүсээс үүдэн улсын төсвийг улайлгах нь зөв үү? 

СУРВАЛЖЛАГЫГ ҮЗЭХ

 

Санал болгох