Мөнгөний бодлогын хүүг 1 хувиар бууруулж, 10 хувь болгов

2024 оны 9 сарын 132024-09-13
Мөнгөний бодлогын хүүг 1 хувиар бууруулж, 10 хувь болгов

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 9 дүгээр сарын 10, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан:

  1. Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох;
  2. Банкуудын төгрөгийн эх үүсвэрийн заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх;
  3. Бодлогын хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +2, -2 нэгж хувьд тогтоож өргөн болгох;
  4. Банкны заавал байлгах нөөц тооцох сууриас хасаж тооцож буй зарим төрлийн эх үүсвэртэй холбогдох шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэлээ.

Жилийн инфляц 2024 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотод 6.2 хувьтай гарав. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэн дотоодын болон импортын бараа, боловсролын үйлчилгээний үнэ хүлээлтээс давж өслөө. Төсвийн тодотголын нөлөөгөөр ирэх онд дотоод эрэлт тэлж, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжилж, худалдааны түнш орнуудын инфляц бага, валютын ханш харьцангуй тогтвортой хадгалагдахаар байгаа тул инфляц дунд хугацаанд зорилтын интервалд тогтворжихоор байна. Гэхдээ өргөн барьсан төсвийн төсөл батлагдаж, томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлж чадахгүй тохиолдолд төлбөрийн тэнцэл, инфляцад дарамт учруулах эрсдэлтэй.

Эдийн засгийн өсөлт 2024 оны эхний хагаст 5.6 хувьтай гарав. Уул уурхай, тээврийн салбарын өсөлт өндөр, өрхийн болон төрийн байгууллагын хэрэглээ эрчимжиж, хөдөө аж ахуйгаас бусад салбарын өсөлт нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэлээ. Нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх төсөөллөөс нэмэгдэж, төсвийн зардал тэлсэн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдахаар байна.

Геополитикийн нөхцөл байдалтай холбоотой суурь эрсдэлүүд хэвээр байна. Геополитикийн эрсдэл, тодорхой бус байдал, ногоон шилжилттэй холбоотойгоор алт, зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдах бол нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах хандлагатай байна.

Инфляц зорилтот интервалд тогтворжихоор байгаа тул санхүүгийн нөхцөлийг сулруулж, дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргалаа.

Банкны салбарын зээлийн өсөлт эрчимжиж, хэрэглээний импортыг урамшуулах, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлэн 10 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.

Зээлийн нийлүүлэлт нэмэгдэж байгаа одоогийн нөхцөлд хүүгийн коридор нарийн байгаа нь мөнгөний захын идэвхжилийг бууруулж, хэлцлийн тоог хязгаарлах нөлөөтэй байгаа тул хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +/-2 нэгж хувийн өргөнтэй болгохоор шийдвэрлэлээ.

Эдгээр багц шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч, Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Санал болгох

SMART Marketing Conference 2024: Илүү хүртээмжтэй, хэрэглээнд ойр

"SMART Marketing Conference" нь Монголын маркетингийн холбооны 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг маркетинг болон бүтээлч салбарынханд зориулсан жилийн хамгийн том арга хэмжээ юм

18 цагийн өмнө
“Инвескор ББСБ” ХК Казахстан Улсад охин компаниа байгууллаа

“Инвескор ББСБ” ХК нь Төв Ази дахь үйл ажиллагаагаа тэлж Казахстан улсад “Инвескор Финанс” охин компаниа байгуулах албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2024 оны есдүгээр сарын 14-нд боллоо.

2 өдрийн өмнө