Р.Булгамаа: Цагдаагийн алба хаагч хүчингийн гэмт хэрэгт холбогдож байгаа нь маш ноцтой асуудал

2024 оны 5 сарын 22024-05-02
Р.Булгамаа: Цагдаагийн алба хаагч хүчингийн гэмт хэрэгт холбогдож байгаа нь маш ноцтой асуудал

Хүний эрхийн хуульч Р.Булгамаатай хууль сахиулагч цагдаа нар хүчингийн гэмт хэрэгт холбогдох болсон талаар ярилцлаа.

----------------------------------------------------------------------------------------------------------

-Жил хүрэхгүйн өмнө Дорноговь аймагт 13 настай охин хүчингийн гэмт хэргийн хохирогч болж амиа алдсан. Гэтэл сая сар хүрэхгүйн хугацаанд Сэлэнгэ, Говь-Алтай аймагт дахин ийм хэрэг шил дараалан гарлаа. Ингэхдээ цагдаагийн албан хаагчид холбогдсон нь анхаарал татаж байна. Энэ тухай ярилцлагаа эхэлье?

Энэ асуулт бол ерөөсөө олон нийтэд мэдэгдсэн цөөхөн хэдэн кейсийн төлөөлөл байна. Олон нийт мэдээгүй маш олон хэрэг, хүүхэд онц хэрцгийгээр хохирсон хэргүүд цаана нь байгаа. Мэргэжлийн хүний хувьд нийгэмд гаж буруу сэтгэлгээтэй хүмүүст сэдэл өгөхгүй, нийгмийг айдаст автуулахгүй гэсэн дээ мэдээлдэггүй. Гэтэл сая УЕПГ-аас оны эхний гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг олон нийтэд танилцууллаа. 2024 оны нэгдүгээр улиралд хүүхдэд хохирол учирсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж ажиллажээ.

Хүүхдийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирогч болох нь илүү нийтлэг тохиолдож байна. Тухайлбал, 368 хүүхэд хулгайлах гэмт хэргийн хохирогч, 300гаад хүүхэд эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон байна. Хамгийн өндөр тоотой явж байгаа хэрэг бол хүчиндэх гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан тус гэмт хэргийн хохирогчоор 360 гаруй хүүхэд тогтоогдсон тухай мэдээллээ.

Өмнө нь манай улсад жилд дунджаар 350370 орчим хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог байсан. Гэтэл энэ он гарсаар зөвхөн нэгдүгээр улиралд л нэг жилийн хугацаанд гардаг гэмт хэргийн тоо дурдагдаж байна. Энэ бол маш ноцтой асуудал. Үүнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд авч хэлэлцэж, тодорхой бодлого арга шийдлүүдийг гаргах цаг нь хэдийнэ болсон. 

-Дорноговьд гарсан хэргээс үүдэж энэ төрлийн хэргийн санкцийг чангаруулсан шүү дээ. Гэтэл хэргийн гаралт нэмэгдээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Дорноговь аймагт гарсан хүүхэд хохирсон гэмт хэрэгтэй холбоотой асуудал дээр бас л өнөөдрийнх шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугьж, улстөрчид дуу дуугаа аван ялын бодлогоо чангал гэж шаардаж байсан.

Тухайн үед мэргэжлийн хүний хувьд ялын бодлогыг чангатгаснаар энэ төрлийн гэмт хэрэг зогсохгүй. Урьдчилсан сэргийлэх тал дээр тусгай бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж хариуцлагын өөр хэлбэрийг хуульчлах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Хууль зүйн сайдын санаачилгаар бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд 1220 жил байсныг хорих ялын дээд хязгаарын таазыг 25 жил байхаар нэмсэн. Харамсалтай нь таван сар өнгөрөхөд өнөөдрийн байдлаар энэ тоо буурах бус өсөх хандлагатай байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Охидын эрх хамгаалал, хүүхдийн эрх хамгаалал, тэр дундаа охид эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөө халдашгүй дархан байдлыг эсрэг халдсан хүчиндэх гэм  хэргийн хохирогч болсон хэдэн зуун охидыг би сүүлийн 10 аад жил хамгаалж өмгөөлж энэ чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

Хууль тогтоогчид хуулийн нэмэлт өөрчлөлтийг цаг үеийн нэг сенсацитай үйл явдал дээр үндэслэж, тооцоо судалгаа багатай, мэргэжлийн хүмүүсийн байр суурь дүгнэлтийг харгалзахгүйгээр Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг томоохон хуулиудад дур зоргоороо гар хүрдгийн тод жишээ энэ. Үнэхээр хууль чангарснаар энэ асуудал шийдэгдэх боломжтой байсан бол өнөөдөр нөхцөл байдал шал өөр байх байлаа. Гэтэл сүүлдээ хууль сахиулагчид өөрсдөө аймаг, аймаг дамжин энэ төрлийн хэрэгт нэр холбогдох боллоо. Харамсалтай нь үүний эсрэг хүүхдийн эрх хамгаалах төрийн байгууллага нь ч дуугарахгүй юм. Сүүлдээ нэлээд ноцтой дуулдаж байгаа энэ гэмт хэргүүдийг төрийн албан хаагчид төрийн байгууллага үгсэн хуйвалдаж нуух, мэдээллийг гаргуулахгүй байх хандлага руу явж байна. Тухайлбал, Өмнөговь аймагт нэг айлын дөрвөн хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон тухай мэдээлэл хальт бичигдээд алга болох жишээтэй.

-Хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй хууль сахиулагчид хүчингийн гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан юу байна вэ?

Хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдал, бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй дархан байдалд халдаж байгаа үйлдэл буюу гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль сахиулах байгууллагын алба хаагчид гаргаж, шалгагдаж байгаа нь маш ноцтой асуудал болоод байна. Хууль сахиулагч гэдэг бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах хууль ёс дэг журмыг сахиулах, гэмт явдалтай тэмцэх хуулиар заасан үүрэгтэй субьектүүд. Иргэд хууль сахиулагчдад зөрчигдөж байгаа эрхээ хамгаалуулахаар, амь нас эрүүл мэндэд учраад байгаа аюул заналхийлэл, хор уршиг, хохирол, болзошгүй аюул, түүнээс урьдчилан сэргийлэх үүднээс ханддаг. Гэтэл аврал хүсч ирсэн иргэнээ хамгаалах үүрэгтэй цагдаагийн алба хаагч бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдаж байгаа үйлдэл анхаарахаас аргагүй нөхцөл байдал юм. Ялангуяа хүчиндэх гэмт хэрэгт холбогдож байгаа нь маш ноцтой асуудал.

Эндээс хоёр дүгнэлтийг хийж болно. Нэгд, цагдаагийн байгууллагад алба хааж байгаа алба хаагчдыгаа сонгон шалгаруулах, тэдэнд тавих шаардлага хангалтгүй байгаа юм биш үү. Төрийн босго өндөр байх ёстой. Түүнийгээ дагаад тэдэнд тавих шаардлага нь ч өндөр, алба хаагчид нь ч үүргээ ухамсарласан, ажил үүргээ хариуцлагатай хийснийхээ төлөө авах цалин хөлс нь ч амьдрал ахуйд нь хүрэлцэхүйц, нийгмийн асуудлыг нь бодитой шийдсэн байх ёстой. Гэтэл тангараг өргөсөн албан хаагч холбогдож боломгүй ийм үйлдэл гарч байгаа нь дээр дурдсан асуудлуудын аль нэг цэг дээр ноцтой доголдол гарч байгаагийн тод жишээ. Уг нь гурван үеийн намтар, гэмт хэрэгт холбогдоогүй байх, гаж буруу муу зуршилгүй, сэтгэл зүйн ямар нэгэн өөрчлөлтгүй эрүүл, ажил хийх чадвартай этгээдүүд шалгаруулж авдаг баймаар юм.

Хоёрт, хариуцлагагүй, ухамсар ёс суртахуунгүй, хүнлэг бус үйлдэл хийсэн зарим нэг этгээдүүдийг бусад албан хаагч бие бүрэлдэхүүнд нялзааж авч үзэж бас болохгүй юм. Нэг хүний үйлдлийг бусдад хэт нялзаах нь салбарын нэр хүнд гэдэг асуудлаар цаашдаа нуун дарагдуулах төлөв байдал бий болох вий гэсэн болгоомжлол мэрэгжлийн хүний хувьд харагдсан. Ер нь нийгмийн бүхий л салбар боловсон хүчний дутагдал хомсдолд орж байгаа. Цагдаагийн байгууллага ч тэр. Тэр ч үүднээс боловсон хүчний чанарын асуудал ч давхар хөндөгдөх байх.                

-Гэхдээ яагаад заавал орон нутагт энэ төрлийн хэргүүд ихээр үйлддэгддэг, тэгээд бүр цагдаа оролцдог болчихов?

Цагдаагийн албан хаагч үүргээ гүйцэтгэх үедээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, бусдын аюулгүй байдлыг хангах  үүргээ үл ухамсарлаж, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа нь тухайн шатандаа ажлын хариуцлага сахилга бат хангалтгүй. Алба хаагчид, хувь хүнд нь тавих шаардлага учир дутагдалтай байсны илрэл. Учир нь тэд төрийн өмнө тангараг өргөсөн албан хаагчид. Тиймээс цагдаагийн албан хаагчийн энэ үйлдлийг болон гудамжинд явж байгаа энгийн иргэний үйлдэлтэй эн тэнцүүлэн авч үзэж болохгүй.

-Цагдаа нар хүчингийн гэмт хэрэгт холбогдох нь нийгэмд ямар үр дагавар бий болгох вэ?

Энэ чиглэлээр ажилла даг мэргэжлийн хүний хувьд цагдаагийн албан хаагч хүчиндэх гэмт хэрэгт холбогдож байгаа дөрөв дэх тохиолдол. Энэ үйл явдал гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байгууллагын албан хаагчийн зүгээс үйлдсэн гэдэг нь шүүхээс бүрэн тог тоогдвол маш олон сөрөг үр дагавар бүхий дүгнэлтүүдийг үлдээнэ. Иргэд эрхээ хамгаалуулахаар, аюулгүй байдлаа хангуулах үүднээс хууль сахиулагчид ханддаг. Тэгвэл иргэдийн төрд итгэх итгэл бүхий харилцаанд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэнэ.

Нөгөө талаар хүүхэд яагаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоод байна вэ. Тэр хүүхдийн өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй эцэг эх нь хаана юу хийж байв. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн хүрээнд эцэг ба эх байх үүргээ биелүүлээгүй, хүүхдээ гэмт хэргийн хохирогч болгоход хүргэсэн эцэг эхчүүдэд заавал давхар хуулийн хариуцлага хөндөж ярьдаг байх хэрэгтэй байна. Он гарсаар БЗДийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 1114 нас хүртлээ өвөөгийнхөө найз өвгөчүүдэд хүчиндүүлсэн охины шүүх хурал орсон. Өвөөгийн найз гэгдэх хоёр өвгөн тус тусдаа 20 жилийн хорих ял авсан. Харин даалуу хөзөр, тоглох нэрийдлээр ойр тойрныхоо өвгөчүүлийг цуглуулж,  өөрөө архидан согтуурч улмаар өнчин хоцорсон ач охиндоо анхаарал халамж тавих үүргээ биелүүлээгүй өвөө эрүүгийн хариуцлагаас мултарсан. Энэ бол шударга бус. Иймээс цаашид хуулинд хүүхдэдээ тавих анхаарал халамж, өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй, үл хайхарч орхисон этгээдүүдэд заавал хариуцлагын асуудлыг хөндөж байх хэрэгтэй байна. Энэ асуудлыг заавал хуульчлуулна гэж боддог. Учир нь хүүхэд гэдэг бол эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд. Хийж байгаа үйлдлийнхээ хор уршиг хөнөөлийг ухамсарлах чадваргүй, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх үүрэггүй этгээдүүд.

-Хүүхэд бол хийж байгаа үйлдлийнхээ хор уршиг хөнөөлийг ухамсарлах чадваргүй, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх үүрэггүй этгээдүүд гэлээ. Саяхан өсвөр насны гурван хүү автобусны суудлын бүрээс сийчиж урсан асуудлаар олон нийтийн сүлжээнд маш их шүүмжлүүллээ. Хөвгүүдийн дүрс бичлэгийг тавьж байгаад томчууд баалсан. Гэтэл үргэлжлээд цагдаагийн байгууллага хөвгүүдээс мэдүүлэг авч түүнийгээ сошиалд тавьсан нь бүр ч асуудлыг хүндрүүллээ. Энэ тохиолдолд хүүхдийн эрх зөрчигдөх үү?

-Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд гэм буруутайг нь шүүхээр тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн хэмээн тооцож болохгүй гэж хуульчилсан. Хэнд ч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлох хүртэл хэнийг ч (хүүхдийг) гэм буруутайд тооцож үл болно. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид, Хүүхдийн эрхийн гэрээ конвенцид хүүхдийн эрх хамгааллын асуудал хуульчлагдсан.

Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн хамгаалуулах эрхийн тухай маш тодорхой тусгаж зохицуулсан байдаг. Тухайлбал, хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах бүхий л хэлбэрээс нийгмийн бүх түвшинд хамгаалагдах эрхтэй. Мөн хүүхэд өөрийн нэр төр, хувийн мэдээлэл, халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй. Зөрчлийн тухай хуулийн 6.20-д хүүхэд түүний асран хмагаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр түүний гэрэл зураг, дуу дүрс бичлэгийг аливаа мэдээлэл сурталчилгаанд ашиглахыг хориглосон байдаг. Хүүхдийн эрхэд халдсан тийм үйлдэл гаргасан этгээдийг 500 нэгжтэй тэнцэх төгрөг, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох зохицуулалттай.

Түүнээс гадна Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.4-д хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан холбогдох байгууллагад гомдол гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагч бусдын гэм бурууг тогтоодог шийддэг, холбогдсон гэмт хэрэг зөрчилтэй нь холбогдуулан уучлалт гуйлгах эрхтэй  субьект биш. Эергээр харъя л даа. Магадгүй тэд хүүхдийн болчимгүй үйлдлийг дараа дараагийн хүүхэд үйлдэхгүй байх урьдчилан сэргийлэх, ойлголт мэдээллийг өгөх зорилгоор бичлэг хийж түгээсэн байж болно. Гэсэн ч энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Эцэст нь хэлэхэд, тангараг өргөсөн төрийн албан хаагчид хийгээд хууль сахиулагч цагдаагийн албан хаагчид хүний эрхийн мэдрэмжтэй, хууль тогтоомжоо мэддэг, нийгэмд шинээр батлагдан гарч байгаа хууль, дүрэм журмаа цаг алдалгүй уншиж, хэрэглээ болгох асуудал маш чухал. Хүүхдийн эрх хамгааллын энэ харилцааг зохицуулсан хууль саяхан нэгдүгээр сард батлагдсан шүү дээ. Үүнийг захын ээж аав, төрийн албан хаагч, энгийн иргэн ч мэдсэн байх ёстой, мэдэх ёстой. Учир нь хүн бүр эрдэмтэн болох албагүй. Гэхдээ бүгд ээж аав болдог.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Б.Энхзаяа

 

 

Санал болгох

Н.Энхбаяр: Шударга ёсыг сэргээе гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихээс өөр аргагүй

“ТВ-9” телевизийн сэтгүүлч М.Батбилэгийн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хийсэн ярилцлагыг оролцогчдын зөвшөөрөлтэйгөөр буулган уншигч танд хүргэж байна

7 цагийн өмнө
Хууль л амла!

Манайхан, мань мэт нь сонгууль болгоноор нэг л үгийг гүн гүнзгий ухаардаг. Сонгууль бүрийн дараа “…Хүний эрээн дотроо гэж яасан үнэн үг вэ” гэцгээдэг. 1992 оноос хойш УИХ-аа найман удаа сонгож байгууллаа

7 цагийн өмнө
Ц.Батболд: Сонгуульд санал өгүүлэх зохион байгуулалттай ажиллагаа явж байна. Аль хүчтэй ажиллаж чадсан нам ялна

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Батболдтой ярилцлаа

8 цагийн өмнө