Архангайн бөхийн галын “Их сорилго”-д залуу заан С.Сүхбат түрүүллээ

1
2024 оны 7 сарын 42024-07-04
Архангайн бөхийн галын “Их сорилго”-д залуу заан С.Сүхбат түрүүллээ

Хүчтэний өлгий Архангай аймгийн бөхийн гал дээр очиж, наадмын өмнөх “Их сорилго” барилдааныг нь үзэж сонирхлоо. “Бөхбилэгт” дэвжээгээ Өсөхөө аварга ерөнхийд нь удирдан Ар Согоотын байгалийн үзэсгэлэнт газар бэлтгэлээ базааж байна. Архангайн бөхийн галаас төрийн наадамд их дээшээ барилдах бөхчүүдийн тоонд улсын харцага Б.Зоригтбаатарын нэр зүй ёсоор бичигдээд байгаа. Бөхийн хүрээнийхэн дунд “Цахилгаан Зоригоо” гэж яригдаж буй энэ залуу Алтан цомын барилдаанд Ховдынхныг бүгдийг нь цувуулж хаясан. Ховдынхон гэдэг нь мэдээж өнөө жилийн наадмын түрүү, үзүүрт зоолттой үлдэнэ гэж яригдаж байгаа улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан нар. Б.Зоригтбаатараас гадна улсын харцага О.МөнхЭрдэнийг бас дээшээ гараад ирэх магадлалтай бөх гэгдэж буй. “Их сорилго” барилдаанд өндөр Мөнх-Эрдэнэ хоёрын даваанд залуу бөхөд унасан. Бэлтгэл жаахан дутуу байна уу гэсэн яриа дуулдаж байна лээ. “Бөхбилэгт” дэвжээний ахлах дасгалжуулагч нь улсын гарьд Д.Рагчаа. Тэрээр “Шавь нар маань өнгөтэй сайхан байна. Түрүү жил Алтан цомын барилдаанд түрүүлсэн, энэ жил түрүү байрын төлөө дахин өрсөлдөж хоёрт орсон. Манай бөхчүүд заал танхимын барилдаанд тогтмол сайн барилдацгаасан. Удахгүй улсын баяр наадамдаа амжилт гаргана гэж найдаж байна. Улсын баяр наадмын бэлтгэл бол тухайн жилийнхээ хийсэн барилдаанаа цэгцэлж, бодож бясалгах, амрах, бяраа цуглуулах, төвлөрөх, байгалийн сайханд бие бялдраа сэргээх ийм төрлийн бэлтгэл. Ерөнхий бэлтгэл бол Улаанбаатар хотод жилийн дөрвөн улирлын туршид явагддаг. Энд зөвхөн сэргэлтийн бэлтгэл явагддагаараа онцлог” гэдгийг хэлж байсан юм. Ар Согоотын “Их сорилго” яг л наадам шиг өргөн дэлгэр болдог уламжлал хэдийнэ тогтжээ. Архангайн гаралтай бүх л хүмүүс нь Улаанбаатар болон, Эрдэнэт, Дархан, мөн нутаг орноосоо зорьж ирдэг байна. 

Ар Согоотын “Их сорилго” яг л наадам шиг өргөн дэлгэр болдог уламжлал хэдийнэ тогтжээ. Архангайн гаралтай бүх л хүмүүс нь Улаанбаатар болон, Эрдэнэт, Дархан, мөн нутаг орноосоо зорьж ирдэг байна.

Хамгийн холоос зорьж ирсэн зочин гэвэл “Батцэнгэлийн динозаврууд”-ын нэг болох улсын харцага Болдын Жавхлантөгс. Тэрээр АНУ-аас зорин ирж бөхчүүдийн барилдааныг харан сэтгэл нэн таатай сууж байна лээ. Наян долоон онд алдарт Жигжидийн Мөнхбат аваргаар тав, Дасрангийн Мягмар заанаар зургаа давж тухайн үеийн чимэгтэй начин, одоогоор бол улсын харцага цолны болзлыг хангасан. 1993, 1994 онуудад дараалан зургаа давж, үндсэндээ заан цолны даваанд гурван удаа тунаж үлдсэн зааны эрэмбэтэй бөх. Их сорилгын дундуур Хотонтын тос хөвсөн айраг залгилангаа төв асарт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Чимидийн Гочоосүрэн заантай бөхийн хууч дэлгэлээ. Тэрээр “Алдар” спорт хороонд ирснээ ийн хуучилж байна. “Би Нисэхийн 107 дугаар ангиас “Алдар”-т ирсэн юм. Ардын багш Ч.Дамдиншарав тухайн үед Алдар нийгэмлэгийн дасгалжуулагч байсан. Мань хүн л ярьж хөөрч Алдарын босгоор алхуулсан. Тэгэхэд Ш.Батсуурь, Ч.Бээжин нарын аваргууд байлаа. Хадаа, Цэрэнтогтох, Ишгэн бид хэд онжавууд. Цэрэнтогтох аварга Зүүнбаянд алба хааж байхдаа “Алдар”-т орж байсан. Ахлагчийн гуулин шар товчтой шинельтэй Кубаас ирсэн юм шиг хар нөхөр ирж байсан. Хэрвээ Цэрэнтогтох аварга тэгж Алдарын тамирчин болоогүй бол Зүүнбаянд албаа хаачихаад л Өвөрхангайн Нарийнтээл рүүгээ яваад өгнө. Юун дархан аварга болох сумандаа л хэд түрүүлэх байсан биз. Далан хоёр онд цэрэг байхдаа Булганы алдарт Лундаа начингаар дөрөв, Бээжин аваргаар тав, Дагвасүрэн арслангаар зургаа давж чимэгтэй начин цол хүртсэн. Цэргийн форум дээрээ начингийн тэмдэг, Армийн аваргын тэмдэг хоёрыг зэрэгцүүлээд зүүчихсэн нь Төрийн одон шиг сүртэй харагддаг байлаа. Аваргын энэ жишээнээс аваад үзэхэд “Алдар” нийгэмлэг олон хүчтэнийг төрүүлсэн газар гэдгийг хүчит заан онцолсон.

Цэргээс халагдсаныхаа дараа жил буюу 1975 онд Далайн Жамц гэж нутгийнхаа хүчит арслангаар тав давж улсын цолны босго алхсанаа хуучлаад наян нэгэн онд Ардын хувьсгалын 60 жилийн их ойгоор заан цол хүртсэнээ инээд наргиантай ярьсан юм. Ялангуяа Амгааг хаячихад Баянаа аварга “Их дээшээ барилдах хүн ингээд уначихлаа” гэж шогширч байсныг үгийн хачир болгон өгүүлсэн нь энэ. “Заан болдог жилийнхээ дөрвийн даваанд Өмнөговийн Багахүү начинг амлаж давсан. Бас л хатуу учраа байлаа. Тавын даваанд Хөвсгөлийн Далайцэрэнгийн Лхагва-Очир начныг авсан. Зайнаас баруун зүүн хонгоддог айхтар бөх. Ингэж Багахүү, Лхагва-Очир хоёрыг дараалуулж амлаад хаятал зургаагийн даваанд намайг амлах хүчтэн олдоогүй юм. Зургаагийн даваанд Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох гээд алдарт аваргууд бүгд ам авч байсан.Араас нь М.Мөнгөн арслан, Д.Долгорсүрэн заан нар залгуулаад ам авсан байсан, аль нь намайг амлаагүй. Д.Амгаа, Ё.Ишгэн, С.Хүрэлбаатар бид дөрөв үлдэж, Амгаатай хүч үзсэн. Амгаа тэр жил Баянаа аваргын галд бэлтгэлд гарсан, наадмын өмнө болсон улсын аварга шалгаруулах тойргийн барилдаанд манлайлж заан цол хүртсэн жинхэнэ ирэн дээрээ байсан үе л дээ. Их шөвгийн дөрөв, цаашлаад түрүү үзүүрт хүрнэ гэгдэж байсан. Үнэхээр сайн байгаа нь мэдрэгдэж байсан. Намайг зүүн талдаа сугадаж давхиад сүйд хийх нь ээ. Сугадаж тахимдаад тэр хүчиндээ өөрөө суначихсан юм. Ойрхон газардсан ч Амгаа жудагтай, шударга бөх гэдгээ наадамчдын өмнө харуул шууд элэг бүсээ тайлсан. Гочоосүрэн Амгаагаар зургаа давлаа гэхийг сонссон Баянаа аварга “Даанч яав даа” гэж айхтар харамсаж байсан дуулддаг” хэмээн хүд хүд инээж суулаа.

Өсөхөө аварга Тариатын хийдийн лам багш нараа хүндэтгэн урьж ном уншуулж, хийморийн даллага авахуулсан. Мөн галын тахилга үйлдэж нутгийнхаа Гарди шүтээнийг хоймортоо залжээ. Миний бие Өсөхөө аварга бөхийн гал дээр нь хэд хэдэн удаа уулзаж буй юм. 2013 онд Туул голын хөвөөнд бэлтгэлээ базааж байхад нь очиж ярилцаж байсан. Аваргын найз, Монгол Улсын начин Галбадрахын Батбаатартай хамт очиж билээ. Аварга өглөөний бэлтгэлээ бууж ирээд орондоо сонин уншчихсан хэвтэж байсан сан. Тэгэхэд Буур өвөөгөө дурсаж, тав, зургаан настай байхад нь цэцэрлэгт хүргэн өгч орой нь авдаг байсныг ярьж байж билээ. Мөн Мөөеө багшаа ярьж инээд алдаж байсан. Энэ удаа ч мөн багшийгаа дурсч, ялангуяа заан болдог ерэн таван оны наадмыг ярьсан. “Ерэн таван оны наадмын өмнөх Их сорилгын барилдаанд би Доржсамбуутай барилдаж байгаад мөрөндөө гэмтэл авсан. Тэр жил наадмын бэлтгэл бараг л зодог шуудаг өмсөөгүй. Бүтэн жилийн ерөнхийдөө гайгүй байсан. Мөөеө багш чи зургаа, долоогийн давааг л бод. Би яахав, чамайг тав дээр авчихаж болно байх. Гол нь чи зургаад Сумъяабазартай, долоод Гантогтохтой барилдахаа бод гэж хэлсэн. Үнэхээр хэлсэн ёсоор нь зургаад Сумъяатай, долоод Гантогтохтой тунасан. Тэр хоёртой барилдах сэтгэл зүйг Мөөеө багш наадмын бэлтгэл дээр надад бүрэн суулгаж өгсөн. Аварга гэдэг хүн чинь тийм л байдаг юм билээ” гэдгийг хэлсэн.

“Бөхбилэгт” дэвжээний “Их сорилго”-д улсын арслан, даншгийн дархан аварга Р.Пүрэвдагва, саяхан улсын заан цолны үнэмлэхээ гардаж авсан залуу заан С.Сүхбат, улсын харцага Б.Зоригтбаатар, Ө.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 80 бөх зодоглож, залуу заан С.Сүхбат түрүүлж, аймгийн арслан Э.Мөнхжаргал үзүүрлэн, шөвгийн гурав арслан Р.Пүрэвдагва үлдсэн. Б.Зоригтбаатар харцага Э.Мөнхжаргалд өвдөг шороодсон Мөнхжаргалын хувьд Цагаан сарын барилдаанд аймгийн заан цолтой түрүүлж шуугиан тарьж байсан бөх. Өнгөрөгч жилийн наадмаар дөрвийн даваанд Б.Бат-Өлзий заантай оноолт таарч унасан. Энэ жил начин цолонд хүрэх хамгийн өндөр магадлалтай бөхчүүдийн нэг . Хашаат сумын харьяат С.Сүхбат зааны хувьд түрүү жил аймгийн цолноос шууд улсын харцага болсон. Ялангуяа зургаагийн даваанд залуу заан М.Лхагвагэрэлтэй хүч үзэж уран гоё тонгорох мэхээр давсан. Зааны даваанд түрүү жилийн наадмын түрүү бөх М.Бадарчид унасан юм. Гэвч М.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдаж түүнд унасан бөхчүүд саяхан шинээр цол авсан. Ингээд С.Сүхбат заан болсон, үнсэндээ аймгийн цолноос шууд улсын заан цолонд хүрнэ бөх болчихож байгаа юм.

Наадмын бэлтгэл дээр арслан цолоо хураалгасан шуугианы эзэн М.Бадарч байж байна. Барилдах эрхгүй, үзэгчдийн суудлаа бөхөө харж сууна лээ. Яагаад ч юм нэг л ганцаардангүй харагдсан. Юм гэдэг сонин доо. Өнгөрсөн жил наадмын түрүү бөх болж хүн бүхэн Бадарч руу хуйларч,  зураг хөргөө авахуулж, бэлэг сэлтээ гардуулж, Бадарч шиг олны хүндэтгэлийг хүлээсэн хүн байгаагүй. Архангайн 100 жил болсныг ч хэлэх үү бүх л хүний үг, баярын сэтгэгдэлд Бадарчийн нэр орж, түмний хүрээлэл дунд байсан. Гэтэл ганцхан жилийн дараа тэрээр өнөө арслан цол ч байхгүй, наадмын түрүү ч байхгүй, нутгийнхныхаа дунд ганцаардангуй сууж харагдана. Ийм л хуурамч хорвоо гэх бодол эрхгүй төрснийг нуух юун.

Батцэнгэл сумын уугуул, аймгийн арслан Б.Мэндсайхантай суудал зэрэгцэн хуучилж сүүлийн бөхчүүдийн барилдааныг үзлээ. Манай үеийнхнээс Бумбаяр заан, Шархүүгийн Лхагвасүрэн, Ширмэнгийн Батхуяг, Нэргүйн Түмэннаст гээд начингууд, энэ хэд байна тун эвгүй байлаа даа гэж Мэндсайхан арслан хэлж байна. Мөн өөрийгөө “тэнэг мулгуу амьтан” гэж хэлнэ билээ. Энэ нь улсын цолонд тэртээ ерээд оны эхээр хэдийнэ хүрчих байсан ч тэнэгээсээ болсон гэж толгой сэгсэрч сууна. Мөнгөн арслан миний багш юм, намайг дээш нь татах юм хэлж байсан. Гэвч ухаараагүй. Дэндүү шударга, тэнэг байж. Өвөө минь намайг тийм болгочихсон юм. Миний өвөө Пунцаг гэж Лу гүний хүрээнд шавилж байсан, ясны шударга хүн байсан гэдгийг хэлсэн.

Тэрээр “Сүхбат зааныг энэ жилийн наадмаар дөрөвт үлдэнэ гэж тооцоод байна, түүнийгээ Их сорилгын энэ барилдаанд бүр баталчихлаа. “Гарьд магнай” кинон дээр Далайцэрэнг хэлдэг дээ, энэ хэдхэн хоног ямар айхтар хувираа вэ гэдэг. Түүн шиг Сүхбат сая сүүлийн хэдхэн хоногт айхтар хувирчээ, ёстой нэг лунзайчихжээ. Зоригоо (улсын харцага Зоригтбаатар )бол явна л даа. Гэхдээ бэлтгэл тааруулах хэрэгтэй. Жижигхэн ийм бөхчүүд чинь бэлтгэл хэтэрдэг талтай. Наадмаас дөрөв та хоногийн өмнө бэлтгэлийг шууд зогсоох хэрэгтэй. Хөнгөн гүйлт маягийн юм хийгээд л байж байхад болно. Бэлтгэл хэтэрсэн бөх чинь яг наадмаар тааруухан барилдаад наадмын дараагаас илт сайжраад ир нь ороод ирдэг юм. Юм гэдэг нарийн шүү дээ. Мөнхжаргал жаахан гүйх хэрэгтэй. Хурд дутаад байгаа юм. Гэдэс ихтэй хүн чинь шогшоод л байх хэрэгтэй” гэж нутгийнхаа залуусыг хүн бүр дээр тодотгон хэлж байсан. Мэндээ арслан улсад хэд хэдэн удаа гурав, дөрөв давж байсан бөх. Начны даваанд хоёр удаа тулж ирээд Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар аваргуудад амлуулаад унаж байсан 2001 онд дөрөв даваад тавын даваанд Д.Сумъяабазар аваргад унаж байсан. Наадмын дараа Долгорсүрэн заан таарчихаад “Чи Сумъяаг хүчрэхгүй байхдаа яахав дээ” гэж намайгаа явуулж байж билээ гээд инээд алдсан. Саяхан Бөхийн өргөөнд болсон барилдааны үеэр Баянаа аварга, Долгорсүрэн заан хоёр хуучилж суухад Мэндсайхан арслангийн тухай яригдсан байдаг. “Жоохон юм байхаар нь амлаад авчихсан чинь ёстой аюултай юм байсан, арайхийж нэг дарж авсан” гээд Баянаа аварга хэлтэл Долгорсүрэн заан “Юу ярьж байгаа юм, наадахад чинь би унаж байсан юм шүү” гээд хөхөрч байсан гэдэг. Мэндээ арслангийн хажууд Гүсэмийн Жалаа начин хэлхийж сууна. Тэртээ далан долоон онд Өмнөговийн алдарт Дэмүүл арслангаас улсын начин цол хүртэж Жалаа начин тэргүүт хуучны олон сайхан бөхчүүдтэй наадмын хууч дэлгэж бөхийн өлгий нутаг Архангайнхны сорилго барилдааныг сонирхсоноо товчхон хүргэхэд ийм байна.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Н.Гантулга

Санал болгох

Толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох” хэрэг юун?!

Хоёр сарын өмнө дууссан УИХ-ын 2024 оны сонгуулийн сонин хуучраагүй л байна. Сонгуулийн үеэр салам нүдэлдэж байсан намууд сонгуулийн дараа ялсан МАН-ын засагт орцгоосон. Ингээд нэг ялагчтай сонгуулийн дараа гурван нам нийлээд Засгийн газрыг байгуулсан. Улмаар хамтарсан Засгийн газрын ажлыг эхлүүлэхээр УИХ ээлжит бусаар чуулав. Ээлжит бус чуулганаар мөрийн хөтөлбөрийг баталж, төсөвт тодотгол хийлээ. Гэсэн ч сайд нь шинээрээ, гишүүд нь түүхийгээрээ л байна. Бид бүгдээрээ л харж байна.

2 өдрийн өмнө
Э.Золзаяа: Гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ

Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна

2 өдрийн өмнө
Хоолны хаягдал хөрсөнд хор биш бордоо болдог

Монголчууд хоол хаях нь амны хишигт муу гэлцдэг. Гэвч орчин үед хүмүүс хоносон хоол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас илүүдэл хоолоо шууд хаядаг болсон. Хөдөө орон нутгийхантай адил нохойндоо өгчихнө гэх аргагүй болохоор хоолны хаягдал бусад хогтой хамт хар уутанд ороод хаашаа ч юм алга болдог. Бид тэр хогоо үнэр орж, муудчихна гээд гэртээ удаан байлгадаггүй. Гэтэл тэр бүх хаягдал таны гэрийг биш ч та бидний дэлхийг бохирдуулж байна. 

2 өдрийн өмнө
Н.Тожилсүрэн: Тайга нохой чоныг дийлэх чадалтай

Монголын нохой судлалын холбооны гишүүн, “Хар салхи” тайга нохойн үржлийн газрын үүсгэн байгуулагч Н.Тожилсүрэнтэй ярилцлаа

2 өдрийн өмнө